2014 онд уул уурхай, металын салбарт 17 IPO хийгдэж, нийт 1.5 тэрбум доллар босгосон хэмээн “Эрнст Янг” компанийн 2014 оны уул уурхайн салбарын тайланд дурджээ. Босгосон хөрөнгийн хэмжээний хувьд 2013 оныхоос давсан ч IPO есөөр буурсан байна.
Австралийн үнэт цаасны бирж дээр хамгийн олон буюу 7 IPO хийгдэж, 76 сая доллар босгожээ. U&D Coal компанийн босгосон 45 сая доллар хамгийн том IPO-д тооцогдож байна. Торонтогийн хөрөнгийн бирж дээр хоёр IPO хийгдсэн ч босгосон мөнгө нь 1 сая доллар аж. Харин босгосон хөрөнгийн хэмжээгээр хамгийн том IPO-д Хятадын 3 дахь том нүүрс олборлогч Shaanxi Coal Industry компани орж байна. Тус компани Шанхайн хөрөнгийн бирж дээр 662 сая долларын IPO хийсэн нь 2014 онд IPO-оор босгосон хөрөнгийн 44%-ийг дангаараа бүрдүүлж байна. Мөн АНУ-ын нүүрсний Foresight Energy компани Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, 350 сая доллар босгожээ.
Түүнчлэн 2014 онд нийт 2000 гаруй
компани нэмэлт хувьцаа гаргах замаар 21.4 тэрбум долларыг босгосон нь өмнөх
оныхоос мөн л буурсан үзүүлэлт юм. Үүнээс 1230 жижиг компани нэмэлт хувьцаа
гаргаж, 5.5 тэрбум доллар босгосон нь өмнөх оныхоос 7.7%-иар буурсан
байна .Нэмэлт хувьцаа гаргасан компаниудаас хамгийн том хөрөнгийг “Туркойз Хилл
Ресурс” компани босгожээ. Тус компани өрөө дахин санхүүжүүлэх замаар 42%-ийн хямдралтай
үнээр нэмэлт хувьцаа гаргаж, 2.4 тэрбум долларын санхүүжилт босгосон юм. Үнийн
дүнгээрээ хоёрдугаарт Saudi
Arabian Mining Company /Ma’aden/ -ын
босгосон 1.5 тэрбум доллар орж байна.
С.Болд-Эрдэнэ