2010 оноос хойш анх удаа дэлхийн зах зээл дэх ураны үнэ нэмэгдэж байна. 2014 оны 5 дугаар сард 1 фунт ураны үнэ 28 ам.доллар байсан нь ердөө 7 сарын хугацаанд 57%-иар өсчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 12 дугаар сард дэлхийн зах зээл дээр 1 фунт ураны үнэ 40.50 ам.долларт хүрсэн юм.
Үнэ өсөх болсон гол шалтгаан нь Япон улс 2015 онд атомын цахилгаан станц дахин ашиглаж эхэлнэ гэсэн мэдээлэлтэй холбоотой аж. Үүнээс гадна БНХАУ-ын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн олон улсын шинжээчид тайлбарлаж буй. Тус улс 2020 он гэхэд атомын эрчим хүчний үйлдвэрлэлээ 3 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай Олон улсын атомын энергийн агентлагийн тайланд дурдсан байна. Тайланд бичигдсэнээр өнөөдөр дэлхийн 13 оронд атомын эрчим хүчний 60 үйлдвэр байгуулагдаж байгаагаас ихэнх нь Хятад улсад ногдож байгаа аж.
2015 оны 1 дүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар ураны үнэ 35 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ үнэ төдийлөн өөрчлөгдөхгүй гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлжээ.
Э.Од