Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

BHP-ийн ашиг хагас жилийн дүнгээр 47%-иар буурав

Дэлхийн хамгийн том уул уурхайн компани BHP өнөөдөр өнгөрсөн оны хоёрдугаар хагасын буюу 2015 оны санхүүгийн эхний хагас жилийн тайлангаа мэдээллээ. Тус тайланд дурдсанаар компанийн цэвэр ашиг мөн хугацаанд 4.27 тэрбум доллар болж, өмнөх оны мөн үед 8.11 тэрбум доллар байснаасаа 47%-иар буурчээ. Энэ нь дэлхийн зах зээлд тус компанийн худалдаалдаг гол эрдсүүдийн үнэ буурсантай шууд холбоотой юм. Ийм нөхцөлд BHP компани зардлаа бууруулах алхмыг үр дүнтэй авч хэрэгжүүлснээр өртгөө хэмнэж чадсан байна. Тухайлбал өнгөрсөн оны сүүл хагаст нийтдээ 2.4 тэрбум доллараар зардлаа бууруулжээ. BHP энэ санхүүгийн жил зардлаа хамгийн багадаа 3 тэрбум доллараар танахаар төлөвлөжээ.

Мөн хугацаанд тус компанийн төмрийн хүдрийн олборлолт 15%-иар нэмэгдэж, 124 сая тоннд хүрч, дээд амжилт тогтоосон ч уг бүтээгдэхүүний борлуулалтаар 8.4 тэрбум долларын орлого олсон нь бууралттай гарчээ. Өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 11 тэрбум доллар байсан юм. Учир нь өнгөрсөн оны хоёрдугаар хагасын үед төмрийн хүдрийн тонн тутмын дундаж үнэ 70 ам.доллар байсан бол 2013 оных 112 ам.доллар байжээ. Коксжих нүүрсний олборлолтын хувьд ч мөн дээд амжилт тогтоож, 26 сая тоннд хүргэсэн байна. Тус компани 2014 оны санхүүгийн жилд 204 сая тонн төмрийн хүдэр, 45 сая тонн коксжих нүүрс олборлосон бол энэ санхүүгийн жилд 225 сая тонн төмрийн хүдэр, 47 сая тонн коксжих нүүрс олборлохоор төлөвлөжээ.

Тус компанийн орлогын багагүй хувийг бүрдүүлдэг газрын тосны үнэ өнгөрсөн оны хоёрдугаар хагаст 50%-иар буурсан нь ашиг буурахад чамгүй нөлөөлжээ.

BHP өнгөрсөн оны сүүл хагаст буюу 2015 оны санхүүгийн жилийн эхний хагаст тоног төхөөрөмжийн зардал болон хайгуулд зарцуулах санхүүжилтээ 23%-иар бууруулж, 6.4 тэрбум доллар болгожээ. 2015 оны санхүүгийн жилд уг зардалд BHP нийтдээ 12.6 тэрбум долларыг төлөвлөсөн бол 2016 оны санхүүгийн жилд илүү бага буюу 10.8 тэрбум доллар зарцуулахаар тогтжээ.

Хэдийгээр BHP зах зээлийн хүнд нөхцөлд санхүүгийн хатуу бодлого барьж ажиллаж буй ч хувьцаа эзэмшигчдэдээ өгөх эхний хагас жилийн ногдол ашгийн хэмжээгээ 5%-иар нэмэгдүүлж, 62 америк цент болгоно гэдгээ “амлаж“ байна.



Б.Төгс