Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Сэм Уолш: “Оюутолгой”-н 50.1% бидэнд хангалттай

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш, Оюутолгойн төрийн эзэмшлийн хувийг худалдаж, оронд нь нэмэлт роялти авах тухай Монголын Засгийн газрын саналын талаар өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тэрбээр Монголын Засгийн газрын саналын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж ярилцсан бөгөөд төслийн эзэмшлээ нэмэгдүүлэх сонирхолгүй байгаагаа тодорхой хэлсэн. Манай компани төслийн хөрөнгө оруулалтад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд компанийнхаа төсөлд эзэмшиж буй одоогийн хувь хэмжээндээ сэтгэл хангалуун байгаагаа тэрбээр тэмдэглэжээ. Тус компани “Оюутолгой” төсөлд “Turquoise Hill Resources” дахь хяналтын багцаараа дамжуулан 50.1%-ийг  эзэмшиж буй юм.

“Рио Тинто” компани саяхан 2014 оны тайлангаа мэдээлсэн бөгөөд цаашид зардлаа танаж, арвилан хэмнэлтийн бодлого баримталж ажиллахаа тэмдэглэсэн юм.

Мөн Сэм Уолш, манай компани хамгийн сүүлийн сайн саналаа Монголын Засгийн газарт өнгөрсөн 11 дүгээр сард хүргүүлснийг одоо судалж байгаа. Хоёр тал удахгүй харилцан тохиролцож, төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг оны сүүлээр эхлүүлнэ гэж найдаж байгаагаа хэлжээ.

“Рио Тинто” компани АНУ дахь 55%-ийн эзэмшил бүхий Resolution хэмээх зэсийн томоохон төслийг хэрэгжүүлэхээр газрын зөвшөөрлөө авах шатандаа буй юм. Аризонад орших 6 тэрбум долларын төсөв бүхий уг төслийг тус компани BHP-тэй хамтран хэрэгжүүлж буй бөгөөд ордын хэсэгт 1.62 тэрбум тонн 1.47%-ийн зэс, 0.037%-ийн молибден бүхий хүдрийн таамаг нөөц буй гэж тооцжээ. Тус орд ашиглалтад орсноор дэвшилтэт технологид хэрэглэгддэг ховор метал ренигийн АНУ-ын үйлдвэрлэл 200%-иар нэмэгдэх тооцоо гарчээ. Энэ жил төслийн байгаль орчны тайланг хийж эхлэх төлөвтэй байна.  Уг орд Хойд Америкт хамгийн том зэсийн ордод тооцогдож байна.

“Рио Тинто”-гийн зэсийн бизнесээ өргөжүүлэх сонголтод Оюутолгойн далд уурхай, Resolution, Перу дэх La Granja орд багтаж буй бөгөөд эдгээр нь бүгд холбогдох зөвшөөрлөө авахаар хүлээгдэж буй тухай тус компанийн 2014 оны тайланд дурджээ.

“Рио Тинто” компани энэ онд 500-535 мянган тонн зэс олборлож, 190-220 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ нь 2013, 2014 оны үзүүлэлтээс доогуур дүн юм.


Б.Төгс