Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн болжээ. Уг зөвлөгөөнөөр эрчим хүчний салбарын 2014 оны үйлдвэр, хэрэглээний гүйцэтгэл, салбарын үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн байна.
Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд 2014 онд 5476,7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 7075,5 мян. Гкал эрчим хүч үйлдвэрлэжээ. Эрчим хүчний үйлдвэрлэлийг 2013 онтой харьцуулахад цахилгаан эрчим хүч 6,7 хувиар буюу 344,4 сая кВт. цагаар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4,3 хувиар буюу 305.2 мян.Гкал-аар тус тус өсчээ.
2014 онд нийтдээ ОХУ-аас 389,98 сая кВт.цаг, БНХАУ-аас 999,26 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 208.06 сая кВт. цагаар буюу 17,6 хувиар өссөн байна.
2014 оны байдлаар Монгол улс нь ОХУ-аас 7 чиглэлээр, БНХАУ-аас 11 чиглэлээр тус тус цахилгаан эрчим хүч худалдан авсан гэдгийг тайланд тусгажээ.
Мөн Монгол улс 2014 онд нийтдээ 6897.4 сая кВт. цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээний 76,5 хувийг ДЦС-ууд, 2,8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, 20,1 хувийг импортын эрчим хүчээр хангасан байна.
2014 онд эрчим хүчний салбарын хэмжээнд ДЦС-3-ын хүчин чадлыг 50 Мвт-аар, ДЦС-4-ын хүчин чадлыг 123 МВт-аар тус тус өргөтгөх, Амгалан Дулааны цахилгаан станцыг барих, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн төвд Дулааны станц, дулааны шугам сүлжээ барих зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн тухай Эрчим хүчний яам мэдээллээ.
Тэгвэл 2015-2016 онд эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ДЦС-3-ын 250 Мвт-ын төслийн ажлыг эхлүүлэх, Дархан ДЦС-ын 35 Мвт-ын өргөтгөл, Эрдэнэт, Дорнодын ДЦС-ын өргөтгөлийг эхлүүлэх ажил хийгдэх аж.
Г.Идэр