“Оюутолгой” компани өнгөрсөн 2014 оны 4 дүгээр улиралд 50300 тонн зэс, 278 мянган унц алт үйлдвэрлэсэн нь мөн оны 3 дугаар улирлынхтай харьцуулахад зэсийн бүтээмж бараг 40%-иар, алтных 110% дээшилсэн үзүүлэлттэй гарчээ. Ийнхүү бүтээмж нэмэгдэхэд уурхайн хүдрийн агуулга нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Хэдийгээр өнгөрсөн 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрт гал гарсан ч бүтээмжээ нэмэгдүүлж чадсанаа тус компани онцлон тэмдэглэсэн байна. Баяжуулах үйлдвэрт гал гарснаас үүдсэн эвдрэлийг энэ сарын 2-нд бүрэн засварлаж, үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах болсныг мөн мэдээлсэн байна.
Өнгөрсөн улиралд Оюутолгойн баяжмалын борлуулалт мөн адил сайн байж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээнээс давсан учир агуулах нөөцийн хэмжээ ч төлөвлөснөөс багасчээ.
2014 оны 4 дүгээр улирлын байдлаар тус компанийн баяжмалын үйлдвэрлэл өнгөрсөн 3 дугаар улирлынхаасаа 39.2%-иар өсч, 186.7 мянган тонн баяжмал, 2014 оны нийт үзүүлэлтээр дунджаар 26.3%-ийн зэсийн агуулгатай 563.6 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн дүн гарчээ. Харин өнгөрсөн 2014 оны үйлдвэрлэлийг баяжмалд агуулагдах металын хэмжээгээр авч үзвэл нийтдээ 148.4 мянган тонн зэс, 589 мянган унц алт, 893 мянган унц мөнгө үйлдвэрлэжээ. Харин борлуулалт мөн онд үйлдвэрлэлээс хавьгүй давуу байж 185.8 мянган тонн зэс, 561 мянган унц алт, нэг сая 93 мянган унц мөнгө борлуулжээ.
Түүнчлэн 2014 оны сүүлийн улиралд “Оюутолгой”
компанийн баяжуулах үйлдвэрийн зэсийн метал авалтын түвшин дунджаар 90.7%-д
хүрчээ. Мөн оны эхний хоёр улиралд уг үзүүлэлт 87.6-87.9% байсан бол 3 дугаар
улиралд 89.3%-д хүрч байжээ. Харин алтны метал авалтын түвшин өнгөрсөн оны 4
дүгээр улиралд 78.6%, мөнгөнийх 71.6%-тай гарчээ.
Ийнхүү үйлдвэрийн метал авалтын түвшин нэмэгдсэн нь уурхайн хүдрийн агуулга дээшилсэнтэй холбоотой ажээ. Тухайлбал, хүдэр дэх зэсийн агуулга өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 0.74%, алтных 1.46 гр/тн, мөнгөнийх 1.65 гр/тн байв. Энэ нь хүдрийн агуулгын хувьд мөн оны 3 дугаар улирлынхтай харьцуулахад зэсийнх 25.4%-иар, алтных 82.5%-иар, мөнгөнийх 0.6%-иар тус тус өссөн дүн болохыг тус компани мэдээлсэн байна.
“Оюутолгой” компани энэ онд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж тооцоолжээ.
Тус компанийн 2014 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн мэдээ цацагдмагц өчигдөр Торонтогийн бирж дээр тус компанийн хувьцаа (TSE:TRQ) 3.28-3.41 канад доллар хүрч ханш нь өссөн бөгөөд хаалтын арилжаагаар 3.31 доллар болжээ.