Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2014 оны үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр мэдээллээ. Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд “Рио Тинто” компани 6.53 орчим тэрбум долларын цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оны үзүүлэлтээ 78%-иар ахиулж чаджээ. Мөн тус компани хувьцаа эзэмшигчдэдээ олгох ногдол ашгийн хэмжээгээ өнгөрсөн оныхоос 12%-иар ахиулж, нэгж хувьцаа бүрт 215 ам.цент болгожээ. “Рио Тинто”-гийн хувьд өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд буурснаас үүдэн хувьцааных нь үнэ унаад байгаа. Иймд энэ онд нийтдээ 2 тэрбум долларыг компанийнхаа хувьцааг буцаан худалдаж авах үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөжээ. Хэдийгээр төмрийн хүдрийн үнийн бууралт компанийн ашиг илүү өндөр байх боломжийг хумисан ч тус компанийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх болон санхүүгийн арвич бодлогын дүнд зах зээлийн таагүй нөхцөл байдалд ганхахгүй гэдэгт "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш итгэлтэй байгаа юм. “Рио Тинто” компани энэ онд тоног төхөөрөмжийн зардлыг харьцангуй хэмнэлттэй буюу 7 тэрбум доллар байлгах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх тооцооллоос 750 сая доллараар бага дүн юм. 2016, 2017 онд зардлыг энэ хэмжээнд хэвээр хадгалах ажээ.
Тус компанийн нийт өрийн хэмжээ 2014 онд 12.5 тэрбум орчим ам.доллар байсан нь өнгөрсөн оныхоосоо 31%-иар буурсан үзүүлэлт ажээ.
Гэхдээ өнгөрсөн онд тус компанийн борлуулалтын хэмжээ нийтдээ 47.7 тэрбум долларт хүрсэн нь 2013 оныхоос 3.5 орчим тэрбум доллараар бага дүн болохыг тайланд тэмдэглэжээ. Үүнд борлуулалтын бүтээгдэхүүний үнийн бууралт голлон нөлөөлсөн ч борлуулах бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлснээр түүхий эдийн ханш муудсанаас үүссэн хохирлын зарим хэсгийг хумиж чаджээ.
Оюутолгойн бүтээгдэхүүний борлуулалт
өнгөрсөн онд нийтдээ 1 тэрбум 736 сая долларт хүрсэн бөгөөд худалдааны хэмжээ
бүтээгдэхүүний гарцаас давсныг тайланд тэмдэглэжээ.
Б.Төгс