Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” төмрийн хүдрийн олборлолтоо 11%-иар өсгөв

Хэдийгээр өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ дэлхийн эрдсийн зах зээлд 50%-иар унаж нэг тонн нь 70 ам.доллар хүрэхгүй болтлоо буурсан ч ”Рио Тинто”-гийн олборлолт эсрэгээрээ нэмэгджээ. Тус компани энэ онд ч мөн олборлолтоо багагүй хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Шинжээчид төмрийн хүдрийн үнэ зах зээлд шалдаа буусан шалтгааныг “Рио Тинто”, BHP, FMG зэрэг компанийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр хэт хөөцөлдсөний хар гай гэж тайлбарлаж буй ч “Рио Тинто” үүнийг үл тоомсорлосоор байгаа тухай олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байна. “Рио Тинто” өнгөрсөн онд 2013 оныхоос 11%-иар ахиу буюу нийтдээ 295.4 сая тонн төмрийн хүдэр олборлосон бол энэ онд Австралийн Пилбара дахь ордуудаасаа 330 сая тонныг олборлохоор төлөвлөснөөс энэ нь илэрхий харагдана. Олборлолт нэмэгдэхийн хэрээр компани нэг тонн бүтээгдэхүүн тутамд ногдох зардлаа тэр хэмжээгээр бууруулах тул Сэм Уолш зах зээлд төмрийн хүдрийн үнэ унахаас төдийлөн айхгүй байгаа бололтой.

Өнгөрсөн онд ийнхүү “Рио Тинто”-гийн олборлолт тус компанийн төлөвлөснөөс ялимгүй хэмжээгээр ахиу байсан бол борлуулалт бүтээмжээс нь давж, 302.6 сая тоннд хүрчээ. Энэ нь 2013 оны борлуулалтын түвшнээс даруй 17%-иар өндөр үзүүлэлт ажээ.

“Рио Тинто” ийнхүү борлуулалтаа сайжруулахын хэрээр хувьцаа эзэмшигчдэдээ олгох ногдол ашгийн хэмжээгээ ихэсгэж чадахаар болж буй юм.

Төмрийн хүдрийн үнэ зах зээлд буурах тусам Хятадын дотоодын үр ашиг муутай төмрийн хүдрийн уурхайнууд ажиллахад улам бүр хүндрэлтэй болж, улмаар “Рио Тинто”, BHP зэрэг томоохон тоглогчдын бүтээгдэхүүнд ашигтай нөхцөл бүрдэж мэдэхээр байна.

“Рио Тинто” ч үүнийг маш сайн тооцсон юм шиг олборлолтоо итгэлтэй нь аргагүй нэмэгдүүлэхээр зах зээлийн таагүй нөхцөл байдлыг ажралгүй ажиллаж байна.

Эрдсийн судалгааны олон улсын байгууллагууд төмрийн хүдрийн үнэ энэ онд ерөнхийдөө 70 ам.доллар/тонн-оос нэг их дээшлэхгүй гэсэн таамгийг дэвшүүлж буй юм. Хамгийн сүүлд “Citigroup төмрийн хүдрийн энэ оны үнийн урьдчилсан таамгаа 65-58 ам.доллар/тонн, коксжих нүүрснийхийг 113 ам.доллар/тонн болгож бууруулжээ.


Б.Төгс