Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, GIZ хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Ульрике Эбелинг нар Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” /ЭТИС/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Тус хөтөлбөр нь Монгол улсын Засгийн газар, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн 3 чиглэлийн хүрээнд хэрэгжиж буй аж. I үе шатыг 2012 оны аравдугаар сараас 2014 оны долдугаар сар хүртэл Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран амжилттай хэрэгжүүлсэн бол II үе шатыг Аж үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа юм.
ЭТИС хөтөлбөр нь Монгол улсын уул уурхайд түшиглэсэн үндэсний их бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахад чиглэж байгаа бөгөөд үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхийг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэнэ хэмээн Аж үйлдвэрийн яамныхан онцоллоо.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг 2011 онд Монгол улсад айлчлах үеэр үзэглэсэн Монгол-Германы Ашигт малтмал, технологийн салбарын хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэхэд ЭТИС хөтөлбөр ихээхэн хувь нэмрээ оруулсан байна.
ЭТИС хөтөлбөр нь эдийн засгийн сайн засаглал, компанийн нийгмийн хариуцлага, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, Япон улстай чөлөөт худалдааны гэрээг байгуулах багийг чадавхижуулах, төрийн хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийн тооцоо, дүн шинжилгээ хийхэд хүний нөөц бэлтгэх гээд олон чиглэлд анхаарчээ.
Түүнчлэн алтаар эцсийн бүтээгдэхүүн бий болгох боломж, ЭПИСИ / EPC/ гэрээний ойлголтыг томоохон бүтээн байгуулалтад ашиглах талаар сургалт, гарын авлага, Монголын боловсруулах үйлдвэр, уул уурхайн салбарт ажилладаг боловсон хүчнийг ХБНГУ-д дадлага хийлгэх, Эрдэс баялгийн биржийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлогын төсөл, Өмнөговь, Орхон, Өвөрхангай аймгуудад жижиг, дунд үйлдвэрийг чадваржуулж, уул уурхайн ханган нийлүүлэгч болгох хөтөлбөр, Байгаль орчинд учруулсан хохирлыг биотопын аргаар тооцох аргачлалын төсөл гээд маш олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.
Төслийн I үе шатыг хэрэгжүүлэхэд нийт 5 сая еврогийн санхүүжилт хийгджээ.
Монгол улс болон ХБНГУ-ын Засгийн газар энэхүү хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцон 2014 оны есдүгээр сарын 5-нд гарын үсэг зуран баталгаажуулсан юм.
Г.Идэр