Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Монголын мега төслүүд

Н.Ариун

Монгол улс анх удаа “Мега төслийн форум” зохион байгуулав. Олон олон асуудал хөндсөн тэрхүү форумаас MMJ доорх асуудлуудыг онцолж байна. М.Энхсайхан Сайд “Мега төслийн форум” дээр уул уурхайн төсөл дээр мега төслийн онцлогуудыг тодруулж ярихдаа, Монголд 9 асуудалд зайлшгүй анхаарал төвлөрүүлэх ёстойг онцолсон юм. Тэрхүү 9 асуудал юу болохыг Монгол дахь төслүүд буюу Оюутолгой, өнөөдөр хэлэлцээр хийж байгаа Тавантолгой төсөл дээр тогтож ярьсныг түүний хэлснээр хүргэе. Мөн “Мега төслийн форум” дээр хэд хэдэн төслийн танилцуулга хийгдсэн. Оюутолгой, Тавантолгойгоос гадна мега гэсэн тодотголд багтах ямар төслүүд Монголд байгааг “Мега төслийн форум дээр танилцуулснаар хүргэе. Эдгээр нь голдуу эрчим хүчний төслүүд байсан юм.       

М.Энхсайхан:  Монголчуудын анхаарал төвлөрүүлэх ёстой 9 асуудал

“Нэгдүгээрт,  уул уурхайн мега төслүүд хоорондоо ижил байдаггүй. Учир нь уул уурхайн орд газар, хүдрийн биетийн геологийн судалгаа хэзээ ч ижилхэн байдаггүй учир бүх төсөл өөр өөр байдаг. “Оюутолгой” төсөл дээр манайхны зөв буруу ярьж байгаа алдааг би хэлмээр байна. “Оюутолгой” гэж том төсөл эхлэхдээ ил уурхай дээр ТЭЗҮ хийгдсэн. Бусад 5 биет дээр таамаг нөөц, урьдчилсан судалгаанууд хийгдэж энэ төсөл эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ нь ил уурхай дээр хийгдсэн учраас дараа дараагийн үе шат руу орохын тулд газрын дор байгаа биетүүд рүүгээ ТЭЗҮ-ийн нэмэлт боловсруулалт хийгдэх ёстой. Тэгж ч хийгддэг. Энэ бол уул уурхайн мега төслийн онцлог юм. Харамсалтай нь бид ТЭЗҮ нэг л удаа хийгдэх юм шиг буруу ойлгосон. Иймээс бид уул уурхайн мега төслийн учрыг зөв буруу ойлгоод байна уу гэж санаа зовсондоо би энэ асуудлыг хөндөж байна.

Хоёрдугаарт, уул уурхайн салбар асар өндөр зардалтайг бид ойлгох ёстой. Урт удаан хугацаанд эрэл, хайгуул хийдэг. Энэ нь эрсдэлтэй бөгөөд асар их өртөгтэй. Барилгын үе шатанд асар их хөрөнгө оруулалт зарцуулагддаг. Монголын хувьд тусгай тоног төхөөрөмжүүдийг бүгдийг гаднаас импортоор авах болдог. Том төсөл үр өгөөжөө олон жилийн дараа өгөх нөхцөлд байдаг. Олон жил гэдэг нь улс төрийн тогтвортой байдал, орчныг заавал шаардана. Нэгэнт байгалиас хишгийг нь авах болохоор эргүүлээд сэргээх, төлөв байдлыг нь зөв байдалд оруулахад маш их мөнгөн хуримтлал бий болгох шаардлагатай. Иймээс уул уурхайн мега төслүүд асар их зардалтайг монголчууд бид ойлгохгүй бол болохгүй. Заримдаа энэ зардлыг англи дээр “sunk cost” буюу нөхөгдөшгүй гэсэн байдаг. “Оюутолгой” дээр жишээлэхэд, далд уурхайгаа ашиглахын тулд “шахт” барина. Хэрвээ нисэх онгоцны том төсөл Европ руу нислэг хийхээр төсөөлж байсан нь болохоо байлаа гэхэд Америк руу нисч болно. Гэтэл Оюутолгой дээр барьсан шахт дээр ямар нэг зүйл буруу болсон бол нөхөгдөхгүй, шууд гарз, зардал болно. Үүгээрээ уул уурхайн мега төсөл ялгаатай. Асар их өртөг зардалтай байдаг уул уурхайн мега төслийн онцлогийг ойлгохгүй бол алдаа гарах нөхцөл болж байна.

Оюутолгой төсөл дээр жишээ болгон ярихад, олон орд биетүүд байгаа. Орд, биетүүд олон байгаа учраас эхний биет дээр ТЭЗҮ хийгдээд, түүний дараа нарийвчилсан судалгаа хийгдэж байж дараа дараагийн ТЭЗҮ гардаг учраас байнгын хөрөнгө оруулалт шаардлагатай. Хэчнээн биет байна төдийчинээгээр ТЭЗҮ хийгдэнэ. Үүнтэй адил хэдэн биет байна, төдий чинээ удаа хөрөнгө мөнгө босгох асуудал яригдана. Бид том төслийн энэ онцлогийг сайн ойлгодоггүй. “Оюутолгой” төсөл дээр ТЭЗҮ нэг л байх юм шиг буруу ойлгосон нь дараа дараагийн хөрөнгө босгох процессуудыг буруу ойлгох, хэл ам гарах нөхцөлийг бүрдүүлсэн болов уу гэж боддог.
Гуравт, мега төслийн эдийн засаг дээр бас буруу олйголтууд яваад байна. Жишээлбэл, бид дивидендэд дэндүү их ач холбогдол өгдөг. Дивиденд тэгж их ач холбогдол өгөөд байх асуудал биш. Аливаа төсөл орж ирсэн орлогоо үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, зээл төлөлт зэрэгт зарцуулдаг. Хамгийн сүүлд дивиденд олгох асуудал яригдана. Бид дивидендэд хэтэрхий ач холбогдол өгч хандаад, дивидендийн хамгийн сүүлд ирэх орлогыг хараад байтал зах зээлийн үнэ унахаар тэр нь улам холдоод, түүндээ бухимддаг асуудал байж магадгүй юм.

Мега төслийг казино тоглохтой адил гэдэг. Тиймээс мега төсөлд оролцохдоо эрсдэл болоод алсаа сайтар харах хэрэгтэй юм. Бид туршлага багатай тул аливаа төсөлд хувь эзэмшиж орохоор зүтгэдэг. Гэтэл тэр хэмжээнийхээ хөрөнгө мөнгийг өөрөө босгодоггүй. Эрсдэл гарч ирвэл түүнээсээ зугтаж, хамтрагч талдаа гомдоллодог байдлаар яваад байна. Энэ нь бид хандлагаа буруу авсных юм. Бидэнд дивиденд чухал. Гэхдээ ойрхон биш хараагаар харвал бидэнд хөгжил чухлыг харах хэрэгтэй.

Дивидендээс гадна бид татварыг түрүүлж харах гээд байдаг. “Татварын нүдээр” мега төслийг харвал бас хэцүү. Татвар хэрэгтэй, чухал зүйл мөн ч түүнээс илүү урт хугацааны хөгжлийн асуудал чухал. Татвар мөнхөд маргаантай байдаг. Засгийн газрын зүгээс компаниудыг хэтэрхий бага татвар төлж байна гэж харна. Уул уурхайн компаниуд Засгийн газар хэтэрхий их татвар авч байна гэж харна. Олон нийт энэ төсөл материаллаг баялаг бүтээхгүй байна гэж харна. Ийм мэдээллийн зөрүү, төсөөллөөр маргаан үүсдэг. Энэ мэдээллүүдийг хооронд нь ойртуулахгүй бол бие биенээ ойлгодоггүй. Ийм асуудлаас болж мега төсөл эмзэгхэн болдог.

Дөрөвт, гадны хөрөнгө оруулалтын үр өгөөжийг улс орондоо хэрэгтэй гэж харах арга зүйн асуудал их чухал. Бид “Оюутолгой”, “Тавантолгой” төслийг хэр хэмжээний татвар өгөх вэ гэж харвал алдаа болно. Ямар татвар, ямар дивиденд өгөх гэж байгааг харвал алдаа болно. Яагаад гэвэл, Монгол улсын Засгийн газар энэ том төслүүдэд санхүүгийн ямар ч эрсдэл үүрээгүй.  Дэлхий ертөнцийн жишгээр хамгийн их эрсдэл үүрч байгаа нь их ашиг, эрсдэл бага үүрсэн нь бага ашиг хүртэх ёстой. Үүн дээр мөнгө босгох зарчим үйлчилдэг. Бид гадны хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалтын үр ашгийг яаж өөртөө тооцож байх нь чухал үзүүлэлт юм. Үүнийг ойлгуулахын тулд, бусад оронд хэрэглэгддэг эдийн засгийн үржүүлэгч нөлөө, хөрөнгө оруулагчийн үржүүлэгч нөлөө буюу “Investment multiplier” гэдэг үзүүлэлт маш чухлыг хэлье. Бид хүний халаас руу хараад байдаг. Энэ ямар ашигтай ажилладаг юм бол, энэ яагаад байгаа юм бол гэж хардаг. Үүнээс болж алдаа хийж эхэлдэг аюултай.

“Investment multi” үзүүлэлтийг хөгжилтэй орнууд арай бага, хөгжиж буй орнууд харьцангуй өндөр коэффициентээр бодож байна. ДНБ-ийн 1%-тай тэнцэх хөрөнгө оруулалт хийсэн байхад ДНБ хэдэн хувиар өсөх үзүүлэлтийг энэ нь харуулдаг. Монголын хувьд АНУ-ын “Лазард” компани 2.1% гэсэн коэффициент хэрэглэсэн байдаг. Ийм тооцооллыг Оюутолгой дээр ч, Тавантолгой төсөл дээр ч бодож болно.

Тавантолгой төсөл дээр одоогийн хэлэлцээ хийж байгаа тооцоогоор, 30 жилийн хугацаанд 94 тэрбум ам.долларын “multiplier” хийх юм. Тэгж зөв харж чадвал асуудлыг зөв харна. Тэгэхгүйгээр гадны хөрөнгө оруулагчийн халаас руу “шагайж” хараад байвал, зөвхөн татварын “нүдээр” хараад байвал буруу болно. Энд л бид алдаа гаргаад байна уу гэж үзсэндээ байх ёстой зарчмыг зөв тайлбарлах үүднээс “multiplier”-ийн тухай би ярилаа.

Манай хууль тогтоомж, ойлголт ТЭЗҮ гэдэг баримт бичгийг олон төрөлд хувааж үздэггүй. Гэтэл ТЭЗҮ дотроо маш олон төрөлтэй. Оновчлолын, нарийвчлалын зэрэглэлүүд нь маш олон. Тиймээс мега төслийн ТЭЗҮ асар үнэтэй хийгддэг. Барагцаалахад, төслийн 2-5%-ийн хөрөнгө бүх баримт бичгийн боловсруулалтад зарцуулагддаг гэж тооцвол 1 тэрбум ам.долларын үнэтэй мега төслийн ТЭЗҮ, бусад баримт бичгийн үнэ цэн 20-50 сая ам.доллар болно. Өнөөдөр Монголын хувийн хэвшлийнхэн үүнийг гаргахад хэцүү. Монголын төр ч үүнийг ойлгоход хэцүү. Том төсөлд учирч байгаа хамгийн хүнд бэрхшээл энэ юм.  Олон төрөлтэй ТЭЗҮ байдгийг мэддэггүйгээсээ болоод замбараагүй, буруу шаардлагуудыг хөрөнгө оруулагчдаас шаарддаг. Ойлголтын энэ зөрүүтэй байдлууд мега төслийг унагаах аюул үүсгэдэг.

Мега төсөл эхний цэгээс эцсийн цэгээ хүртэл маш нарийн бодож боловсруулагдсан байх ёстой. Бүхэлд нь шинжлэх ухааны хэсэг, бизнесийн хэсэг, төслийн өөрөөр нь нөхцөлдсөн хэсэг гээд томоор хуваавал бид мега төслийн асуудалд хандахдаа эхэлж шинжлэх ухаан хэсгийг нь буруу харснаар цаашаа буруу явчихдаг. Нэлээд явж байтал шинжлэх ухааных нь буруу, дутуу бодсон зүйл гарч ирээд төслийг унагадаг.

9 дэх асуудал нь уул уурхайн мега төслүүд зах зээлийн үнийн өсөлт, уналтад хамгийн мэдрэг. Яагаад гэвэл эдийн засгийн бүх гинжин холбооны хамгийн төгсгөлд, түүхий эдийг нь гаргаж өгдөг байрлалд байгаа учраас ерөнхий зах зээл унахад маш хурдтайгаар уул уурхайд хүчтэй нөлөөлдөг.

Эдгээр нөхцөл байдлын талаар бүрэн ойлголт авч байж, уул уурхайн салбар дахь мега төслүүдийг зөв таньдаг, зөв хардаг, хөрөнгө оруулагчаа зөв ойлгодог байх нь бидэнд хэрэгтэй байна.”

Эгийн голын усан цахилгаан станц:  827.6 сая доллар

Монголд 26 байршилд усан цахилгаан станц барих тохиромжтой гэсэн дүгнэлтийг 1964-1970 онд ЗХУ-ын (хуучнаар) усны судалгааны хүрээлэнгүүд хийжээ. Эдгээр байршлын нэг нь Эгийн гол бөгөөд 1991 онд дээрх 26 байршлаас хамгийн ашигтай, үр бүтээлтэй гэж сонгосноор усан цахилгаан станц барих Засгийн газрын шийдвэр гарч, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн байдаг. 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн, 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй юм. Хоёр дахь удаагаа 2006 онд оролдлого хийжээ. Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятад улсын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан, Хятадын компаниуд шалгарав. Гэвч засаг солигдон, Ерөнхий сайд төслийг татаж авснаар дахин зогсчээ. Түүнээс хойш 24 жилийн дараа буюу 2013 оны 11 дүгээр сард Төслийн нэгж байгуулагдснаар төслийг хэрэгжүүлэх 3 дахь удаагийн оролдлого эхэлсэн түүхтэй.

Төслийн нэгжийнхний хэлж буйгаар цаасан дээрх ажлууд дуусч, төсөл хэрэгжихэд бэлэн болжээ. ОХУ-аас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн санд Монголын усан цахилгаан станцууд Байгаль нуурын урсацад нөлөөлнө гэсэн гомдлыг удаа дараа гаргасаар ирсэн. Дээрх гомдлыг барагдуулах үүднээс Төслийн нэгж нэмэлт зардал гарган,  Байгаль нуурын усанд Эгийн голын усан цахилгаан станц хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийлгэжээ. 0.023%-ийн нөлөөлөлтэй буюу хуурай жилийн нөлөөллөөс бага хэмжээний нөлөө үзүүлнэ гэсэн дээрх дүгнэлтийг Оросын талд удахгүй хүлээлгэж өгөх гэнэ.

Төслийн ерөнхий зөвлөхөөр Францын “GDF Suez”-ийн охин компани “Трактебел инженеринг” ажиллаж, ТЭЗҮ-г шинэчилж дуусаад байна. Хоёр үе шаттай хэрэгжих 220 МВт-ын төсөл байсныг суурилуулах хүчин чадлыг 315 МВт болгосноор өмнөх ТЭЗҮ бараг 95% өөрчлөгджээ. Усны нөөцийн судалгаагаар ойролцоогоор 600-610 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Усан цахилгаан станцын далан 103 метр өндөртэй, тэнхлэгийнхээ дагуу урт нь 740 метр, хиймэл нуурын усны түвшин 910 метр. Усан сангийн эзэлхүүн буюу цэвэр усны нөөц 5.7 тэрбум куб метр.

Станцын ач холбогдол нь өөрийн бүтээгдэхүүнээс гадна зохицуулалтын үүргээр эдийн засгийн үр ашиг гаргах юм. Өвлийн улиралд 2-3 цагийн ачааллыг хангахын тулд бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа бүх дулааны цахилгаан станцуудын үр ашиггүй 22 цагийн нөхцөл байдлыг Эгийн голын усан цахилгаан станц орлосноор хэмнэлт гарна гэж үзэж байгаа. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн 35%, Монгол улсын эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр буюу нүүрсхүчлийн хий агаарт цацахгүйгээр үйлдвэрлэх юм.

Төслийг хэрэгжүүлэхийн тулд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 300 хүн амтай Хантай тосгоныг нүүлгэн шилжүүлэх төлөвлөлт хийгджээ. Тосгоныг шинээр суурьшуулах газрын усны судалгаа болон хот байгуулалтын ажилд Төслийн нэгж бодит дэм үзүүлж байна. Өмнөх туршлагуудтай харьцуулахад, нутгийн иргэд харин ч станц барих ажлыг дэмжиж байгаа гэсэн мэдээллийг Төслийн нэгж өгөв. 

Төслийн нийт өртөг зөвлөх компанийн тооцсоноор 827.6 сая доллар. Бүтцээр харвал далан болон барилгын ажил 48%, цахилгаан станцын тоног төхөөрөмж 30%, урьдчилсан зам, гүүр, дамжуулах шугамын ажил 14%,  байгаль орчин болон бусад нөөц зардал 8%-ийг эзлэхээр тооцжээ. Эдийн засгийн өнөөгийн үнэ цэн 753.2 сая доллар. Эдийн засгийн дотоод өгөөж 13.7%. Тооцсон тариф 8.5 цент. 30 жилээр тооцон, 10 жилийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй,  20 жилийн үндсэн зээлийн хугацаатай, 2%-ийн хүүтэй зээл авах нөхцөл яригдаж байгаа. Усан цахилгаан станцын ажиллах жилийг 50 жилээр тооцжээ.

Төслийн нэгжийн удирдагч Д.Одхүүгийн хэлснээр “Санхүүжүүлэх хоёр хувилбар байгаа. Төрийн өмчийн компани гэсэн утгаар Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр санхүүжих нэг хэлбэр, Өрийн удирдлагын хууль батлагдан, Засгийн газрын өр тооцогдохгүй тохиолдолд, зардал, хөрөнгө оруулалтаа өөрийн өртгөөр нөхөх аж ахуйн нэгжүүдэд баталгаа гаргаж өгвөл төсөл өөрөө арилжааны зээл авах нэг хэлбэр бий. Эхний аргын хувьд сайн тал нь төлбөрөө хийсний дараа тариф дээр Монгол улс тоглох бололцоотой болно. Эрчим хүчний үйлдвэрээс гарч байгаа маш том эдийн засгийн нөлөөг Төр авах боломжтой. Сул тал нь улс төрийн эрсдэл их, зээлийн дээд доод хязгаарт баригдана. Төр өөртөө эдийн засгийн эрсдэл үүрэх нь сайн зүйл биш учраас хүчирхэг, эрчимтэй хувийн сектор төслийг хариуцаж явахыг илүүд үзэж байгаа. Гэхдээ тохируулгын станц, цэвэр усны нөөц гэдгээрээ Төрийн хяналтад байхгүй бол болохгүй онцлог бий. Хувийн хэвшлийн оролцоотой хамтарсан компани байгуулаад, компани зээлээ аваад явж болох хоёр дахь хувилбар илүү дээр байж мэднэ. Сул тал нь өндөр тариф нэхэх магадлалтай ч улс төрөөс шалтгаалахгүй санхүүжилт авах боломжтой” гэж давуу талыг нь тодотгосон юм.

ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ: 1.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР

2011 онд Монголын Засгийн газар Тавдугаар цахилгаан станцын тендерийг олон улсад зарласан юм. 36 компани сонирхлоо илэрхийлснээс 11 консорциум эхний шалгаруулалтад тунаж, 4 оролцогчтой консорциум тендерт шалгарав. Консорциумыг дэлхийн хамгийн том эрчим хүчний групп гэгддэг, 100000 гаруй МВт-ын хүчин чадал барьж, ашиглалтад оруулсан Францын “GDF Suez” , Японы зургаан том трэйдинг компанийн нэг “Сожиц”, дэлхийд эхний тавд багтдаг гангийн үйлдвэрлэгч “Поско” группын эрчим хүчний салбарыг хариуцдаг охин компани “Поско энержи”, Салхитын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсан “Ньюком” групп бүрдүүлдэг. 

Станцын байршлыг 2012 оны техникийн анхны нөхцөл дээр III цахилгаан станцын баруун талд гэж зарласан ч шинэ Засгийн газар, хот зүүн тийшээ тэлж байхад эх үүсвэрүүд баруун талдаа төвлөрч байна гэсэн үндэслэлээр байршлыг өөрчлөх болсон юм. Консорциум 1.5 сая ам.доллараар 10 гаруй төрлийн судалгаа хийсний үндсэн дээр Хөлийн гол буюу Ургах наран хороолол орчимд байршил сонгон, шинээр ТЭЗҮ хийж, Засгийн газарт танилцуулсан. 

Урт хугацаанд, эрчим хүчний найдвартай, баталгаатай, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй эх үүсвэр болно гэж буй Тавдугаар цахилгаан станц нь 450 МВт буюу одоогийн суурилагдсан хүчин чадлыг бараг тал хувиар нэмэгдүүлэх юм. Тус станц хамгийн сүүлийн үеийн шилдэг технологиудыг ашиглана хэмээн мэдэгдэж байгаа. Эргэлдэгч буцламтгай давхар шатдаг технологи, эхний хөрөнгө оруулалт өндөр боловч урт хугацаанд эдийн засгийн хэмнэлттэй агаарын хөргөлтийн систем зэрэг нарийн технологиудыг сонгосон. Үр дүнд нь одоогийн станцуудтай харьцуулахад тоосонцорын түвшин 1000 дахин бага, 1 кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэхийн тулд одоо хэрэглэж байгаагаас 2 дахин бага нүүрс хэрэглэнэ, нүүрсийг шохойн чулуутай хольдог учраас азотын исэл бага зэрэг эерэг тоон үзүүлэлтүүдийг өгч байгаа. Агаарын бохирдлын үзүүлэлтүүд Монгол улсын болон олон улсын стандартуудыг хангах хэмжээнд гарчээ.

Төслийн өртөг урьдчилсан тооцоогоор 1.3 тэрбум ам.доллар юм.  2 жилийн өмнө 1.2 тэрбум гэж байсныг Уншигчид санаж буй байх. Өртөг нэмэгдсэн шалтгааныг Консорциум хоёр хүчин зүйлтэй холбон тайлбарласан. Шинээр сонгосон талбай гол дагасан хөндий учир цэвдэгтэй, барилгын ажил ихтэй. Хоёрт, Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр дэд станц, дулааны нэмэлт усны байгууламжийн ажлуудыг Консорциумд шилжүүлсэнтэй холбоотойгоор анхны хөрөнгө оруулалт нэмэгджээ. 

Хөрөнгө оруулалтын 25%-ийг Консорциум, үлдсэн 75%-ийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжүүлнэ. Солонгосын Экспорт,  импорт банк, Япон улсын хамтын ажиллагааны банк /ЖБИК/, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, SMBC болон Франц, Японы санхүүгийн том группууд төслийг санхүүжүүлэхээр урьдчилан тохирч, нөхцөлүүдтэй танилцаж байна.

Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч хамгийн том станц болох Тавдугаар цахилгаан станцыг Концессын гэрээгээр 25 жил ашиглаад, улсад хүлээлгэж өгөх юм. Барилгын явцад 600-700 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын эх үүсвэрээс хэрэглэх буюу оролцуулна. Барилга угсралтын үед 3000, ашиглалтад орсон үед 400 хүн ажиллахаар төлөвлөжээ. 570 МВт хүчин чадалтай Дөрөвдүгээр цахилгаан станцад одоо 1500 хүн ажилладаг аж.

Төслийн өмнө цахилгаан, дулаан, нүүрс, усны үндсэн гэрээнүүдээ байгуулах том ажлууд хүлээгдэж байгаагаас гадна санхүүжүүлэгч, зээл олгогч байгууллагууд эрхээ шилжүүлэх асуудал манай хууль эрхзүйн системд бүдэг, төлбөр тооцооны  асуудал гарахад 1 тэрбум долларыг хөрвүүлэх, шилжүүлэх эрх, хууль эрхзүйн тогтолцоо бий юу гээд асуудал, бэрхшээл цөөнгүй байгааг Төсөл хэрэгжүүлэгчид форум дээр танилцуулсан. Өөрийн онцлог нөхцөл бүхий том том гэрээнүүдээс хамаарч төслийн процесс удааширч байгаа ч төслийн санхүүжүүлэгчид мега төслийн онцлог, цаг хугацааны хүндрэлийг ойлгож, хүлээцтэй хандаж байгаа гэлээ.

Тавдугаар цахилгаан станц нь эрчим хүчний дулаан, цахилгаан нийлүүлэхээс гадна Монголд эрчим хүчний салбарыг либеральчлах, техник технологийн шинэ түвшинд гаргах, Концессын хэлбэрээр дараа дараагийн мега төслүүд явах сайн суурь болох учиртай төсөл хэмээн Түншлэл үнэлж байна. 

Цаг хугацааны хувьд Цагаан сарын өмнө тарифын шинэчилсэн саналаа өгөөд, хөрөнгө оруулалтын гэрээ, бусад гэрээгээ 6 дугаар сард багтаан байгуулчихвал энэ ондоо шав тавина. 2015 оны эцэс, ирэх жилийн эхээр санхүүгийн хаалт хийвэл үндсэн барилгын ажил 2016 оноос эхэлж, 2019 онд шинэ станцаас цахилгаан дулаан авна гэсэн төсөөлөлтэй байна.

“Ньюком” группын Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуяг, дэд бүтцээ түрүүлж хөгжүүлээд, дараа нь уул уурхайн том төслүүдээ явуулдаг олон улсын жишгээс Монгол улс эсрэгээр явдаг. Бодлогын талаасаа дэд бүтцээ хэзээ, яаж хөгжүүлэхээ сайн харахгүй бол эдийн засгийн том боломжуудаа алдсаар байна гэсэн юм. Хэрвээ Тавантолгойн цахилгаан станц 3 жилийн өмнө ашиглалтад орсон бол өнөөдөр 950 сая кВт.цаг эрчим хүчийг Хятадаас авч, 1 кВт.цаг тутамд 10.5 центийг төлж байгааг өөрсдөө эргэлтэд оруулахад Монголын эдийн засаг томроод явах боломж байсан. Манайх Оросоос нефть бүтээгдэхүүнээс гадна эрчим хүчээр хараат. Бид хэлэлцээр хийх ямар ч хүчгүй, ОХУ-ын заасан нөхцөлийн дагуу хэлсэн үнээр нь авдаг. Салхитын станц дээр 2007 онд 9.5 центийн тариф батлуулахад, улс төр, олон нийтийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Оросоос үнэгүй шахуу, 2-3 центээр авах боломж байхад яагаад байгаль орчинд ээлтэй гэдгээр түүнээс хэд дахин өндөр үнэтэй эрчим хүч авах ёстой юм бэ гэдэг асуудал яригдаж байсан. Түүнээс хойш 7 жил өнгөрөхөд Хятадын тариф 10 цент, ОХУ-ын тариф 10.5 цент болсон байна. Салхит 9.5 центээрээ 25 жил баталгаатай өөрчлөгдөхгүй. Тиймээс эрчим хүч болон дэд бүтцийн том хөрөнгө оруулалттай, урт хугацааны үнэ тарифтай стратегийн салбарууд дээр маш нухацтай ажиллах ёстой” гэдгийг онцолж байлаа.

Тавантолгойн цахилгаан станц:  1 тэрбум ам.доллар

2013 онд Засгийн газрын шийдвэрээр Тавантолгойн нүүрсний орд газарт 450 МВт хүчин чадалтай эрчим хүчний цахилгаан станц барихаар болсон билээ. Үүний дагуу Эрчим хүчний яамны харьяа “Тавантолгой цахилгаан станц” Төслийн нэгж байгуулагдан ажиллаж байна. Төслийн нэгж үндсэн худалдан авагч, нийлүүлэгч болоод усны одоогийн байгаа нөөц эзэмшдэг компаниуд зэрэг төсөлд шаардлагатай бүх оролцогчдыг судалсны үндсэн дээр эхний ээлжинд “Оюутолгой”, MCS, “Эрдэнэс Тавагтолгой” компаниудтай төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

Урьдчилсан байдлаар төсөлд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгох шаардлагатай байгаа. Төслийн санхүүжилт босгох хүртэл бэлтгэл зардалд 15.9 сая ам.долларыг олгохоор Засгийн газрын шийдвэр гарч, бондын эх үүсвэрээс дээрх хөрөнгийг гаргахдаа 6.125%-ийн хүүтэй зээл хэлбэрээр олгогдож байгаа юм. Төслийн санхүүжилт босгосны дараа хөрөнгө оруулагчид энэхүү зээлийг Хөгжлийн банкинд хүүтэй нь эргүүлэн төлөх нөхцөлтэй. 

Өмнөговьд бие даасан цахилгаан эрчим хүчний систем үгүй. “Тавантолгой цахилгаан станц”-ыг барихын тулд бодит хэрэглэгчийг түшвэл төслийн санхүүжилтийг амжилттай босгох боломжтой гэж үзсэний үндсэн дээр “Оюутолгой”-г үндсэн худалдан авагчаараа сонгосон. “Оюутолгой”-н бодит хэрэглээн дээр үндсэн санхүүжилтээ босгох юм. Төслийн хүрээнд Оюутолгойгоос Тавантолгой хүртэл 132 км урт цахилгаан түгээх шугам шинээр барих бөгөөд 150 МВт эрчим хүчийг Өмнөговийн бусад хэрэглэгчдэд түгээнэ.

Төслийн санхүүгийн зөвлөхөөр “Sumitomo Mitsui Banking Corporation” /SMBC/, техникийн зөвлөхөөр Австралийн “Worlay Parsons” компаниуд ажиллаж байна. АНУ-ын “Shearman & Sterling” хуулийн фирмтэй 2014 он дуустал хуулийн бүх тендер дээр ажиллажээ.
2013 онд төслийн санхүүжилтийг хэрхэн босгох талаар санхүүгийн зөвлөх компанитайгаа судалгаа хийсний үндсэн дээр дэлхийд нэр хүндтэй компаниудад урилга хүргэж, ирсэн саналууд дээр үнэлгээ хийн, хөрөнгө оруулагчаа шалгаруулахаар шийдвэрлэсэн. 25 компанийн нэрс гаргаж, захидал илгээснээс 10 компаниас төсөлд оролцох санал авчээ. Ирсэн саналууд дээр үнэлгээ хийн, 4 хөрөнгө оруулагчийг шалгаруулснаар Японы “Марубени” корпораци, “Кansai electric” болон Өмнөд Солонгосын “Posco Energy”, Францын “GDF Suez” компаниудын хамтарсан консорциум төслийн урьдчилсан хөрөнгө оруулагчаар сонгогдоод байгаа юм. Төслийн дотоодын хөрөнгө оруулагчаар MCS компани шалгарсан. Бүтцийн хувьд 66% нь гадаадын хөрөнгө оруулагч, 44% нь дотоодын хөрөнгө оруулагчийнх. Засгийн газар улс төрийн дэмжлэгээр хамтран ажиллах бөгөөд сонгогдсон хөрөнгө оруулагчтай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм. 70:30 буюу 30%-ийг өөрийн хөрөнгө, 70%-ийг зээлийн санхүүжилтээр босгоно гэсэн тооцоо бий.

Тус төсөл дээр 2013 оноос эхлэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, археологи, геологийн тогтоцын судалгаа, ТЭЗҮ-ийн холбогдох бүх техникийн ажлууд хийгдэж үндсэндээ дуусчээ. Говийн бүсэд баригдах цахилгаан станц учир усны нөөцийн асуудал хамгийн чухлаар тавигдаж байгаа. 112 л/с батлагдсан нөөцтэй Наймантын хөндийн баруун хэсгийн 40 л/с нөөцөөс цахилгаан станцын усыг хангахаар төлөвлөж байна. “Worley Parsons” компанийн хийсэн судалгаагаар “Тавантолгой цахилгаан станц” хамгийн ихдээ 32 л/с ус хэрэглэнэ гэсэн тооцоотой аж. Салхин хөргүүртэй, ус харьцангуй бага хэрэглэдэг технологийн сонголт хийж байгаа. Барилга угсралтын хувьд ойролцоогоор 2000-3000 ажлын байр бий болно. 

Тавантолгойн орд газар буюу Улаанбаатар хотоос 480 км, Оюутолгойгоос 135 км зайтай төслийн байршилд MCS компанийн барьж байгуулсан сургууль, цэцэрлэг, ажилчдын орон сууц зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалт бэлэн байгаа нь том бүтээн байгуулалт явуулахад тодорхой цаг хожих давуу талыг бий болгож байгаа аж.

2013 оны 10 дугаар сард хөрөнгө оруулагчдад техникийн ажлын даалгавар хүргүүлсэн. Арилжааны ажлын даалгавар өнгөрсөн оны 10 дугаар сард хийгдэж дуусаад, хөрөнгө оруулагчдад хүргэгджээ. Хөрөнгө оруулагчид дээрх даалгаврууд дээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны 1 дүгээр улиралд багтаан саналыг хүлээж авахаар төлөвлөжээ. Санал хүлээж авснаар хөрөнгө оруулагчийг урьдчилан сонгох юм. Урьдчилан сонгогдсон хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийснээр гэрээг эцэслэнэ. Гэрээнүүд эцэслэгдсэний дараа эцсийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах бөгөөд төлөвлөсний дагуу бол энэ оны дунд үе гэхэд хөрөнгө оруулагчтай болсон байх юм. Хөрөнгө оруулагч тодорсны дараа банкуудтай ажиллаж, энэ ондоо багтаан төслийн санхүүжилтээ босгоно гэсэн өөдрөг зорилгыг Төслийн нэгж тавьжээ.

“Тавантолгой цахилгаан станц” төслийн захирал Б.Түвшин, “Оюутолгойн 2 дахь шатны үйл ажиллагаа эхлэх юм бол эрчим хүчний төлбөрт гадагшаа урсгадаг жилийн 80 орчим сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломжтой. Оюутолгойгоос гадна Өмнөговийн бусад хэрэглэгчид 150 МВт хүртэлх эрчим хүчний эх үүсвэртэй болох, эрчим хүчний импортын хараат байдал буурах, 1. 5 сая тонн эрчим хүчний нүүрсийг цахилгаан станцад хэрэглэх нь байгаль орчин, арилжааны өндөр ач холбогдолтой” гэж тодотгож байв.

“БАГАНУУР” НҮҮРС ШИНГЭРҮҮЛЭХ ТӨСӨЛ: 2 ТЭРБУМ АМ.дОЛЛАР

“Багануур” нүүрс шингэрүүлэх төсөл 100% импортын хараат шингэн түлшний тодорхой хувийг эх орондоо үйлдвэрлэх, Улаанбаатарын гэр хорооллыг хийн түлшээр хангах замаар агаарын бохирдлыг шийдвэрлэх хоёр том зорилготой.  Төслийн нийт хөрөнгө оруулалт 2 тэрбум ам.доллар бөгөөд жилд 456 мянган тонн дизель, 100 мянган тонн шингэрүүлсэн хий, 100 мянган тонн нафта буюу түүхий бензин гаргах хүчин чадалтай үйлдвэр байгуулах юм.

Монгол улсад 2014 онд дизель түлшний хэрэглээ 800 орчим мянган тонн байсан бол ирээдүйд 2-3 сая тонн, бензиний хэрэглээ 400 орчим мянган тонн байсан нь 600-1.4 сая тонн болох таамгийг Төслийн баг гаргажээ. Шингэн түлшний зах зээл эрчимтэй өсч байгаа төдийгүй Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүд хэрэгжвэл улам ч эрчимжих төлөв бий. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр Монгол улсаас гарч байгаа валютын хэмжээ өснө. Өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.доллар гадагш гарсан. Энэ урсгалаас тодорхой хэмжээг Монгол улсдаа, эдийн засагтаа шингээх эрмэлзэл Төсөлд бий. .

4 жилийн өмнөөс судалгаагаа эхэлсэн тус төсөл кокс, хагас кокс үйлдвэрлэл, цахилгаан станц, нүүрс хийжүүлэх, дизель болон бензин үйлдвэрлэл зэргийг бүгдийг судалсны дүнд дизель гаргах нь эдийн засгийн өндөр үр ашигтай гэж үзжээ. Үйлдвэрлэл нь 10 гаруй үйлдвэр нийлсэн цогцолбороос бүрдэх бөгөөд байршлаа Багануур дүүрэгт сонгосон. Хийн түлшний томоохон хэрэглэгчидтэй Улаанбаатартай ойр, түүхий эд болон усны нөөцтэй, нийгмийн дэд бүтэц хөгжсөн, авто болон төмөр замтай зэрэг дэд бүтцийн сайн нөхцөлийг харгалзан Багануурыг сонгожээ.   

Төслийн ТЭЗҮ-ийг Канадын “Hatch”, Хятадын “HQCEC” компаниуд хийсэн. Төслийн баг одоо технологийн сонголтоо хийж байна. Мөн зах зээл, нүүрс, нүүрсний эх үүсвэр, усны эх үүсвэрийн судалгаануудыг хийж байгаа. Цаашид технологийн судалгаа хийх, арилжааны хэлэлцээрийн гэрээ явуулах зэрэг ажлууд хүлээгдэж байгаа юм.

Фишер-Тропшийн технологиор гаргаж авах түлшний чанар нь ирээдүйд нэвтрүүлэх “Евро-6” стандартаас ч илүү сайн чанартай байна гэж үзэж байна. Шингэрүүлсэн хий нь манайд өдгөө хэрэглэгдэж байгаа LPG-тэй адил бөгөөд хэрэглээний туршилтыг сүүлийн 3 өвөл гэр хорооллуудад туршиж, сайн үр дүн үзүүлээд байгаа. 

“Монголд хэрэгжүүлэх гэж байгаа мега төслүүдийн хувьд Монголын талаас хийх ёстой ажил бараг 80-90% нь хоорондоо адил байдаг. “Тавантолгой цахилгаан станц” төсөл дээр тулгарч байгаа санхүүжилт, зөвшөөрөл авах, хөрөнгө оруулалтын гэрээний зовлон зэрэг асуудал бүх том төслүүдэд адил тулгарч байгаа”-г Төслийн удирдагч Б.Мөнхтөр ярив. “Оюутолгой”, “Тавантолгой”, ТЭЦ V, “Тавантолгойн цахилгаан станц” зэрэг төслүүд хөдлөх юм бол монголчууд ийм том төслүүд хэрэгжих орчин бүрдүүлж чаддагийг гадаад ертөнцөд харуулна. Ингэснээр дараа дараагийн төслүүд хэрэгжих боломж бүрдэнэ. Аль нэг төслөө явуулахгүй бол олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол улс ийм төсөл хийж чаддаггүй, засаг төр нь ойлгодоггүй, орчныг нь бүрдүүлж чаддаггүй гэсэн ойлголт төрнө. Тиймээс төслүүдээ хурдан эхлүүлж олон улсад таниулах хэрэгтэй гэж тэрээр үзэж байна.

Монгол улсын татварын орчин төдийлөн тодорхой биш, ойлгомжгүй, өөрчлөмтгий. Хуулийн заалт, татварын байцаагч нарын хэлдэг зүйл зөрүүтэй байдаг нь CTL төслийн тулгамдсан асуудлын нэг болдог байна. Түүнчлэн импортоос 100% хамаарч байхад Монгол руу экспортлогч улс орон ийм төслийг сайшаан үзэхгүй тул дотоодын үйлдвэрлэгчдийг хамгаалах арга хэмжээ хэрэгтэй байгааг ч тэрээр сануулсан юм.

  • Зочин (103.57.93.244)
    Том төслүүдээс улс төрийн нөлөөллийг арилгачихвал ажил урагшлана
    2015 оны 12 сарын 13 | Хариулах
  • Болорцэцэг (122.201.28.4)
    Amjilt husie hurdhan shig TT-goo ashiglah heregtei
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • muan (103.11.192.14)
    Үдэсний эрх ашиг 1 дүгээрт тавиж ажиллах хэрэгтэй
    2015 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.254.127.81)
    Зөв Зөв Зөв Зөв ЗөвЗөв Зөв
    2015 оны 02 сарын 23 | Хариулах