Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ 5900 долларыг давж өсөв

Он гарахад нэг тонн нь 6300 ам.долларын ханштай байсан аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн сард нийтдээ 14%-иар буураад байсан билээ. Үнэ ийнхүү буурч, хоёрдугаар сарын хугацаанд ханш бага зэрэг өссөн ч 5700 ам.доллараас нэг их хөдлөхгүй байсан. Харин өчигдөр буюу пүрэв гаригт зэсийн үнэ  Лондоны металын бирж дээр шууд худалдааны үнэ нь 5935 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ нь 5913 ам.доллар/тонн болж өсчээ. Ийнхүү үнэ өсөхөд АНУ, Хятадын эдийн засгийн харьцангуй сайн үзүүлэлт болон газрын тосны үнэ тогтвортой байгаа нь голлон нөлөөлжээ.

Өчигдрийн хувьд зэсийн үнэ ганцхан өдрийн дотор тонн тутамдаа даруй 130 ам.доллараар дээшилсэн байна. Өмнөх өдөр нь буюу өнгөрсөн лхагва гаригт мөн зэсийн үнэ бараг 100 ам.доллараар өссөн юм. Нэгдүгээр сарын сүүлээр зэсийн үнэ 5400 ам.долларт хүрэхгүй болтлоо ханш нь огцом буураад байсан.

Гэхдээ зах зээл шинжээчдийн хувьд энэхүү үнийн өсөлт нь мөн 2015 онд зэсийн гол уурхайн үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр багасах төлөвтэй байгаагийн үр дүн гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт төдийлөн ихсэхгүй байх сургаар зах зээлд тоглогчид хөдөлж эхэлсэн байж болох таамгийг шинжээчид дэвшүүлж байна. “Рио Тинто”, BHP Billiton, Glencore зэрэг зэсийн гол үйлдвэрлэгч компаниуд зэсийн үйлдвэрлэлээ бүгд тодорхой хэмжээгээр бууруулахаар төлөвлөсөн юм.

Энэ оны байдлаар зэсийн үнэ дунджаар 6000-6500 ам.доллар/тонн байх таамгийг хөрөнгө оруулалт, банк санхүүгийн байгууллагууд дэвшүүлсэнтэй харьцуулахад зэсийн үнэ доогуур хэвээр байна. Нөгөөтэйгүүр зэсийн үнэ буцаад буурч болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

 

Б.Төгс