ОХУ-ын Якут дахь газрын ховор элементийн Томтор ордын олборлолт 2017 онд эхэлнэ гэж төслийн оператор компани “Восток Инженеринг” мэдэгджээ. Эл ордын таамаг нөөц нь 154 сая тонн юм. Нөөцийн металын агууламж өндөр учир зах зээлийн эрэлт их байх бөгөөд түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт нь Якутын бүс нутаг дахь хөрөнгө оруулалтын бусад төслүүдийг хөдөлгөх түлхэц болно гэж шинжээчид онцолж байна.
Томторын орд дахь анхны өрөмдлөг 2015 оны нэгдүгээр улиралд хийгдэх аж. 2017 он хүртэл хайгуулын нэмэлт ажлууд хийгдэж, ТЭЗҮ-ийг боловсруулах бөгөөд 2020 он хүртэл боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Ордоос жилд 10 мянган тонн газрын ховор элемент олборлох гэнэ.
Дэлхийд томоохон тооцогдох Томторын орд газарт 2034 он хүртэл хайгуул, олборлолт явуулах эрх бүхий лицензийг 2014 оны тавдугаар сард олгосон байдаг. Тендерт ялсан ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” 25%, “ИСТ групп” 50%-ийн эзэмшилтэйгээр хамтран төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Восток Инженеринг” компанийг байгуулсан юм.
Орос нь 2020 гэхэд газрын ховор элементийн импортоос бүрэн татгалзах төлөвлөгөөг төрийн хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байна. Тус улсын Худалдаа, үйлдвэрийн яамны тооцоогоор 2020 онд Оросын газрын ховор элементийн нийт хэрэгцээ жилд дунджаар 5-7 мянган тоннд хүрэх гэнэ. Томтор ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг амжилттай хэрэгжүүлснээр тус улс жилд 7-10 мянган тонн газрын ховор элемент экспортлох боломж нээгдэж байгаа юм. Орос нь дэлхийн газрын ховор элементийн зах зээлийн 2%-ийг хангадаг билээ.
Э.Од