Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Moody’s: Оюутолгойн санхүүжилт эхэллээ ч эдийн засаг хангалттай сэргэхгүй

Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгуулага болох Moody’s Монголын банкны тогтолцооны төлөвийн талаарх “Banking System Outlook: Mongolia” тайлангаа энэ сарын эхээр гаргалаа. Тус тайланд Монголын эдийн засгийн байдал ирэх нэг жил хагасын хугацаанд төдийлөн сэргэхгүй байх тухай өгүүлжээ. Тодруулбал, манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбар өргөжиж буй ч эрдсийн үнийн бууралт, дэлхийн ашигт малтмалын бүтээгдэхүүний эрэлтийн өсөлт саарч буй нь Монголын хувьд орлого, санхүүгийн байдалд нь дарамт болох тухай тэмдэглэжээ.

Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан явдал болон макро эдийн засгийн хатуу бодлого явуулах зэргээс үүдэн Монголын эдийн засгийн өсөлт удааширна гэж үзжээ. Тус байгууллага Монголын банкны тогтолцооны байдал мөн хугацаанд ерөнхийдөө сөрөг байх төлөвтэйг онцолсон байна. Moody’s Монголын банкны системийн төлөвийг сөрөг гэж үнэлэхдээ таван хүчин зүйлээр дүгнэжээ. Үүнд үйл ажиллагааны орчин, санхүүжилт болон хөрвөх чадвар, зээлийн чанар болон хөрөнгө, ашиг болон үр ашгийн үзүүлэлт, тогтолцооны дэмжлэг зэрэг үзүүлэлт багтаж байна. Харин эдгээрээс тогтолцооны дэмжлэгийг эс тооцвол бусдынх нь дүн бууралттай гарахаар байгаа ажээ. 

Тус байгууллага Монголын томоохон дөрвөн банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банкнаас гадна Хөгжлийн банкинд зээлжих зэрэглэлийг тогтоосон бөгөөд Хөгжлийн банк болон Хаан банкинд зээлжих зэрэглэлийг B2, үлдсэн банкуудад (BCA) B3 гэсэн үнэлгээ өгчээ.

Энэ хугацаанд Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдсэн ч эдийн засагт хангалттай хэмжээний сэргэлт авчрахгүй бөгөөд цаашид гадны хөрөнгө оруулалтын урсгал мэдэгдэхүйц нэмэгдэхэд хугацаа хэрэгтэйг тайлбарлажээ. 

Б.Төгс