Аж үйлдвэрийн яамнаас үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх зорилтын хүрээнд паркт шинэ техник, технологи нэвтрүүлэх, экспортын болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, паркийг кластераар хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасны дагуу Эрдэнэт, Дарханы үйлдвэр технологийн паркийн удирдлагуудтай байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Гэрээнд гарын үсэг ёслолын ажиллагаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баттогтох, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, Чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн ТУЗ-ийн дарга Г.Сэргэлэн, Дархан үйлдвэрлэл, технологийн паркийн ТУЗ-ын дарга М.Ганбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Гэрээний төслийг Засгийн газрын 2011 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай журам”-ын дагуу боловсруулж, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Аж үйлдвэрийн яамны зүгээс цаашид хамтын итгэлцэлд тулгуурласан, нэг, нэгнийгээ нөхсөн, зохион байгуулалттай үйлдвэрлэлийн цогцолбор болж хөгжих үндсэн дээр өнөөдөр талууд гэрээнд гарын зурсан гэж ойлгож байна. Гэрээний хугацаа нэг жил. Нэг жилийн хугацаанд Орхон, Дархан-Уул аймгууд тэнд ажиллаж байгаа аж үйлдвэрийн бүх салбаруудыг дэд бүтэц, хамтын ажиллагаа, нөхөн үйлдвэрлэлийг хангахын тулд зөв, зохистой, шуурхай арга хэмжээ авч, зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн Эрдэнэт, үйлдвэрлэл, технологийн паркийн ТУЗ-ын дарга Г.Сэргэлэн “Хэдийгээр хууль 2009 онд батлагдсан боловч зургаан жилийн нүүр үзсэний эцэст өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид зүгээр суусангүй. Ялангуяа орон нутгийн удирдлагын зүгээс манай паркийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тодорхой ажлуудыг хийсэн” хэмээн ярьлаа.
УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоолоор “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталснаар үйлдвэрлэл, технологийн парк байгуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. Түүнчлэн УИХ-аас 2009 онд “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай” хуулийг баталсан нь үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, түүний удирдлага, нэгжийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг тодорхойлж өгсөн байдаг юм.
Дашрамд дурьдахад өнөөдөр 12.00 цагт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат УИХ-ын дарга З.Энхболдод “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын төсөл”-ийг өргөн барих юм. Цаашид Монгол Улсад үйлдвэр хөгжихөд ямар бодлогыг ямар үе гат дараалалтай бодлого барих талаар энэхүү төсөлд тусгажээ.
Г.Идэрхангай