Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Монгол нүүрсний экспортын үнэ доогуур байна

Монголын коксжих нүүрсний экспортын хилийн үнэ улам бүр багассаар байна. Энэ сарын эхний байдлаар Сэхээ боомт дээрх коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 280 юань хүрч доошилжээ. Сүүлийн сар гаруй хугацаанд үнэ доод түвшиндээ хүрч буугаад байгаа бөгөөд өсөх магадлал тун бага байна.

Мөн энэ сарын 1-нээс эхлэн Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо төмөр замын тээврийн тарифыг нэмэгдүүлж буйгаа мэдээллээ. Үүнд нүүрсний төмөр замын тээврийн үндсэн тариф тонн тутамд 15.5-16.3 юань, ашиглалтын үнэ 0.089-0.098 юань/км болж нэмэгдэж буйг тэмдэглэжээ. Энэ нь Хятадын дотоодын нүүрсний компаниудын хүнд даацын машинаар бүтээгдэхүүнээ тээвэрлэх байдлыг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улсад авто замаар нүүрс тээвэрлэх хязгаарлалтуудыг цуцалснаас гадна түлшний үнэ буурч байгаагаас үүдэн хүнд даацын машинаар нүүрс тээвэрлэх нь илүү хямд сонголт болжээ.

2012 оноос хойш тус улсын Засгийн газар үндсэндээ дөрөв дэх удаагаа төмөр замын тээврийн үнэ тарифыг нэмж буй нь энэ ажээ. Өнгөрсөн оны эхээр Хятад улс нүүрсний тээвэрлэлтэд үндсэн тарифаа тонн тутамд 13.8-15.5 юань, ашиглалтын үнийг 0.0753-0.089 юань/км болгож нэмэгдүүлж байсан юм.

Daqin, Jingyuan, Fengshada төмөр замын шугамыг эзэмшдэг Daqin Railway корпорацийн орлого энэхүү шийдвэрээс үүдэн, энэ жил 2.41 тэрбум юаниар нэмэгдэхээр байгаа ажээ.

Шанси болон Өвөр Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд нүүрсээ төмөр замаар эргийн боомт хүргэж тээвэрлэхэд нэг тонн тутамд 6-10 юань нэмж төлөх шаардлагатай болж буйг шинжээчид тооцон гаргажээ.


Б.Төгс