Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт салбарын чиг үүрэг бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний холбоодын төлөөллөөс бүрдсэн Бодлогын зөвлөлтэй болох талаар тусгасан.
Өнгөрсөн оны долдугаар сард баталсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу уг Бодлогын зөвлөлийг Уул уурхайн яамны дэргэд байгуулж, өдгөө 35 гишүүнтэйгээр ажиллаж байна.
Бодлогын зөвлөлийн даргаар Уул уурхайн сайд Р.Жигжид, орлогчоор нь Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа ажиллаж, бүрэлдэхүүнд нь тус яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, Түлшний бодлогын хэлтэс, Газрын тосны газар, Ашигт малтмалын газрын дарга нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа юм.
Мөн Бодлогын зөвлөлийн гишүүнээр Монголын Геологи, уул уурхайн мэргэжлийн институт, МУУҮА, Монголын экспортлогчдын холбоо, Газрын ховор, элементийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Уул уурхайн хүрээлэн, Геологи, эрдэс баялгийн хүрээлэн зэрэг мэргэжлийн холбоод, их сургуулийн удирдлагууд ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн оны аравдугаар сард Бодлогын зөвлөл эхний хурлаа хийж, журмаа баталснаас хойш Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэх үзүүлэх, дунд болон урт хугацааны хөтөлбөрүүд, салбарын гол хуулиудын төслийг бэлтгэн боловсруулж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, бодлогын чанартай болон хууль эрх зүйн өөрчлөлт болон шинээр боловсруулах төслүүдийг Бодлогын зөвлөлөөрөө хэлэлцээд дараа нь Засгийн газар, УИХ-д оруулдаг журам руу шилжсэн. Тус зөвлөлөөр боловсруулж, УИХ-ын хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэж буй эхний хууль нь Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль юм.
Г.Идэрхангай