Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ашигт малтмалын үнэ, тоо хэмжээний эрсдэлийг тооцсон төсөв болсон

Сангийн яамны Орлогын хэлтсийн дарга Э.Батбаяртай ярилцлаа.

С.Болд-Эрдэнэ

2015 оны төсвийн тодотгол батлагдсан. Төсвийн орлого батлагдсан төсвөөс хэр хэмжээгээр өөрчлөгдсөн бэ?
2015 оны төсөв 2014 оны 11 дүгээр сарын 15-нд, төсвийн тодотгол 2015 оны нэгдүгээр сарын 23-нд батлагдсан. Батлагдсан төсөвт төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд 159 тэрбум төгрөг байсныг төсвийн тодотголоор 900 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, 6.2 их наяд орчим төгрөг байхаар Засгийн газар санал оруулсан. УИХ-аар батлагдахдаа 6 их наяд 626 тэрбум төгрөг болж батлагдсан. Тодотголд анх оруулсан дүн маань бага зэрэг өссөн гэсэн үг. Яагаад тодотгол дахь төсвийн орлого бага зэрэг өсчихөв гэхээр 2014 оны 9 дүгээр сараас газрын тосны бүтээгдэхүүний импортын хилийн үнэ огцом буурч орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварыг тонн тутамд нь нэмэгдүүлсэн.

Мөн хувьцааны ногдол ашгийн орлогыг 30 орчим тэрбум төгрөгөөр, өмч хувьчлалын орлогыг 17 орчим тэрбум төгрөгөөр гэх мэтчилэн орлого нэмэгдэж, бидний анх өргөн барьсан батлагдсан орлогыг 900 орчим тэрбум төгрөгөөр бууруулах байсныг 600 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, 2015 онд 6.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцсон байгаа.

2015 оны төсвийн орлогод цаашид анхаарах хэд хэдэн зүйл бий. Юуны түрүүнд зэсийн үнэ. Он гарсаар зэсийн үнэ огцом буурсан. Биднийг тооцоолол хийж байх 2014 оны 11-12 дугаар сард зэсийн үнэ харьцангуй өндөр байсан. Өнөөдрийн байдлаар 5600 доллар/тоннд хэлбэлзэж байна. Олон улсын байгууллагуудын шинжээчдийн үзэж байгаагаар энэ онд дунджаар 5600 орчим доллар байх юм шиг байна. Бид төсөвт 6242 доллар гэж тэнцвэржүүлсэн үнээ авсан болохоор тодорхой хэмжээний эрсдэл байна.

Уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогын хувьд үнийн эрсдэл өндөр байдаг. Төсвийн тогтвортой байдлын хуулиар Тогтворжуулалтын сан бий болсноор үнийн эрсдэлийг тодорхой хэмжээнд тооцдог болсон. Гэхдээ зөвхөн гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүнд тооцож байгаа. Цаашдаа уул уурхайн бусад бүтээгдэхүүнд үнийн эрсдэл тооцох шаардалага бий. Мөн үнээс гадна тоо хэмжээний эрсдэлийг тооцож байх шаардлагатай юм.

2015 онд өмнөх жилүүдэд байгаагүй хэмжээний өмч хувьчлалын орлого төвлөрүүлэхээр тооцсон байгаа. Өмч хувьчлалын үндсэн чиглэлийг батлах хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан байгаа. Удахгүй батлагдах байх.

Уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг хэд гэж тооцсон бэ?
2014 онд уул уурхайн салбараас 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцож байсан ч урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд орчим төгрөг төвлөрөх болов уу гэсэн хүлээлттэй байна. 2015 оны батлагдсан төсөвт бид 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэй ойролцоо буюу 1 их наяд 150 орчи тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцож байсан. Сая төсвийн тодотголоор үүнийг 900 тэрбум төгрөг болгож бууруулсан. Экспортын бүтээгдэхүүний үнэ болон тоо хэмжээний эрсдэлийг тооцож гаргасан гэсэн үг.

Уул уурхайн салбараас төвлөрүүлэх орлогыг зарим хүн буруу ойлгодог. Уул уурхайн салбарын орлого гэж уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ААНОАТ, АМНАТ, НӨАТ гэх мэтээр улсын болон орон нутгийн төсөвт төлж байгаа татварыг хэлдэг. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлж байгаа татвар гэсэн үг. Тэр компаниудын ажилчдаасаа суутгаж байгаа НДШ болон хамтарч ажиллаж байгаа компаниуд, ханган нийлүүлэгчдийн төлсөн татварыг энд тооцдоггүй.

Өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбараас төвлөрүүлж байгаа орлого төсвийн нийт орлогын 20-24%-ийг дунджаар эзэлж байсан. Энэ дүн маань 2015 онд 17% орчим байна.

2014 онд АМНАТ-аар 460 орчим тэрбум, ӨНАМНАТ-аар 115 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр хүлээгдэж байна. Ингээд харвал 580 орчим тэрбум төгрөгийг нөөц ашигласны төлбөрөөр төвлөрүүлэхээр байна. Энэ нь төсвийн орлого ба тусламжийн дүнгийн 8% орчмыг бүрдүүлж байгаа. 2015 онд ч нийт орлогын 8-10%-ыг нөөц ашигласны төлбөрөөр бүрдүүлнэ гэж үзэж байгаа.

Уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүний үнийг хэрхэн тооцов? Зэс, газрын тос гээд 2 гол экспортын бүтээгдэхүүний үнэ огцом уналаа. Бас нүүрс, төмрийн хүдрийн хэмжээг яагаад бууруулах болов?
Газрын тосноос 2015 онд төвлөрүүлэх орлогыг 324 орчим тэрбум төгрөг байна гэж тооцож байсныг 284 тэрбум төгрөг болгож тодотголоор буулгасан. Ингэж буулгасан нь нефтийн үнэтэй холбоотой. Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн нефтийн үнэ огцом буурсан. Нэгдүгээр сард бас буурлаа. Цаашдаа 2015 онд газрын тосны үнэ энэ хэмжээнд байна гэвэл 284 тэрбум төгрөг маань төвлөрөхгүй байх эрсдэлтэй. Гэхдээ үүний нөгөө талд газрын тосны бүтээгдэхүүний татварыг нэмж байгаа. Газрын тосны экспортоос орлогоо алдаж байхад газрын тосны бүтээгдэхүүний татвараар орлогоо нөхнө гэж ойлгож болно.

Нүүрс, төмрийн хүдэр, цайр зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүний хувьд экспортлох тоо хэмжээ болон үнийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор тодотголоор бууруулсан. Жишээ нь 25.9 тонн нүүрс олборлож, 19.5 сая тонныг экспортолно гэсэн байсныг 19 сая тонныг олборлож, 15 сая тонныг экспортолно гэж бууруулсан. Төмрийн хүдрийн экспортыг 5 сая тонноос 3.4 сая тонн, цайрын экспортыг 90 мянган тонноос 80 мянган тонн, жоншны экспортыг 356 мянган тонноос 260 орчим мянган тонн болгож бууруулсан. Энэ нь 2015 оны төсвийн орлогыг аль болох бодитой төлөвлөх гэсэн зарчим дээр суурилсан. Нөгөө талд нь зах зээлийн үнэ бага зэргээр буурч байгаа. Нүүрсний тухайд 50-70 ам.доллар гэж тусгасныг 30-60 ам.доллар болгосон.

Зэсийн баяжмалын экпортын хэмжээг бас 100 гаруй мянган тонноор бууруулсан байсан нь ямар учиртай юм бэ? Мөн “Эрдэнэт” үйлдвэрээс авах ногдол ашгийн хэмжээг хэдээр тооцсон бэ?
Манай экспортын бүтцийг аваад үзвэл 90 гаруй хувь нь уул уурхайн салбарын бүтээгдэхүүн байдаг. Уул уурхайн бүтээгдэхүүн дотроо авч үзвэл өмнөх жилүүдэд өндөр байсан бүтээгдэхүүний экспортын хэмжээ буурч, Оюутолгойн зэс, газрын тосны экспортын хэмжээ нэмэгдсэн нь нийт экспорт өсөхөд гол нөлөөг үзүүлсэн байгаа. Зэс, газрын тосны үнэ харьцангуй өндөр байсан нь ч нөлөөлсөн. 2015 оны хувьд зэсийн баяжмалын олборлох, экспортлох хэмжээг буулгасан. Учир нь бид экспортынхоо хэмжээг хэтэрхий өөдрөгөөр тавих нь эрсдэлтэй. Зах зээл дээр урьдчилан таамаглах боломжгүй эрсдэл их гарч байна. Тухайлбал олон улсын зах зээлийн үнэ буурч байна. Үнэ бууралтыг дагаад үйлдвэрлэлийн хэмжээ буурах магадлалтай. Хэдий компаниудаас энэ оны төлөвлөгөөг нь авсан ч түүнээс нь тодорхой хэмжээгээр буулгаж, төсвийн тодотголд тусгасан. Өөрөөр хэлбэл аль болох төсөвтөө бодитой тоогоор буюу болзошгүй эрсдэлээс сэргийлж тооцох зарчим барьсан. Нэг талаас мөрөөдлийн тоо биш, нөгөө талаас хамгийн бага тоо бас биш гэсэн үг.

Ногдол ашгийн хувьд ТӨХК, төр хувь эзэмшдэг компаниудаас нийт 97 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг цуглуулна гэж тооцсон. Үүнээс 70 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс төвлөрүүлнэ  гэж тусгасан. Төсвийн тодотголд 70 тэрбумыг 40 тэрбум болгож бууруулан УИХ-д өргөн барьсан ч 70 тэрбумаараа батлагдсан. 2014 оны урьдчилсан байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг 150 орчим тэрбум төгрөг байх болов уу хүлээгдэж байна. Ногдол ашгийг 51:49 харьцаагаар хувааж авахаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сайжруулах, олборлолтыг нэмэгдүүлэх гэх мэтээр хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй болж байгаа юм. Тиймээс Засгийн газар ногдол ашгийг нь багасгаж, үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхэд нь зориулъя гэж тооцож байсан ч 2014 оны ашгийг хувааж авах шийдвэр гарсан.

Тавантолгойн асуудлыг шийдвэр­лэх, Гацууртын ордыг ашиглах гээд тодорхой асуудлууд яригдаад эхэллээ. Энэ төслүүдийг үр өгөөжийг 2015 оны төсөвт суулгасан уу? 2013 оны төсөвт Оюутолгойн ХОГ-нд өөрчлөлт оруулж 450 тэрбум төгрөг төсөвт оруулна гэдэг шиг тийм “мөрөөдөл” энэ оны төсөвт байгаа юу?

2015 оны төсвийг аль болох бодитой, хөөс багатай төлөвлөх шаардлага зайлшгүй байсан. Зарлагадаа уягддаг биш, орлогодоо захирагддаг төсөв хийх зарчмыг Засгийн газар, Сангийн яам баримталсан. Жил болгоны төсөв дээр хуулиар батлагдаагүй, нөхцөл байдал нь бүрэн тодорхой болоогүй зүйлээс орлого төвлөрүүлнэ хэмээн тавьж, түүнийг даган зарлага, хөрөнгө оруулалт нь өсдөг байсан. Жишээ нь түрүүний хэлсэн 2013 оны төсөвт Оюутолгойгоос 445 орчим тэрбум төгрөгийг гэрээнд өөрчлөлт оруулах замаар нэмж авна гэж тавьж байсан ч тэгж чадаагүй. Тийм учраас энэ жилийн төсөвт батлагдаагүй, тодорхой болоогүй зүйлээс орлого тавихгүй гэсэн байдлаар төсвийн төслийг боловсруулсан. Тэр чигээрээ батлагдсан.

Мэдээж Оюутолгой төслийн 2 дахь шатны санхүүжилт шийдвэрлэгдээд орж ирвэл эдийн засгийг дэмжихүйц томоохон хөрөнгө оруулалт болох нь тодорхой. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал хөрөнгө оруулагчидтай яригдаж байгаа боловч бид эндээс ямар нэг хэмжээний урьдчилгаа төлбөр, татварын нэмэгдэл авна гэж төсөвт огт тусгаагүй. Оюутолгой ч тэр, Тавантолгой ч тэр асуудал нь шийдэгдээд явбал эдийн засагт эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй. Түүнийг дагасан татварын орлого ч нэмэгдэж таарна.

Томоохон татвар төлөгчид буюу “Эрдэнэт” “Оюутолгой” “Энержи Ресурс” зэрэг компаниуд өнгөрсөн онд хэр хэмжээний татвар төлсөн бэ? Энэ онд батлагдсан төсөвт тусгасан татварын хэмжээ тодотголд өөрчлөгдсөн үү?
Томоохон татвар төлөгчдийн орлого 2015 онд буурахаар харагдаж байна. Бид ААНОАТ-ыг 2014 оны түвшинд тооцож авсан. Энэ онд тодорхой хэмжээний эдийн засгийн өсөлт гарах хэдий ч ААНОАТ-ыг өсгөхгүй байгаа нь аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа буурах хандлагатай холбоотой юм. Тухайлбал уул уурхайн салбарын томоохон компаниудын хувьд зэс, нүүрсний үнийн бууралттай холбоотой тоо хэмжээний бууралт гарч болзошгүй эрсдэл байгаа учир томоохон компаниудаас төвлөрүүлэх татварын хэмжээ 2014 оны хэмжээнд байна гэж төсөөлсөн.

Газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмлээ. Компаниудтай энэ талаар ярилцаж тохирсон зүйл бий юу? Жижиглэн төдийгүй бөөний хэрэглэгчид шатахууны үнэ буураасай гэж хүсч байна шүү дээ?
2014 оны нэгдүгээр сард  Засгийн газрын тогтоолоор 90-ээс доош октантай шатахуун дээр 30 мянган төгрөг, 90-ээс дээш октантай шатахуун дээр 0, дизель түлшин дээр 30 мянган төгрөгийн Онцгой албан татвар тавьсан. Ийм байдлаар бид 2015 онд 23 тэрбум орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ гэж батлагдсан төсөвт тусгасан. Тодотгосон төсөв дээр 251 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг төрлөөс нь хамааруулан тонн тутам 252.000-265.000 төгрөгөөр тогтоон хэрэгжүүлж байна.

Юутай холбоотой гэхээр газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ нэлээд буурсан. Хилийн үнэ буурсан үед татвараа нэмэх, хилийн үнэ өссөн үед татвараа бууруулах замаар жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах бодлого бий.

Олон улсын судлаачдын үзэж байгаагаар энэ онд газрын тосны үнэ 50-60 ам.доллар буюу одоогийн байгаа түвшинд хэлбэлзэнэ гэсэн таамаглал байгаа. Буцаж 100 доллараас дээш гарч огцом өснө гэсэн хүлээлт байхгүй. Тийм болохоор 2015 оны туршид Онцгой албан татварыг одоо байгаа түвшинд нь  хадгалах боломжтой гэж үзэж байгаа.

Манайд бөөний үнэ жижиглэнгийн үнээс өндөр байдаг ганц бүтээгдэхүүн нь дизель түлш. Бөөний үнээр авдаг уул уурхайн компаниуд түлшний үнийг бага ч гэсэн буулгаж болдоггүй юм байх даа гэж ярьж байна. Түлшний үнэ нийт зардлын 30 гаруй хувийг эзэлдэг. Энэ тал дээр зохицуулалт хийх боломжтой юу?
Зах зээлийн зарчмаар үнэ буулгах асуудлыг импортлогч компаниуд ярьж байгаа. Ойрын хугацаанд тооцоо судалгаа хийгээд нэг шийдэлд хүрэх байх. Ер нь бол дотоодын зах зээлийн жижиглэнгийн үнэ өсч буурч, байнга савлагаатай байхаас илүү тогтвортой байх нь чухал гэж үзэж байгаа. Тогтвортой байх гэдэг нь нэг үнэ дээрээ гозойно гэсэн үг биш. Өсөлт, бууралт харьцангуй бага байх нь зүйтэй юм гэдэг шийдэлд бид нэлээд удаан ярилцаж байж хүрсэн. Яагаад гэхээр манайд шатахууны үнэ 50 төгрөгөөр өсөхөд талхны үнэ 10 хүрэхгүй төгрөгөөр өсөх тооцоо байдаг. Гэтэл манайд дагаад 50-100 төгрөгөөр автоматаар өсдөг. Шатахууны үнэ эргээд 50 төгрөгөөр буурахад талхны үнэ буурахгүй үлддэг. Энэ нь үнийн өсөлтөөс хамаарсан зохиомол инфляцийн өсөлт бий болдог. Ганцхан талх биш шүү. Тийм ч учраас бид татварын зохицуулалтаар шатахуун түлшний үнийг тогтвортой барих механизмыг хэрэглэж байгаа.

Монгол улс урьд нь газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татвараар төсвийн орлогын 3% орчмыг төвлөрүүлдэг байсан. Сүүлийн 2 жилд газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ өндөр, дотоодын зах зээлд үнэ нэмэгдэх гээд байсан болохоор Онцгой албан татварыг бууруулах, тэглэх байдлаар үнийг тогтвортой барьсан. Ингэснээр төсөвт төвлөрдөг орлого үндсэндээ төвлөрөөгүй гэж хэлж болно. Өнөөдөр хилийн үнэ буурч байхад дагаад дотоодын үнээ буулгавал татварын орлого байхгүй болно. Хамгийн гол нь бензиний үнэ эргээд өсөхөд бид татварын зохицуулалтгүй болж, үнийг тогтвортой барих боломжгүй болно. Ингэвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдэд жинхэнэ утгаараа хүндээр тусна. Харин цаашдаа хилийн үнэ буурах юм бол татвар нь нэгэнт тавигдсан учраас жижиглэнгийн үнэ буурах боломжтой болно.

Бөөний үнийн тухайд томоохон хэрэглэгчдэд шатахууны найдвартай хангалт, чанартай бүтээгдэхүүн, мөн гэрээгээр зохицуулагддаг төлбөрийн онцлогоос хамаараад бөөний үнэ өндөр байдаг гэж ойлгодог. Гэхдээ өнгөрсөн оны сүүлээс хилийн үнэ буурсантай холбоотойгоор бөөний үнэ жижиглэнгийн үнэтэй ойролцоо болсон. Зарим тохиолдолд жижиглэнгийн үнээс хямдхан ч болсон байх.

Хилийн үнэ одоо хэд болсон байгаа вэ? Татвар нь нэмэгдчихээр бөөний үнэ буцаад л өснө гэсэн үг үү?
Татвар нэмэх асуудлыг ганцхан Сангийн яам төсвийн орлогоо бодоод шийдэж байгаа зүйл биш. Уул уурхайн яам, газрын тосны газар, компаниудын төлөөлөлтэй уулзаж, харилцан зөвшилцөж байж шийдвэрлэдэг.

Хилийн үнэ бараг 50 хувь буурч, 500-600 орчим доллар болсон байгаа. Газрын тосны үнэ өндөр байх үед 1000 гаруй доллар байдаг байсан.