Оросын РЖД компани төмөр замын экспортын тээврийн үнээ 13.4%, нийт индексжүүлэлтээ 10%-иар нэмэгдүүлэхээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд шийдвэрлэсэн билээ. Шинэ тарифыг 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөх аж.
Төмөр замын экспортын тээврийн үнэ ийнхүү 23.4%-иар нэмэгдэх болсныг Оросын экспортын томоохон компаниуд эсэргүүцэж байгаа юм. Үүний үр дүнд эрдсийн бордоо болон нүүрсний экспортын төмөр замын тээврийн үнийг 1.4%-иар нэмэгдүүлэхээр РЖД компанийн удирдлагууд хэлэлцэж байна. Гэхдээ одоогоор тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа. Дэлхийн зах зээл дээр эрдсийн ханш унаж байгаа энэ үед төмөр замын тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх нь экспортын хэмжээг бууруулна гэж уул уурхайн экспортлогч компаниуд үзэж байна.
РЖД компанийн 2014 оны нийт тээврийн 25.6%-ийг 315 сая тонн нүүрс, 4%-ийг 49 сая тонн бордоо тус тус эзэлжээ. Үүнээс дийлэнх нь экспортод гардаг бөгөөд компанийн зүгээс тодорхой тоо мэдээлэхээс татгалзсан байна. Оросын Холбооны гаалийн албаны мэдээллээр 2014 оны 1-11 дүгээр сард нийт 138.5 сая тонн нүүрс, 27.5 сая тонн бордоо төмөр замаар экспортод гаргажээ. РЖД-ийн гол экспортлогчид нь нүүрсний “Мечел”, СУЭК, хөнгөн цагааны “Русал” компаниуд юм.
Э.Од