Г.Идэрхангай
Хөрөнгө оруулагчидтай хэдэн гэрээ байгуулах вэ?Тавантолгойн нүүрсний ордын Стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарсан Консорциумтай хийж буй яриа хэлэлцээр шуурхай явагдсаны дүнд сар шинийн баяраас өмнө Гэрээгээ батална гэдэгт төслийн Ажлын хэсэг итгэлтэй байгаа.
“Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо”, Монголын “Энержи Ресурс” гурвын Түншлэлийн хүчээр Тавантолгой орд дэлхийн коксжих нүүрсний аварга төсөл болж өрсөлдөх ба энэ нь Консорциумтай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ буюу дагалдах гэрээнүүдийг Засгийн түвшинд шийдэхээс шууд хамаарна.
“УИХ-аараа шийдүүлээд хөдөлгөсөн төсөл маань Монголоос, биднээс хамаарахгүйгээр уначихвал яах вэ. Хууль тогтоох дээд байгууллагаа тэгж эрсдэлд оруулж болохгүй” хэмээн Монгол улсын сайд М.Энхсайханы болгоомжлол ч бас тодорхой үндэслэлтэй.
Юуны түрүүнд Хөрөнгө оруулалтын гэрээ, Концессийн гэрээ, Ордыг төлбөртэй ашиглуулах гэрээ гэсэн гурван том Гэрээг хөрөнгө оруулагчид Засгийн газартай байгуулна. Хамгийн том нь Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ. Батлагдаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Хөрөнгө оруулалтын гэрээг анх удаа Тавантолгой ордын төсөл дээр батлах гэж байна.
Уг хуульд Засгийн газрын гишүүн Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагчидтай байгуулах үүрэг хүлээж байгаа. Тус хуулийн “20.2”-т Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна” гэжээ. Энэ нь Монгол улсын сайд юм уу, Сангийн сайд гэрээг байгуулна гэсэн үг.
Уг гэрээнд Тавантолгойн Цанхийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах асуудлыг иж бүрнээр тусгаж байгаа бөгөөд нийт гэрээний 260 гаруй асуудал дээр хөрөнгө оруулагч талууд нэгдсэн ойлголттой болох үүднээс тохиргоогоо хийж дуусч байгаа гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолсон.
Энд онцлох нэг зүйл бий. Тавантолгой ордын өмчлөл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзэмшлийг Хөрөнгө оруулагчид шилжүүлэхгүйгээр, өөрөөр хэлбэл тодорхой хугацаатайгаар ашиглуулах, шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт татан төвлөрүүлэх хэлцлийг “Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа хийх боломжгүй.
Ийм нөхцөлд үүнийг Засгийн газрын шууд оролцоотойгоор шийдвэрлэх гарцыг Хөрөнгө оруулалтын гэрээнд суулгаж өгөх бололтой.
Хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна Цанхийн хэсгийг төлбөртэй ашиглуулах гэрээ байгуулна. Үүнийг зөвхөн аж ахуйн нэгжийн түвшинд шийдэх боломжтой аж. Уг гэрээний дотор Зүүн, Баруун Цанхийн уурхайн төслийг шилжүүлэх гэрээ гэж бас бий. Уурхайн гэрээт болон ханган нийлүүлэгчид, туслан гүйцэтгэгчдийн гэрээ, “Эрдэнэс Тавантолгой” компанийн албан хаагчид, өмч хөрөнгө, цаашлаад Хятадын “Чалко” болон Борлуулалтын гэрээний үүргийг шилжүүлэх гээд чамгүй ажил төсөл хэрэгжүүлэгчдэд тулгарах юм. Энд өнөө “Чалко” компаниас зээлсэн мөнгөний үлдэгдэл 133 сая ам.долларын өрийн асуудал мөн гарч ирж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани бол төрийн өмнөөс лиценз эзэмшигч. Монголын төрийн өмчийг Консорциум түрээсэлж байгаа гэдэг утгаараа Түрээсийн төлбөр төлөх болно. Энэ нь иргэдийн гар дээр очсон ч өдий хүртэл мөнгөжөөгүй байгаа 1072 ширхэг хувьцааг амилуулах учиртай. Ашигт малтмалын роялтийн 40 хувьтай тэнцэх Түрээсийн төлбөр төлөх аж.
Түрээсийн төлбөрийг яг хэнд төлөх нь ойлгомжгүй . Сангийн яаманд уу, улсын төсөвт үү. Яг одоогийн хуулиар бол уг төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой”-д өгөхөөс аргагүй болж байгаа. Гэхдээ энэ бол мэргэжлийн хүмүүсийн шийдэх асуудал биз ээ.
Хэрэв уг төлбөр улсын төсөвт ордог бол 1072 хувьцаа амилчихаар байгаа ч лиценз эзэмшигчтэй татварын тооцоо хийхээс өөр замгүй. Гэхдээ үүн дээр одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиа л дагахаас аргагүй гэдгийг Ажлын хэсгийнхэн ч учирлав.
Гуравдахь томоохон гэрээ буюу Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх Концессийн гэрээ. Үүн дотор УХ-ГШ чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих төслийг шилжүүлэх гэрээ багтаж байгаа. Мэдээж Гэрээний хүрээнд зовлонтой асуудлууд үүсэх байх. Учир нь, өнгөрсөн хоёр жилийн туршид Чингис бондын 230 сая ам.доллар, дээр нь “Samsung”-ын 50 сая ам.долларын хөрөнгөөр 267 км төмөр замын далангийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа “Монголын төмөр зам” ТӨХК нь төмөр замын суурь бүтэц барих эрхийг Төслийн шинэ компанид шилжүүлэх юм.
Төслийн шинэ компани Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу ТТ-ГШ чиглэлийн төмөр замд үүссэн өрийг барагдуулахдаа үнэлгээ хийлгэх нь мэдээж. Хэрэв Чингис бондыг үр ашиггүй зарцуулсан нь аудитаар тогтоогдвол Төслийн компани өр төлөхөөс зайлсхийвэл яах вэ.
Хэлэлцээрийн явцад Ажлын хэсгийн мэргэжилтнүүд Концессийн гэрээнд туссан 80 гаруй асуудал дээр нарийн тулгалт хийж, цэгцэлж буй аж. Юутай ч эдгээр гэрээг хөрөнгө оруулагч талуудтай байгуулахад УИХ, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрүүдтэй зөрчилдөх зүйлгүй хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
КОНСОРЦИУМ ИЙМ БҮТЭЦТЭЙ БАЙНА
Тавантолгойн төслийн Консорциумд нэгдсэн гурван компанийн хувьд Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” 51%, “Шэнхуа” 49%-ийн эзэмшилтэй.
Уг бүтцээс харахад, Тавантолгой орд дээр Төслийн компани /Project SPV/ болж ажиллах компани нь Монгол улсад бүртгэлтэй “Энержи Ресурс”. Өөрөөр хэлбэл, Төслийн компанийн 51%-ийг Монголын үндэсний компаниудын 60 орчим хувийн хувьцааны хяналтын багцын эзэмшилтэй ММС болон 49%-ийг “Шэнхуа” эзэмших юм.
Харин Төслийн компани буюу “Энержи Ресурс” компани өөрийн 100%-ийн эзэмшил бүхий Төмөр замын компаниа байгуулах ба уг компани нь шороон далангаас өөр зүйл хийгдээгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км замыг гүйцээн барьж, үйл ажиллагааг нь хариуцаж явна. Уг төмөр замын суурь бүтцийг Концессийн гэрээгээр 30 жил ашиглаад, 51%-ийг Монголын төрд хүлээлгэж өгнө гэсэн мэдээллийг уншигч та авсан биз ээ.
Түүнчлэн Төслийн компани болох “Энержи Ресурс” нь Японы “Сумитомо” компанитай 70x30%-ийн харьцаа үүсгэсэн хөрөнгө оруулалтаар Борлуулалтын компани /Trading SPV/ байгуулах юм. Тавантолгойн нүүрсийг гурав дахь зах зээлд гаргах гол баталгаа болж, Консорциумын бүрэлдэхүүнд орж ирсэн “Сумитомо” компанийн үүрэг энэ.
Дэлхийд нэр хүндтэй “Сумитомо” төслийн 30%-ийн бүтээгдэхүүнийг худалдан авах баталгаа өгснөөр Японы банкууд Тавантолгой төсөлд санхүүжилт хийх бололцоо гарч ирэхийг Ажлын хэсгийнхэн тооцоолжээ.
ЯМАР БАНКУУДААС САНХҮҮЖИЛТ АВАХ ВЭТавантолгойн ордын бүтээн байгуулалтад 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөгдөж байгаа. Төсөлд оролцож буй компаниуд хөрөнгө оруулалтын 30%-ийг өөрийн хөрөнгөөр буюу шинжээчдийн тооцоогоор 1.2 тэрбум ам.долларыг, 70%-ийг буюу 2.8 тэрбум ам.долларыг банк санхүүгийн байгууллагаас зээлээр босгох юм.
Үүн дотор опекс буюу үйл ажиллагааны зардал дээр “Сумитомо” компани гол борлуулалтаа хариуцаж байгаагийн хувьд нэлээд хэмжээний мөнгө босгох юм. Яг хэдий хэмжээний хөрөнгө гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Төр, хөрөнгө оруулагчийн аль нь ч биш, Төслийн компани төсөл бичиж зээл авахыг Мега төслийн зарчмаар “Project Finance” гэдэг. Монголд анх удаа Тавантолгой цахилгаан станц Төслийн санхүүжилт хэлбэрээр явах гэж оролдож байгаа.
Харин Тавантолгой ордын хувьд Хөрөнгө оруулалтын гэрээ нь өөрөө гадаадын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт босгох шалгуурыг хангасан Bankable болох ёстой.
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлд гол тоглогч болж өрсөлдөх Тавантолгой ордын төсөлд санхүүжилт хийх хүсэлтэй гадаадын хэд хэдэн томоохон банк дотроос Японы JBIC, SMBС болон Хятадын Экспорт, импортын банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны нэр тодхон сонсогдож байна.
Ямар банкнаас, хэдэн хувийн хүүтэй, хэдэн жилийн хугацаатай зээл авах вэ гэдэг асуудал Хөрөнгө оруулалтын гэрээг баталсны дараа тодорхой болох биз ээ.
Юутай ч Оюутолгойн гэрээ хийсний урьдчилгаа 250 сая ам.долларыг Монголын тал авч байсан шиг Тавантолгой дээр ч 150 сая ам.долларын урьдчилгааг зээл хэлбэрээр авна гэдгийг хэлэлцээрийн явцад Ажлын хэсгийнхэн мэдэгдэж байсан.
Уг мөнгийг зээлээр авч байгаа болохоор хүүтэй байх нь мэдээж. Харин төслийн Ажлын хэсгийн ахлагч, Монгол улсын сайд М.Энхсайханы хэлснээр 150 сая ам.долларын урьдчилгааны хүүг Чингис бондын 4.1-5.1%-ийн хүүгээс хэтрүүлэхгүй гэсэн байр суурь баримталж буй аж.
Хамгийн гол нь эндээс Тавантолгойн төсөлд санхүүжилт үзүүлэх банкуудын зээлийн хүү Чингис бондын хүүгээс давахгүй болов уу гэсэн таамаглал гарч байна.
Нөгөө талдаа “Сумитомо”, “Чайна Шэнхуа Энержи” компаниуд нь Монголын “Энержи Ресурс”-ыг бодвол санхүүгийн чадавх асар өндөр, зээлжих зэрэглэл нь өндөр. Харин Монголын дотоодын компаниуд улсынхаа зээлжих зэрэглэлээр хязгаарлагддаг. Учир нь, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрсдэл тухайн улсын эрсдэлээс өндөр гэж үздэг.
Тийм ч учраас Монгол улсын зээлийн эрсдэлийг олон улсад хэрхэн үздгээс ихээхэн зүйл шалтгаалж байна. Манай улсын ДНБ-д эзлэх өрийн тааз тулсан, түүнийгээ өөрчиллөө гэхэд зээлжих зэрэглэл В3 болоод буурчихсан одоогийн нөхцөлд хувийн Төслийн компани эрсдэлээ үүрээд, Тавантолгойг хөдөлгөх нь хамгийн оновчтой хувилбар юм.
Тавантолгойн ордод Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулах хэлэлцээрийн эцсийн үр дүн гарах гэж буй энэ өдрүүдэд Монгол улсын Ерөнхий сайд арлын Японд айлчилж, хөрөнгө оруулалтын томоохон банкуудын удирдлагатай уулзаж, Тавантолгой төслийн талаар яриа өрнүүлсэн нь олон улсын анхаарлыг татаж байгаа.
Японы Олон улсын хамтын ажиллагааны банк буюу JBIC, “Сумитомо” корпорацийн удирдлагууд Монгол улсын Ерөнхий сайдад “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулагчаар “Сумитомо” шалгарснаар нэгдүгээрт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, хоёрдугаарт нүүрсийг далайн чанадад гаргах маркетингийг хариуцан ажиллах ач холбогдолтой” гэдгээ илэрхийлжээ.
“Монгол улс нүүрсээ экспортод гаргахад төмөр замын асуудлыг яаралтай шийдэх нь чухал байна” хэмээн “Сумитомо” компанийн Ерөнхийлөгч К.Накамура мэдэгдсэн нь Тавантолгой ордыг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулахыг сануулсан хэрэг болов.
Японы JBIC банк бол төрийн өмчит, бодлогын банк. Бодлогын банкны хүү нь Японы бусад арилжааны банкуудынхаас бага байдаг. Өөрөөр хэлбэл, тус улсын арилжааны банкууд Мега төслүүдэд санхүүжилт хийхдээ эхлээд JBIC банкны бодлогын хүүг эхэлж хардаг байна.
Хэдийгээр JBIC банк өмнө нь Монгол улсад томоохон төслүүдэд тодорхой оролцоогүй ч нэлээд хэдэн жилийн өмнө Тавантолгой төсөл дээр оролцох сонирхлоо илэрхийлж, яриа хэлцэл өрнүүлж байсан гэдэг. Юутай ч тус банк хоёр жилийн өмнөөс манай улсад Экспортын зээлийн шугам байгуулах хэрэлцээрт гарын үсэг зурсан юм.
Монголд төлөөлөгчийн газраа нээсэн Японы хоёр дахь том банк болох “Sumitomo Mitsui Banking Corporation” /SMBC/ нь дэлхийн 20 том банкны нэг, 1.5 их наяд ам.долларын хөрөнгөтэй. Тус банк нь нь Монголын уул уурхай, дэд бүтэц, тэр дундаа Тавантолгой ордын төсөлд Project Finance хийх сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн.
SMBС банкны уул уурхай болон дэд бүтцийн Мега төслүүдэд тавьдаг Төслийн санхүүжилтын гол шаардлагууд нь Японы бусад банкуудынхаас тийм ч хол зөрөхгүй гэж шинжээчид үздэг. Тус банк нь доод талдаа 800 сая ам.долларын төсөлд санхүүжилт хийдэг ба хамгийн гол нь тухайн төслийн төлөвлөлт маш сайн гарсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.
SMBС банкны хувьд Төслийн санхүүжилт нь хамгийн багадаа 7 жил, цаашлаад 15-20 жил гэх мэт олон жилээр хийгддэг бөгөөд уг санхүүжилтын 80% нь эргэн төлөгдөх нөхцөлийг шаарддаг. Тус компанийн Мега төслүүдэд тавьдаг бас нэг гол шаардлага нь эрсдэлийн анализ. Өөрөөр хэлбэл, SMBC банк төсөлтэй танилцахдаа тусгай мэргэжилтнүүдийн багаар Эрсдэлийн анализыг маш няхуур хийлгэдэг. Хамгийн том эрсдэл нь тухайн орны улс төрийн тогтворгүй байдал. Үүнд ч бас тооцоо судалгаа хийдэг.
Монголын Мега төслүүдэд төгрөгөөр бус, ам.доллараар санхүүжилт хийх ёстойг SMBC онцолсон. Монгол төгрөгийн ханшийн уналтаас шалтгаалах зүйл их гарч ирдэг нь өөр нэг эрсдэл болдог байна.
Ам.доллараар санхүүжилт хийсэн тохиолдолд Төсөл хэрэгжүүлэгч компани эргэн төлөлтөө мөн л доллараар хийх ёстой. Энэ нь мөн л эрсдэл дагуулдаг болохоор Японы банкууд төслийн бичиг баримттай сайтар танилцаж, анализ хийж байж санхүүжилтээ хийнэ.
Тавантолгойн ордын төслийн хувьд ТЭЗҮ дээр суурилсан Хөрөнгө оруулалтын гэрээ нь банкны шаардлагыг бүрэн хангасан “bankable” болоход төвөг учруулж буй нэг зүйл нь Тусгай зөвшөөрлүүд. Банкнаас мөнгө босгох гэж байгаа консорциум Монголын Засгийн газраас өгдөг бүх тусгай зөвшөөрлийг авч очих ёстой.
Иймд Тавантолгойн хэлэлцээрийн Ажлын хэсгийнхэн “Банкинд шаардагдах тусгай зөвшөөрлүүдийг 12 бүлэгт хуваасан. Групп бүр дотроо олон янзын тусгай зөвшөөрөл бий. Гэхдээ энэ бүгдийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын хүрээнд л шийдэхээс аргагүй” хэмээн мэдэгдсэн юм.
Тавантолгой төслийн “bankable” бичиг баримтуудыг олон улсын хөрөнгө оруулалтын банкууд хүлээн зөвшөөрч, Төслийн санхүүжилтээ хийж эхэлснээр уг Мега төсөл Оросын “Элга”, Мозамбикийн “Моатизе”, Индонезийн “Марувай” зэрэг коксжих нүүрсний аварга төслүүдтэй өрсөлдөх зам нээгдэх ба цаашлаад далайн чанадад Тавантолгойн ирээдүйн хамгийн том өрсөлдөгч, жилдээ 50 сая тонн коксжих нүүрс экспортолдог Австралийн “BHP Billiton Mitsubishi Alliance” компанитай хүч үзэх боломжтой болно.