Хятадын хөрөнгө оруулагчдад Оросын ашигт малтмалын стратегийн орд газрын 50%-ийг эзэмших эрхийг олгох боломжтой тухай Красноярскийн эдийн засгийн форум дээр ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворкович мэдэгджээ. ОХУ-ын Засгийн газар энэ асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн, улс төрийн ямар нэгэн саад бэрхшээл харахгүй байгааг тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Хоёр улс уул уурхайн салбарт томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслүүдэд талууд 50:50, 51:49 хувь эзэмших боломжтой гэв. ОХУ-ын Ерөнхий сайдын 1 дүгээр орлогч Игорь Шувалов Оросын газрын тос, байгалийн хийн стратегийн аль ч орд Хятадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болохыг Давосын эдийн засгийн форумын үеэр мэдэгдэж байжээ.
Оросын дотоодын эдийн засгийн өнөөгийн таагүй байдлын улмаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор стратегийн ордод гадаадын хувь эзэмшлийг 25% болгох, 25-49%-ийг Засгийн газрын шийдвэрээр эзэмшүүлэх саналыг тус улсын Байгаль орчны яамнаас дэвшүүлээд буй. Төрийн думд өргөн барьсан энэхүү саналд 70 сая тонн газрын тос, 50 тэрбумаас дээш м3 байгалийн хий, 50 тонноос дээш алтны тус тус нөөцтэй стратегийн орд газарт гадаадын хөрөнгө оруулагч 25%-ийг эзэмших эрхийг олгохоор тусгажээ. Одоогийн үйлчилж байгаа хуулийн дагуу стратегийн ордын 10%-иас дээш эзэмшлийг Засгийн газрын зөвшөөрлөөр олгодог байна.
Э.Од