Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Нүүрс, төмрийн хүдрийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжих шаардлага тулгарчээ

Б.Төгсбилэгт

Уул уурхайн бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх нь үнэхээр хатуу тоглоом ажээ. Энэ салбарын хөрөнгө оруулагчид үргэлж л уул уурхай бол үлэмж хөрөнгө оруулалт шаардсан, ихээхэн эрсдэлтэй салбар гэж учирлацгаадаг билээ. Эрдсийн зах зээл өгсөж уруудах мөчлөгтэйг бид мэддэг ч яг ийм хүнд тохионо гэж бараг тооцоолоогүй биз ээ. Өнгөрсөн 2014 онд манай улс үнэхээр “хатуу тоглоом”-д хүч үзсэнээ ойлгоод зогсохгүй эдийн засгаараа бүрэн дэнчин тавьчихсан байснаа хожимдож ухаарсан аятай “бүсээ чангалцгаая” гэсэн утгатай үгсийг “төрийн томчууд” болон “эрдэмтэн мэргэд” хэлж уриалцгаах болов. Яаж ийгээд “өгье” гэдэг манай төр засаг, одоо яаж ийгээд “хэмнэе” гэдгээ оройтсон ч нэрэлхэлгүй хэлж буй нь сайн хэрэг.

Тэд ингэж хэлж байх зуур 2015 онд зах зээлийн нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй гэсэн таамгийг олон улсын эрдсийн зах зээл судалгааны байгууллагууд дэвшүүлж байна. Нэгэнт уналтад орсон зах зээл сэргэх нь ойрын хугацаанд бараг боломжгүйг хөрөнгө оруулалтын томоохон банкууд тайлбарлахдаа эрдсийн түүхий эдийн үнийн “өсөлтийн үе өндөрлөв” гэсэн сануулга өгч буй юм. Ийм уур амьсгалд өнгөрсөн хэдэн жил Монголын эдийн засгийн “тулгын гурван чулуу” болсон нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн салбар амаргүй замыг туулан тэмцэж явна. Гэвч энэ гурваас нүүрс, төмрийн хүдэр хоёрынх нь экспортын “хүч тамир” барагдаж, бүрэн туйлдаж эхэллээ гэхэд буруудах зүйлгүй болжээ.

Үнэндээ нүүрсний салбарын туйлдах үйл явц аль 2012 оны сүүлээс аажмаар эхэлсэн юм. Монголчууд төдийгүй дэлхийн зарим шинжээч угтан ирэх өнөөгийн хүнд байдлыг тооцоололгүй манай эдийн засгийн чадавхид итгэлтэй нь аргагүй баталгаа өгч байсан юм. Ойрын 10, 20 жилд хоёр оронтой тоогоор өсөх эдийн засагтай Монгол гэдгээр нь тэд “халамцуухан” зөгнөж, үүнийг сонордсон бид ч яг л тийм байх мэтээр эрдэж байв. Гэвч 2014 оны өсөлт 10 гаруй хувьтай байна гэж төсөөлсөн нь 6.9% руу огцом буурлаа.
Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багасч, экспортын эрдсийн үнэ буурсан зэрэг хоёр том нөлөөллийн хавсарсан хүч Монголын эдийн засгийг ядах юмгүй туйлдуулж буй энэ үйл явдлын өрнөлөөр дэлхий нийт Монголыг тольдох болсон нь гадны хэвлэлүүдийн мэдээллээс тод харагдана.

Чухамдаа манай улсын уул уурхайн салбарт өгөөж арвинтай урин дулаан улирал өнгөрч буй нь илэрхий байна. Таатай улирлыг хүлээхээсээ илүү таагүй цагт хэрхэн хатуужиж басхүү ухаан зарж, хамтын хүчээр тэсч үлдэх тухайгаа бодох шаардлага Монголын уул уурхайн салбарынхан болон шийдвэр гаргагчдад тулгараад байна.




Үүрдийн андууд нүүрс, төмрийн хүдэрт юу тохиолдсон бэ?

Одоо зэсийн баяжмал, ялангуяа монголчуудын эртний анд бөгөөд саалийн үнээ нь байсаар ирсэн “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зүтгэн Монгол хэмээх тоонот гэрийн багана болон үлдсэн мэт харагдаж байна. Оюутолгойн баяжмал бүтээгдэхүүнийг оруулбал экспортын дийлэнхийг зэс бүрдүүлэх нь тодорхой байна. Эрдсийн зах зээлд он дараалсан үнийн бууралт ажиглагдаж буй ч зэсийн хувьд энэ байдал харьцангуй гайгүй   гэж үзэж болохоор байгаа юм.

Гэвч эрдсийн зах зээл, тэр дундаа төмрийн хүдэр, коксжих нүүрсний зах зээл нэн таагүй байгааг энд дахин тэмдэглэе. Ган хийхэд энэ хоёр “үүрдийн анд” хэзээд хамт оролцож байх жамтай төдийгүй нэг нь үнэгүйдэхэд нөгөө нь даган ханш буурч, нэгийнх нь үнэ өсөхөд нөгөө нь чирэгдээд ч атугай дээшилдэг учиртай. 2014 онд анхандаа 6.9 их наяд төгрөгөөр төлөвлөсөн төсөвт эзлэх мөнгөн дүнгийн хувиараа нүүрс 8.5%, төмрийн хүдэр 2% байхаар чамгүй өндөр дүнтэй тусгагдсан ч тухайн жилийн хувьд эрдсийн зах зээл аашаа хувирган, огцом уналтын жил тохиосон нь дээрх төлөвлөгөөг зэрэглээ болгож хувиргасныг өнөөдөр хэн бүхэн мэдэж байгаа. Ялангуяа төмрийн хүдрийн хувьд 2014 онд 50% буурна гэж хэн ч төсөөлөөгүй байсан юм. Улсын экспортын орлого бүрдүүлэлтээр эхний жагсаалтыг эзэлдгээрээ, манай улсын эдийн засагт валютын урсгалыг эрчимжүүлэгч болдог үүрэгтэйн хувьд нүүрс болон төмрийн хүдрийн салбар тун их ач холбогдолтой.

Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ 2014 оны эхэнд 140 ам.доллар/тонн байсан нь мөн оны сүүлд 70 доллар болжээ. Төмрийн хүдрийн “үүрдийн анд” коксжих нүүрсний үнэ олон улсад 2014 онд 15%-иар буурсан. Одоо коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 100-120 ам.доллар байна. Нүүрсний зах зээлийн байдлыг Мacquarie, Deutsche Bank, Credit Suisse, Citigroup, BREE зэрэг байгууллага харгалзан үзэж, 2015 оны байдлаар   коксжих нүүрсний үнэ өсөхгүй бөгөөд тонн тутмын үнэ дунджаар 120 ам.доллар байх төлөв гаргажээ. Харин урт хугацаандаа нүүрсний үнэ харьцангуй өсөх боломжтойг эдгээр байгууллагын судалгаанд дурджээ.
Манай улсын экспортын гол зах зээл болох Хятад улс өнгөрсөн 2014 оны 11 дүгээр сарын байдлаар нийтдээ 55 орчим сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээсээ 18.75%-иар буурсан үзүүлэлт болсон юм. Шинжээчид Хятад улсыг 70 сая тонн нүүрс импортолно гэсэн таамаг дэвшүүлсэн байсан ч энэ тоо биелэхгүй нь ойлгомжтой болжээ. Өнгөрсөн 11 дүгээр сарын байдлаар Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх сарынхаасаа 8.8%-иар доошилж, 4.96 сая тонн болжээ.

Үндэсний статистистикийн хорооны гаргасан дүнгээр тооцож үзэхэд өнгөрсөн 2014 оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспортын дундаж үнэ тонн тутамд 44 ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үед уг үзүүлэлт 62 ам.доллар байсантай харьцуулахад 30 орчим хувиар буураад байгаа юм. Мөн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ  өмнөх оны 11 сарын байдлаар нэг тонн нь 95 доллар байсан бол энэ жилийнх 72 ам.доллар болж буурчээ. Харин 2014 оны 11 дүгээр сарын тухайд авч үзвэл дундаж үнэ ердөө 60 ам.доллар болж буурчээ. Дээрхээс нүүрс, төмрийн хүдрийн үнийн түвшин хэрхэн доошилсныг түвэггүй харж болно.

Нөгөөтэйгүүр, Сэхээ боомт дээр Монгол нүүрсний үнэ оны эхээр нэг тонн нь дунджаар 400 юань байсан бол оны сүүлээр 300 юань болтлоо буурсан тухай China Coal Resource-ийн тайланд дурджээ. Нүүрс, төмрийн хүдрийн хувьд зөвхөн үнэ буураад зогссонгүй. Худалдан авагч талуудын эрэлт тааруухан байгаа нь нэмэлт хүндрэл үүсгэж буй юм. Дээр нь Монголын эрдэс Хятадын гол хэрэглээ бүхий мужуудад шууд хүрч чаддаггүй тул тус улсын хойд бүс нутаг, ялангуяа Өвөрмонголын нутагт орших хямд үнэтэй эрдэс бүтээгдэхүүнтэй өрсөлдөх шаардлагатай болдог билээ. Иймд дэлхийн зах зээлийн үнээр бараагаа борлуулах ажил биеллээ олдоггүй гэхэд болно.

Гэхдээ манай эрдэс бүтээгдэхүүний давуу тал зөвхөн үнэ биш юм. Манай нүүрс Хятадынхыг бодвол илүү чанартай тул тус улсын компаниуд худалдаж авах сонирхолтой, манай төмрийн хүдрийг авч өөрсдийн агуулга багатай хүдэртэй хольж баяжуулах нь урд хөршийн компаниудад ашигтай. Иймд цаашид нүүрс, төмрийн хүдрийн экспорт огцом буурна гэж үзэх үндэслэл алга.  Гэсэн хэдий ч Хятадын гангийн үйлдвэрлэлийн өсөлт саарч, гангийн экспорт   буурч буй тул манайхаас авдаг хэмжээгээ бууруулж мэдэх юм. Дээр нь ирэх онд зах зээл бүр муудвал манай компаниуд ч үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрч мэднэ. 2015 онд нүүрс, төмрийн хүдэр экспортлогчид ашигтай ажиллаж чадахгүй нь ойлгомжтой болжээ. Тэгэхээр манай улсын гол экспортын нөхцөл байдал тун ч эгзэгтэй байна.






Зах зээл тааруугаар тогтохгүй өөр гадаад хүчин зүйл бий болов

Нүүрсний зах зээлийн хувьд 2014 оны 10 дугаар сард Хятадын Засгийн газар импортын нүүрсэнд тонн тутамд нь 3-6%-ийн татвар тогтоосон нь тэртээ тэргүй зүдэрч буй нүүрс экспортлогчдод үнэхээр “дайран дээр давс үрсэн” хэрэг болсон. Гэхдээ Хятадын дотоодын нүүрсний салбар өөрөө бүхэлдээ уналтад ороод буй тул гал унтраах арга хэмжээ авсан нь энэ байлаа.

Өнгөрсөн 11 дүгээр сард манай улсын Засгийн газар гүйдэл суудлаа олохгүй бужигнаж байх зуур Австралийн Засгийн газар Чөлөөт худалдааны гэрээг Хятадын талтай зурж чадсан. Хэдийгээр Чөлөөт худалдааны гэрээгээр Австралийн эрчим хүчний нүүрсэнд ногдуулах 6%-ийн татварыг 2 жилийн хугацаанд хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн ч коксжих нүүрсэнд ногдуулах 3%-ийн татварыг нэн даруй тэглэхээр шийдвэрлэжээ. Энэ бол Монголын нүүрс Австралийнхыг бодвол тэр чинээгээр өрсөлдөх чадвараа алдаж буй бас л сөрөг үр дүн юм.

Бидний өрсөлдөгч зөвхөн Австрали биш ээ. Дээр нь АНУ, Канад, Оросын тал экспортоо ахиулах бүртээ сэтгэл өегшин суугаа.
Хятадын эдийн засгийн өсөлт 2014 онд 7.4%-тай гарахаар тооцсон бол 2015 онд 7.1% болж өсөхөөр байгаа юм. Түүнчлэн тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт эзлэх хөрөнгө оруулалтын хэмжээ ирэх онд төдийлөн сайн байхгүй байх шинж оров. Орон сууцны барилгын салбар нь тус улсын гангийн хэрэглээний 24.5%-ийг эзэлдэг билээ.

Цаашдаа төмрийн хүдрийн зах зээл ч сайнгүй байх төлөв эндээс үүдэлтэй юм. Улс орнууд эдийн засгийн төлөв таамаглалдаа төмрийн хүдрийн үнийн 2015 оны түвшинг бүр 60 ам.доллар гэж бичих болжээ. Хятадын гангийн эрэлтийн өсөлт тааруу байх төлөвтэй байгаагийн зэрэгцээ “Рио Тинто”, BHP, “Вале” зэрэг компаниуд нийлүүлэлтээ өсгөж, олборлолтын зардлаа бууруулахаар зэхэж байгаа юм. Гэхдээ тэд цаашид зэсийн төсөлд илүү анхаарал хандуулах зорилт тавьж байгаа нь цаагуураа төмрийн хүдрийн төсөл ашиг багатай болсныг гэрчилнэ.

Тэдний олборлолтын хүчин чадал нэмэгдэхийн хэрээр тонн тутам дахь зардал нь багасч буй юм. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр зардал ойролцоогоор 30-40 ам.доллар, бүр үүнээс ч доогуур хэмжээнд хүрч буурахаар байна. Энэ нөхцөлд тэд ямар ч байсан зах зээлийн шуурганд хотойхооргүй болж чадах гэнэ. Нэг тодорхой зүйл бол тэдний төлөвлөгөөний дүнд Монгол зэрэг жижиг нийлүүлэгчид шууд “модоо барих” юм. Бас нэг сонирхол татаж буй зүйл нь Хятадын дотоодын асар өндөр зардал бүхий уурхайнууд хэрхэх вэ гэдэг асуудал юм. Мэдээж зах зээл илүү доошилбол тус улсын дотоодын компаниуд ч тэсч үлдэж чадахгүй. Засгийн газрын татаасаар л явж таарна. Үүний нэг илрэл нь Хятадын Засгийн газар дотоодын төмрийн хүдэр олборлогчдын татвар 20-30% байгааг 10%-д хүргэж бууруулах боломжийг судалж эхэлжээ.

“Хямд брэнд”

Манай улсын зарим эдийн засагч Монгол хаана ч байхгүй хямд үнэтэй эрдсээрээ дэлхийд өрсөлдөж буй нь нэг төрлийн Монголын брэнд мөн гэж хэлсэн удаатай. Энэ үгийг эрдсийн зах зээл гайгүй сайн байхад хэлсэн. Харин өнөөдөр дотоодын компаниуд хямд үнээ буулгасаар бүр эцсийн цэгээ давчихаад байна. Үнэхээр ч бодит байдал дээр Монголын эрдэс бүтээгдэхүүн олборлогчид дунд өнгөрсөн 2014 онд алдагдалтай ажиллах “кампанит аян” өрнөсөн гэхэд хилсдэхгүй. Тэртээ тэргүй хямд брэнд дахиад хямдарснаар үнэгүй шахуу өгч буйтай агаар нэг болсон хэрэг.

Өнгөрсөн 2014 онд төсвийн орлого 6.9 их наяд төгрөг байж, уул уурхайн салбараас орох орлого 1.4 их наяд төгрөг байна гэж төлөвлөсөн ч ийнхүү оны сүүлээр нэгдсэн төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 750 гаруй тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд нүүрс, төмрийн хүдрийн үнийн бууралт чамгүй нөлөөлсөн.





Нүүрсний компаниудын нөхцөл байдал

Нүүрсний экспортын чиглэлд “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, МАК, “Саутгоби Сэндс”, “Чинхуа-МАК-Нарийнсухайт”, “Тавантолгой” зэрэг компани голлон үйл ажиллагаа явуулдаг билээ.

Ухаахудагийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Энержи Ресурс” компанийн хувьд өнгөрсөн 2012 онд таван жилийн хугацаатай 8.875%-ийн хүүтэй 600 сая долларын бонд босгосон бөгөөд бусад өр төлбөрийг барагдуулах даалгавар тэдэнд бий. Тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нүүрсээ 100 доллараар худалдаалж чадвал компанийнхаа өрийг барагдуулах бүрэн боломжтой   хэмээн тайлбарлаж байсан. 2014 оны эхний хагасын байдлаар тус компанийн баяжуулсан коксжих нүүрсний борлуулалтын үнэ 85 орчим ам.доллар байсан юм. Харин өнгөрсөн оны 2 дугаар хагаст тус компанийн нүүрсний экспортын дундаж үнэ ойролцоогоор 70 ам.доллар/тонн болж буурчээ.  Монголын компаниуд үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлэхээр зардлаа танаж  буй ч зах зээлийн нөхцөл байдал тэдэнд сөхөө өгөх янзгүй. Зарим мэргэжилтнүүд “Энержи Ресурс” олборлолтын зардлаа дахиад нэмж танах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тус компани 2014 оны 6 дугаар сарын сүүлийн байдлаар 890 гаруй сая ам.долларын өртэй байсан тухай тус компанийн тайланд өгүүлжээ. Ийм нөхцөлд “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corp Хонконгийн хөрөнгийн биржид 200 сая доллар босгохоор нэмэлт хувьцаа арилжсан нь тус компанийн санхүүгийн байдлыг тэтгэсэн нааштай алхам болсон. Гэсэн ч асуудлыг нэгмөсөн шийдэх зүйл бол ашигтай борлуулалт гэдэг нь илэрхий. “Энержи Ресурс” 12 дугаар сарын 18-ны байдлаар 5.2 сая тонн нүүрс экспортолсон байжээ.

Тус компанийн хувьд нүүрсээ баяжуулан хил хүртэл тээвэрлэн борлуулж байгаа бөгөөд бусад компанийн хувьд шууд уурхайн аман дээрээсээ нүүрсээ худалдаж байгаа юм. Нүүрсний уурхайн аман дээрх дундаж үнэ аль хэдийн 30 гаруй ам.доллар хүрч доош буураад байгаа юм.

Овооттолгойн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саутгоби Сэндс” компанийн хувьд маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа. Тус компани Хятадын хөрөнгө оруулалтын корпорацид төлөх ёстой 250 сая долларын өр төлбөр болон “Туркойз Хилл” компанид төлөх ёстой 10 сая долларын зээлийн дарамтад буй юм. Хамгийн гол нь нүүрсний зах зээлийн хүнд нөхцөлд тус компанийн экспортын хэмжээ эрс буурсан нь гол хүндрэл болж байна. Хагас коксжих нүүрсний борлуулалтын үнэ нь тонн тутамд ердөө 18 ам.доллар ч хүрэхгүй байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд Баруун Цанхийн хэсэгт дотоодын олборлогчид болох “Хишиг арвин индустриал” болон “Мера”, MNO гурван байгууллагын тусламжтайгаар хямд олборлолт хийж чадаж байгаа нь сайн хэрэг боловч Хятадын төрийн өмчийн “Чалко”-д төлөх ёстой өрийн үлдэгдэл 110 сая доллар байгаа юм. Тус компани оны эцсийн байдлаар 5.7 сая тонн нүүрс экспортолж, улсдаа тэргүүлсэн бөгөөд ирэх онд 11 сая тонныг олборлохоор төлөвлөжээ.

2014 оны 12 дугаар сард олонхийн таамаглаж байсанчлан Тавантолгойн хөрөнгө оруулагчаар “Энержи Ресурс”, “Шенхуа”, “Сумитомо”-гийн нэгдэл АНУ-ын “Пийбоди”-г ялж шалгарав. Хэдийгээр зах зээл тун хүнд үед тендерийн ялагчийг тодруулсан боловч оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр хөрөнгө оруулагчийг шуурхай шалгаруулж чадсан. Нөгөөтэйгүүр хүнд үед босгосон төсөл сайн цагт бүр ч үр дүнтэй байх нь илэрхий. Энэ гурван компанийн хамтарсан консорциум бол үнэндээ Тавантолгойг олборлоход төгс гэмээр зохицол ч байж болох юм. Японы “Сумитомо” корпорацийн хувьд Австралид нүүрсний хэд хэдэн төсөлтэй, туршлагатай компани. Харин Хятадын төрийн өмчийн “Чайна Шенхуа Энержи” компанийн хувьд эх орондоо өөрийн эзэмшлийн төмөр замын сүлжээтэй бөгөөд Хуанхуа боомт, Шенхуа Тяньжин нүүрсний зогсоолыг эзэмшдэг төдийгүй Цинхуандао, Тянжин боомтоор нүүрсээ гаргадаг тул ихээхэн давуу талтай. “Энержи Ресурс”-ын хувьд үндэсний шилдэг олборлогч гэдгээрээ маргаангүй энд ажиллах нь зүйтэй гэж олон нийт үзэж буй.

Ийнхүү олборлолт, менежмент, худалдааны сүлжээ, үйл ажиллагааны арвин туршлага зэргээ ашиглан тэд сайн гар нийлж ажиллаж чадвал Монгол нүүрс багагүй амжилтад хүрэх хугацаа ойртоно. Энэ консорциумд тавьсан нөхцөл нь 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2.5 жилд байгуулах, дэд бүтэц, төмөр зам байгуулах, “Чалко”-д төлөх өрийг барагдуулах гэх зэрэг олон ажил шил даран хүлээж буй. Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ урьдчилсан байдлаар 4 тэрбум доллараар яригдаж байна.

Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани Зүүн Цанхийн уурхайд Австралийн “Макмахон” компанитай таван жилийн хугацаанд гэрээт олборлогчоор ажиллуулахаар тохиролцсон. Гэвч гэрээний төлбөрөө хийгээгүй тул “Макмахон” олборлолтоо өнгөрсөн 8 дугаар сард бүрэн зогсоосноо мэдэгдсэн. Харин ирэх онд хоёр тал тохиролцож чадахгүй бол хүссэн хүсээгүй “Макмахон”-ыг уурхайгаас үдэж гаргана. Энэ тохиолдолд “Макмахон” “ажлаас халагдсан”-ы гомдол болгож шүүхэд зарга мэдүүлж мэднэ. Ийнхүү сайнтай, муутай жилийг “Эрдэнэс Тавантолгой” үдэж байна.

МАК-ийн тухайд зах зээл хүнд үе тохиож буй ч үндэсний гол экспортлогчийнхоо хувьд нүүрсний нийлүүлэлтээ хэвээр хадгалахыг чармайж буй. Тус компани 2014 оны эцсийн байдлаар нийтдээ 4 сая 40 мянган тонн нүүрс экспортолжээ. Гэхдээ ирэх онд нүүрсний компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадах эсэх нь тун ч эргэлзээтэй байна.

Энд нэг зүйлийг тэмдэглэхэд нүүрсний компаниудын хувьд эдийн засгийн ашиг хийх боломж тун бага болжээ. Учир нь тэдний олборлолтын зардал 20-30 ам.доллар/тонн, үүн дээр татвар хураамж болон бусад зардал нэмэгдсэнээр тэдний одоогийн борлуулалтын 30 гаруй долларын үнэлгээ нь хасах баланстай ажиллах сонголтыг л тэдэнд үлдээжээ.

Хэрэв ашиггүй байна гээд бүх үйл ажиллагаагаа зогсоовол эргээд уурхайгаа сэргээж ажиллуулахад асар их зардал гарахын дээр зах зээлээ алдаж, хэрэглэгчгүй болох аюул Монголын нүүрсчдийг угтана. Мэдээж тэд нийгмийн олон асуудлыг шийдэж, ажлын байр, төсвийн орлого, экспорт, валютын урсгалыг бүрдүүлэлцдэгийн хувьд үйл ажиллагаагаа хадгалж байх нь юу юунаас илүү чухал. 

Өнгөрсөн оны 8 дугаар сард Хятадын Төрийн тэргүүн Си Жинпин Монгол улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын хооронд транзит тээвэр хийх боломжийг нээлттэй болгосны сацуу далайн 8 боомтыг ашиглах үүдийг нээсэн билээ. Манай улс одоо Гашуунсухайт, Ганцмод боомтыг олон улсын статустай болгож, улмаар Хятадын ган үйлдвэрлэлийн гол бүсүүдэд нүүрсээ бирж дээр нь борлуулах үйлсийг ажил хэрэг болгож, дээр нь гуравдагч зах зээлд буюу Япон, Солонгост нүүрсээ худалдаж борлуулах ажлаа түргэвчлүүлэх шаардлагатай талаар “Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Т.Наран ярьж байсан юм. Ингэсэн тохиолдолд Монгол нүүрсний үнэлгээ өсч, дэлхийн зах зээлд бодитоор өрсөлдөх суурь тавигдах боломжтой. Одоо бол манай нүүрсний дийлэнх нь зүгээр л “ченжүүд”-ийн гараар дамжин худалдаалагдаж байгаа нь бид боломжийг бүрэн ашиглахгүй байна гэсэн үг.

Монголын төмрийн хүдрийн компаниудын байдал

Оны дунд үед зах зээлийн үнэ тийм ч таатай байгаагүй. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал одоо бол харин ч сайхан үеийн дурсамж болон үлджээ. Тодруулбал Монголын компаниуд оны дундуур нэг тонн төмрийн хүдрийг дунджаар 70 ам.доллараар худалдаж байсан нь тэдний хувьд тун бага ашигтай ажилладаг үе байв. Тухайн үед олон улсын зах зээлд төмрийн 62%-ийн агуулгатай баяжмалын үнэ 110-120 ам.доллар/тонн байв. Тэгвэл одоо энэ үнэ даруй 40%-иар буурч, ердөө 70 хүрэхгүй ам.долларт хүрчээ. 2014 оны сүүлийн байдлаар Монголын экспортын нэг тонн төмрийн хүдэр буюу 55%-ийн агуулгатай бүтээгдэхүүний борлуулалтын үнэ (компаниудын гар дээр очиж буй мөнгөн дүн) ердөө 43-48 ам.доллар болжээ. Компаниудын олборлолтын зардал дунджаар 45 ам.долларт хэлбэлздэг байна. Одоо “Болд төмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр” зэрэг томоохон компаниудыг эс тооцвол төмрийн хүдрийн экспортыг “ямар ч ашиггүй” байдлаар хийж тэсвэрлэх компани үлдэхгүй нь.

“Болд төмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр”, “Фокус Метал”, “Бэрэн”, “Засаг Чандмань”, “Лутчулуу”, “Mongolia Metals Mining” зэрэг компани үйл ажиллагаа явуулж байгаа ч дийлэнхийнх нь экспорт зах зээлийн таагүй байдлаас үүдэн зогсонги байдалд оржээ. 2014 онд   манай улс 7.8 сая тонн хүдэр экспортлох төсөөлөлтэй байсан юм. Гэвч оны эхний 11 сарын байдлаар 5.5 сая тонн хүдэр экспортолжээ. Ирэх онд Монгол улсын төсвийн танилцуулгад дурдсанаар 5 сая тонн хүдрийг 72.9-80.6 доллар/тонн үнээр экспортолно гэж төсөөлж байсан ч тодотголоор 3.4 сая тонн хүдрийг 52-60 доллар/тонн үнээр худалдах болгож бууруулжээ. Зах зээлийн нөхцөл байдал одоогийнхоос дор орох юм бол экспортын төлөвлөгөө биелэхэд ихээхэн хүндрэлтэй юм. Харьцангуй өндөр агуулгатай бүтээгдэхүүн гаргаж буй компаниудад ч зах зээлийн энэ хүнд байдал санхүүгийн төлөвлөлтөд нь хүнд дарамт болон орж ирж байгаа юм. 

Сайн мэдээ гэвэл Монгол улсад гангийн үйлдвэрүүд үүд хаалгаа нээхээр бүтээн байгуулалтын ажил өрнүүлж буй. “Бэрэн” 35 мянган тонны ширэм хайлах үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 700 мянган тонн нойтон соронзон баяжмал гаргах үйлдвэрээ оны сүүлээр ашиглалтад оруулсан билээ.

Монголын эрдсийн экспортын “амьдрал”-ыг эерүүлэхэд одоо юу хэрэгтэй вэ?

Одоо ганцхан асуулт хамгаас илүү сонирхол татаж буй нь манай эрдсийн экспорт цаашид сайжрах ямар гарц байна вэ? Үгүй гэхэд одоогийнхоосоо дор орчихгүйгээр явах ямар боломж харагдаж байна вэ гэсэн асуулт юм.

Ийм нөхцөлд жижиг, дунд компаниудыг гадаадын байгууллагууд хямдарсан үед нь худалдаж авах аюул нүүрлээд буй нь бас нэгэн асуудал болж байна. Ялангуяа энэ байдал төмрийн хүдрийн салбарт тохиолдож мэдэх юм. Иймд одоогийн чухал нөхцөлд төр засаг нүүрс, төмрийн хүдрийн компаниудыг эдийн засгийн бодлогоор дэмжиж, хамтын ажиллагааны тусгай нэгж байгуулан ажиллах зайлшгүй шаардлага тулгарчээ. Учир нь бусад олон улс, ялангуяа Хятад, Австрали зэрэг орон яг энэ жишгийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ядарсан цагт нь дэмжихгүй бол ирж буй 2015 онд компаниуд бүр туйлдан сөхөрч унах, эсвэл гадаадын эзэмшилд орох байдал газар авч мэдэхээр байна. Энэ тохиолдолд байдал хяналтаас гарч, бүр ч илүү хүндрэх нь ойлгомжтой билээ. Төр засаг компаниудаа бодлогоор дэмжихээс гадна хилийн боомтыг олон улсын статустай болгох, транзит тээврийн гэрээг бодит ажил болгох замаар бүтээгдэхүүнээ аль болох өндөр үнээр худалдах үүд хаалгыг нээх шийдлийг зүй ёсоор хүлээж байна.

Алтны салбар сэргэв

Сүүлийн 5 жил уналтад ороод байсан алтны салбар 2014 онд илт сэргэлээ. Олон улсын нөхцөл байдал гэхээс илүүтэй дотоодын зөв бодлого хэрэгжүүлсэн нь алтны салбарын өсөлтийг бий болгож чадлаа. 2014 онд алтны олборлолтыг 10 тоннд хүргэж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ 10 тонн хүрнэ хэмээн төлөвлөсөн. Уг төлөвлөгөөг давуулан биелүүлж, 2014 оны гүйцэтгэлээр 12.7 тонн алтыг Монголбанкинд тушаажээ. Гол нөлөө нь алтны роялтийг 2.5% болгож бууруулсантай холбоотой. Нийт тушаасан алтны 9.5 тонныг алт олборлогч аж ахуйн нэгжүүд, 3.2 тонн алтыг хувь иргэд тушаажээ. Роялтийг бууруулснаар иргэд буюу “нинжа” нар 3.2 тонн алт тушаасан нь гол ололт гэж хэлж болно. 2013 онд ердөө ганцхан иргэн Монголбанкинд алтаа тушааж байснаас харахад өнгөрсөн жилүүдэд “нинжа” нарын олзворлож, хууль бусаар хилээр гаргадаг байсан багагүй хэмжээний алт Монголбанкинд тушаагдаж байгаа юм.

2015 оны батлагдсан төсөвт нийт 31.3 тонн алт олборлохоор тусгасан. Үүний 21.3 тонн нь Оюутолгойн баяжмал дахь алт юм. Харин төсвийн тодотголд алт олборлолтын хэмжээг бага зэрэг бууруулж, 29.5 тонн болгосон байна. Үүнийг “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэлийн хэмжээ буурахтай холбоотой хэмээн тодотголын төсөлд тайлбарлажээ. Алтны салбараас АМНАТ-өөр 87.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан ч төсвийн тодотголд олборлолтын хэмжээ буурсантай холбоотойгоор 68.9 тэрбум төгрөг болгон бууруулжээ.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо 2015 онд аж ахуйн нэгжүүдийн алт олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийнхээс нэлээд нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Өнгөрсөн жил дан алтны шороон ордын ашиглалт явагдаж байсан бол энэ жилээс алтны үндсэн хоёр ордын ашиглалт эхэлнэ. Тухайлбал Баян Айрагийн үндсэн ордын ашиглалт өнгөрсөн оны 4 дүгээр улиралд эхэлсэн. Энэ жилээс алт олборлолт нь эхэлж, Монголбанкинд алтаа тушаана. 48 тонн алтны нөөцтэй уг ордын олборлолт эхэлсэнээр жилд олборлох алтны хэмжээ нэлээд нэмэгдэх нь тодорхой юм.

Үүнээс гадна Гацууртын алтны үндсэн ордын ашиглалт эхлэхэд бэлэн байгаа. УИХ-аар Стратегийн орд болгох эсэхийг шийдвэл хөрөнгө оруулагч “Центерра гоулд Монголиа” компанитай “Орд ашиглах гэрээ”-г байгуулна. Холбогдох зөвшөөрөл, ажиллах хүч, дэд бүтэц нь бэлэн болсон болохоор УИХ шийдвэр гаргавал оны сүүл гэхэд ашиглалт нь эхлэх боломжтой юм.

Алтны салбараас энэ жил 100 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр тооцсон. Хамгийн их татварыг АМНАТ-өөр авах бөгөөд 68.9 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. ААНОАТ-аар 20 орчим төгрөг төсөвт оруулах юм. Ингэснээр АМНАТ-өөр төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээгээр алтны салбар нүүрс, төмрийн хүдрээс илүү гарч байгаа юм.

Төсвийн тодотголд энэ оны алтны үнийг 2015 оны батлагдсан төсвөөс бууруулалгүй 1248.9 ам.доллараар тооцсон. 2014 онд алтны дундаж үнэ 1264.99 ам.доллар байсантай харьцуулахад энэ жил алтны үнийг тогтвортой байна хэмээн Сангийн яам төсөөлж байгаа аж.

Харин олон улсын санхүүгийн байгууллагууд алтны үнийг буурах магадлалтай хэмээн үзэж байна. Дэлхийн алтны зөвлөлөөс өнгөрсөн 11 дүгээр сард гаргасан мэдээлэлд 2014 оны  3 дугаар улиралд дэлхийн алтны эрэлт 2% буурч, 929 тонн болсон байна. Гол нь алтны үнэт эдлэлийн эрэлт 4% буурч, 534 тонн болжээ. Тэр дундаа Хятадын үнэт эдлэлийн эрэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39% буурч, 147 тонн болов. Мөн Төв банкууд 93 тонн алт худалдан авсан нь жилийн өмнөхтэй харьцуулахад 9% буурсан үзүүлэлт юм.

Нөгөө талаас энэ онд геополитикийн асуудлаас үүдэн алтны үнэ бага зэрэг өсч магадгүй гэсэн таамгийг Блүүмбэргийн шинжээчид дэвшүүлсэн байна.

("Mongolian Mining Journal" 01.2015. Дугаар № 01 /74/)