ҮСХ-ны мэдээллээр 2014 онд Монгол улсын гадаад худалдаа 537.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт 5 тэрбум 774 сая доллар болж, өмнөх оныхоос 35.3% өссөн бол импорт 5 тэрбум 236 сая доллар болж, 17.6% буурчээ.
Зэс, нүүрс, газрын тос, төмрийн
хүдэр, алтны экспорт 4.9 тэрбум доллар болж, нийт экспортын 85%-ийг бүрдүүлж
байна. 2013 оны дээрх 5 ашигт малтмалын экспорт 3.55 тэрбум доллар болж, нийт
экспортын 83.1%-ийг
бүрдүүлж байжээ.
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.1 дахин нэмэгдэж, 1 сая 378.1
мянган тонн болсон бол үнийн дүн нь 2.7
дахин нэмэгдэж, 2 тэрбум 573 сая доллар болсон байна. Зэсийн экспорт нийт
экспортын 44.5%-ийг ганцаараа
бүрдүүлжээ. 2013 онд уг үзүүлэлт 22.2%-тай
байсан юм.
Нүүрсний экспортын биет хэмжээ 6.1%-иар нэмэгдэж, 19.5 сая тонн болсон бол экспортын орлого 24.3% буюу 373 сая
доллараар буурч, 849 сая доллар болжээ. Нүүрсний экспорт нийт экспортын 14.7%-ийг бүрдүүлж
байна. 2013 онд нүүрсний экспорт 26.2%-ийг
бүрдүүлж, экспортын хамгийн том салбар болж байв.
Газрын тосны экспортын биет хэмжээ 31.3% буюу 1.6 сая баррелиар нэмэгдэж, 6.9 сая баррель болсон
бол экспортын орлого 23.1%-иар
нэмэгдэж, 634.6 сая долларт хүрчээ. Газрын тосны экспорт нийт экспортын 10.9%-ийг бүрдүүлж
байна. 2013 онд уг үзүүлэлт 12%-тай
байв.
Төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 91 мянган тонноор ялимгүй буурч, 6.3
сая тонн болсон бол экспортын орлого 31.8% буюу 207
сая доллараар буурч 446 сая доллар болжээ. Төмрийн хүдрийн экспорт нийт экспортын
7.7%-ийг бүрдүүлжээ. 2013
онд 15%-ийг
бүрдүүлж байв.
Алтны экспорт 2.4 тонноор нэмэгдэж, 10 тонн болсон бол
экспортын орлого 95.4 сая доллараар нэмэгдэж, 405.2 сая доллар болсон байна. Алтны
экспорт нийт экспортын 7%-ийг
бүрдүүлж байгаа юм.
С.Болд-Эрдэнэ