Оросын уул уурхай, металургийн “Мечел” компани Якут дахь Элга нүүрсний ордоос БАМ хүртэлх 321 км төмөр замыг РЖД компанид шилжүүлэхийг зээлийн банкууд зогсоосон байна. Тус компанийн Ерөнхий захирал Олег Коржовын мэдэгдэснээр төмөр замыг РЖД компанид шилжүүлсэн бол компани төмөр замд зориулах зардалгүй болж, олон улсын хөрөнгө оруулагчдад ч Элга ордын төслийг илүү сонирхолтой болгох байсан гэв. Тэрээр “Ямар ч компанид 300 гаруй км төмөр замыг арчилна гэдэг үйл ажиллагаанд томоохон хэмжээний зардал нэмэгдэж байгаа юм. Гэтэл зээлдэгч банкууд уг төмөр замыг ирээдүйд үнэд хүрэх гүйлгээтэй “бараа” гэж үзэн РЖД компанид шилүүлэх үйл ажиллагааг зогсоосон юм. Гэхдээ бид цаашид ч төмөр замыг худалдах олон хувилбарыг судлах болно” хэмээн тодруулжээ.
Уг төмөр замыг РЖД компани сонирхож байгаа ч санхүүгийн хувьд төрийн дэмжлэгтэйгээр худалдан авах боломжтой талаар РЖД компанийн тэргүүн Якунин мэдэгдэж байсан билээ. Гэвч одоогоор Оросын Засгийн газар энэ тал дээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй байгаа учир РЖД компанийн мэдэлд шилжүүлэх хувилбарыг Мечел компани сонгосон аж.
“Мечел” нь Элга ордын төслийн төмөр замыг худалдах асуудлаар РЖД компанитай 2014 оны 10 дугаар сараас хэлэлцээр хийсээр ирсэн юм. Уул уурхайн компанийн хувьд төслийн хүрээнд 2011 онд 321 км төмөр замыг барьж байгуулсан байдаг. Төмөр замын бүтээн байгуулалтын зардал 70 тэрбум рублиэр үнэлэгдэж буй.
Э.Од