Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг авч эхэлнэ

Ашигт малтмалын газар энэ сарын 26-наас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч эхлэхээр болжээ. Эхний ээлжинд Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийш хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа хэмээн Ашигт малтмалын газраас мэдээллээ. Тусгай зөвшөөрлийг олгохдоо Монгол улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан эмх цэгцтэй олгох бодлого баримталж байгаа аж.

Нийтдээ хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол улсын нутаг дэвсгэрийн 19.9% буюу 31 сая га талбайд олгох юм байна. Үүнээс нутаг дэвсгэрийн 13.4% буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар, 6.5% буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох ажээ. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон буюу хязгаарласан талбай нутаг дэвсгэрийн 71.5% хувийг эзэлж байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 1-нд УИХ-аар батлагдаж, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоосон билээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааг “нэг цонх”-ны үйлчилгээнд шилжүүлж, өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгох юм байна.


С.Болд