Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалтын дүнг өнөөдөр гаргажээ. Өнөөдөр хуралдсан Ажлын хэсгийн хуралдаанаар Техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан Хятад, Япон, Монголын “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо”, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл болон “Пибоди Энержи” компанийн Санхүүгийн саналын үнэлгээг Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.
Үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлийг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар шалгаруулсаныг албан ёсоор зарлажээ. Шалгарсан хөрөнгө оруулагч тал Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулан, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд ордыг өмчлөх эрх Монголын төрд хэвээр хадгалагдан үлдэх юм.
Ингэснээр “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэлтэй Тавантолгойн ордод “Хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ” байгуулах хэлэлцээр эхлэх боломжтой болох юм.
С.Болд-Эрдэнэ