Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн ханш 5369 долларт хүрч буулаа

Зэсийн ханш ойрын 5 жил хагасын хугацаан дахь хамгийн доод цэгтээ хүрлээ хэмээн хэвлэлүүдээр шуугиж байгаа билээ. Гэвч зэсийн үнэ нэмж буурсаар байна. Өчигдрийн байдлаар нэг тонн зэсийн үнийн хувьд Лондоны металын бирж дээр гурван сарын гэрээт нөхцөлтэй худалдааны хаалтын ханш нь 5369 ам.доллар, шууд худалдааны үнэ нь 5390 ам.долларт хүрч буурчээ. Түүнчлэн тус бирж дээрх зэсийн агуулах дахь нөөц нэмэгдэж 247450 тоннд хүрчээ. Ийнхүү нөөц нэмэгдэж, үнэ буурсаар байна. Үнэ буурсаар байгаагийн шалтгаан нь Хятадын зэсийн эрэлт буурах мэдээлэлтэй холбоотой байсан. Гэвч өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Холбооны нөөц тус улсын эдийн засаг ажлын байрны үзүүлэлт сайжирч буйн нөлөөгөөр жигд хэмнэлээр өсч байгааг тайлбарласан ч, зээлийн хүүгээ өсгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Гэхдээ ирэх 6 дугаар сар хүртэл зээлийн хүүг өсгөхгүй ажээ. Холбооны нөөцийн мэдэгдэл зах зээлд тийм ч сайнгүй мэдээлэл байсан бол өнгөрсөн ням гаригт Грекийн сонгуульд ялалт байгуулсан Сириза намын Засгийн газар энэ өдөр мөн л таагүйхэн мэдээлэл хийжээ. Тус улсад хэрэгжүүлж буй эдийн засгийн хатуу бодлогыг халах болсноо Засгийн газар лхагва гаригт тодорхой мэдээлжээ. Одоо Грекийн Засгийн газрын бонд 2013 оны 7 дугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн өндөр хүүтэй буюу 11%-д хүрчээ. Грек олон улсын зээлдэгчдээс авсан 240 тэрбум еврогийн өрөө төлж чадах эсэх нь эргэлзээтэй боллоо гэсэн айдас бий болоод байна.

Уг нь Хятад улсын нөөцийн хороо энэ жил 200 мянган тонн цэвэр зэс олон улсын зах зээлээс худалдаж авахаар төлөвлөж буй гэсэн мэдээлэл цацагдсан ч зэсийн үнэ төдийлөн өссөнгүй.

Нэг тонн зэсийн шууд худалдааны  үнэ он гарсаар буюу ердөө сар хүрэхгүй хугацаанд 14.5%-иар буурч, 6309-5390 ам.доллар болжээ. Харин Лондоны металын бирж дэх зэсийн нөөц 40%-иар өсөөд байна. Дэлхийн зах зээлд зөвхөн зэс төдийгүй никель, хөнгөн цагаан, цайр, цагаан тугалгын үнэ бүгд тодорхой хувиар буурчээ. 


Б.Төгс