ОХУ-ын Забайкалийн хязгаар нутагт CTL буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь тус улс дахь анхны үйлдвэр болох юм. Төслийн нийт өртөг 2 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд үйлдвэрийн ТЭЗҮ-ийг ирэх 4 дүгээр сараас хийж эхлэх аж. Төслийг хэрэгжүүлэх Приаргунскийн уулын химийн үйлдвэрлэлийн нэгдэлд ураны “Атомредметзолото” холдинг багтдаг байна.
Тус нэгдлийн Ерөнхий захирал Сергей Шурыгины мэдэгдэж буйгаар, төслийн явц үйлдвэрийг түшиглэн байгуулах нүүрсний ордыг сонгох шатандаа явж байгаа гэнэ. Тэрээр “Уртуйскийн ордод 15 жил ашиглах нүүрсний нөөц үлдсэн. Өөр нэг хувилбар нь Орос-Хятадын хилийн ойролцоо Богдановка дахь нүүрсний орд юм. Эл ордын нүүрсний чанарын мэдээлэл одоогоор ирээгүй байна. Харанорскийн нүүрсний ордын нөөцийг ч судалж байна” хэмээн ярьжээ.
Жилд 500 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг Хятадын нүүрс шингэрүүлэх технологиор байгуулах аж. Үйлдвэрийн барилгын ажлыг 2016 онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөлд “Sinopec”, “China National Machinery Import&Export Corp”, “Synfuels China” болон “GR Project Management Co” зэрэг Хятадын томоохон компаниуд хамтран ажиллах, оролцох сонирхлоо илэрхийлсэн байна. Приаргунскийн уулын химийн үйлдвэрлэлийн нэгдэл нь 1968 онд байгуулагдсан. Гол хувьцаа эзэмшигчид нь “Росатом”, “Атомредметзолото” бөгөөд нэгдлийн бүрэлдэхүүнд 20 гаруй компани багтдаг. 2014 онд ойролцоогоор 1.9 мянган тонн уран үйлдвэрлэжээ.
Э.Од