Австралийн төмрийн хүдрийн баялаг бүсэд гол тоглогч болсон “Рио Тинто”, “BHP Billiton”, FMG гурвын нэгэн төлөөлөл нь төлөвлөгөөгөө өөрчилж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. BHP компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Маккензи төмрийн хүдрийн төсөл бус харин Чили, Перу, өмнөд Австрали, Хойд Америк дахь зэсийн төслүүддээ илүү их хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Тус компани Хятадын гангийн эрэлттэй харьцуулахад зэсийн эрэлт нь илүү байх таамаглалыг дэвшүүлэн ажиллахаар шийдвэрлэжээ. Нөгөөтэйгүүр зэсийн эрэлт ирэх 2018 оноос хойш нийлүүлэлтээсээ өндөр болж мэдэх ажээ. Хэдийгээр хөрөнгө оруулагч, шинжээчид зэсийн зах зээл хуучин шигээ өндөр өсөлттэй байхгүй гэж тайлбарладаг ч төмрийн хүдэр, коксжих нүүрстэй харьцуулахад хүрэн металын хөрөнгө оруулалт нь хавьгүй баталгаатай, ашигтай болох нь тодорхой харагдаж байгаа юм.
Өнгөрсөн санхүүгийн жилд төмрийн хүдрийн төслөөсөө BHP нийт орлогынхоо 34 хувийг бүрдүүлжээ. Гэхдээ тухайн жилд төмрийн хүдрийн дундаж үнэ 103 доллар/тонн байжээ.
Харин одоо төмрийн хүдрийн дундаж үнэ илт буурснаар BHP-гийн хувьд шинэ нүүдэл хийхээс өөр аргагүйд хүрчээ. Он гарсаар төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд 50%-иар буурч нэг тонн нь 70 ам.доллар болоод байгаа юм.
Энэ жилийн байдлаар тус компани
төмрийн хүдрийн олборлолтоо 20 сая тонноор өсгөж 245 сая тонн болгохоор
төлөвлөсөн ч зах зээлийн доогуур үнэ тэдний ашиг орлогыг 20-иос доошгүй хувиар
бууруулах болно гэдгийг шинжээчид тооцоолжээ.
Б.Төгс