Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ сүүлийн 6 жилийн хамгийн доод үнэдээ хүрлээ. Өчигдөр оройн арилжаагаар нэгж хувьцааны үнэ бараг 7% унаж, 2.81 ам.доллараар хаагдсан бөгөөд доод үнэ нь 2.75 ам.доллар болтлоо буурав. Энэ нь 2009 оны нэгдүгээр сараас хойш хамгийн бага үнэ болж байгаа бөгөөд “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн ханштай дүйж очжээ. 2011 оны 3 дугаар сард нэг хувьцааны үнэ нь 28.55 ам.доллар болсон нь хамгийн өндөр үнэ бөгөөд түүнээс хойш тогтмол буурч байгаа юм. Мөн өдөр 2.1 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан нь сүүлийн нэг жилийн өдрийн дундаж арилжааны хэмжээнээс бага хэмжээтэй байгаа юм.
Сүүлийн 2 сарын хугацаанд зэсийн үнэ 5 орчим хувиар буурсан бол “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ 21%-иар унаад байна. Шинжээчдийн зүгээс тус компанийн хувьцааны үнийн таамгийг ч тодорхой хэмжээгээр бууруулж байгаа аж.
Шинжээчид зэсийн үнэ тогтвортой байгаа, “Оюутолгой” төслийн 2014 оны 3 дугаар улирлын орлого өмнөх оны мөн үеэс 2877% өссөн зэрэг эерэг мэдээлэлтэй орчинд “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны ханшийн уналтыг “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт шийдэгдэхгүй удааширч байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Дашрамд дурдахад өнгөрсөн 7 хоногийн сүүлээр “Рио Тинто”-гийн Зэсийн группын захирал Жан Себиастиан Жак Улаанбаатарт ирж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Монгол улсын сайд М.Энхсайхантай уулзалт хийсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Уулзалтын үр дүн, цаашид хэрхэх талаар албаны хүмүүс албан ёсны мэдээлэл гаргаагүй байна.
С.Болд-Эрдэнэ