Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Професи”-ийн Зэлтэрийн замын судалгааг хүлээн авлаа

Сэлэнгэ аймагт орших Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Професи Девелопмэнт” компани өчигдөр уг ордоос Зэлтэрийн боомт хүртэлх 17 км замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хянан хүлээн авсан тухай мэдээллээ. Уг судалгааг Монголын Зам, тээврийн яамны 16 дугаар тогтоолоор хүлээн авсныг тус компанийн мэдээнд тэмдэглэжээ.

Өнгөрсөн оны 9 дүгээр сард Боомтын үндэсний зөвлөл Зэлтэрийн боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан байна.

Торонтогийн биржид бүртгэлтэй (TSE:PCY) “Професи” компани энэ сарын 5-нд хуучин “Професи Коал” нэрээ “Професи Девелопмент” болгож өөрчилж буйгаа зарласан юм.

Тус компани Зэлтэрийн боомтоор нүүрсээ Орос руу шууд нийлүүлэх боломжийг нээх хүрээнд уурхайн хэсэгт гаалийн үзлэг, бүрдүүлэлтийн хэсэг байгуулахаар Монголын Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.

Улаан-Овоогийн ордод ойролцоогоор 200 сая тонн нүүрсний нөөц илрүүлсэн бөгөөд нүүрсний чанарын хувьд 5000 ккал/кг илчлэгтэй, үнслэг 10%, хүхэрлэг 1%-тай гарчээ.

Орд нь Монгол-Оросын хилтэй хаяа дэрлэн оршиж буйн сацуу Оросын талд олон боломжит хэрэглэгч байгааг “Професи” олж харжээ. Өнгөрсөн онуудад тус компани Орос руу багахан хэмжээний нүүрс нийлүүлсэн туршлагатай бөгөөд энэ жил уурхайгаас 300-400 мянган тонн бүтээгдэхүүн олборлохоор төлөвлөжээ.


Б.Төгс