Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.Энх-Амгалан: Түлшний үнэ буурахгүй байх нь Монголын компаниудын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө

“Саусгоби Сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалантай ярилцлаа. /2015.2/



С.Болд-Эрдэнэ

Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурч байгаатай холбогдуулан компаниуд зардлаа танах байдлаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулахыг хичээж байна. Ер нь Монголын уул уурхайн компаниудын зардал ямар бүтэцтэй байдаг вэ? Тухайлбал танай компанийн хувьд?
 Уул уурхайн ажиллагаа явуулж олборлолт хийхэд их хэмжээний тоног төхөөрөмж, машин механизм шаардагддаг тул хамгийн том нийтлэг зардал нь үүнтэй холбоотой элэгдэл, эсвэл эдгээрийн түрээсийн зардал байх болов уу. Бусад зардлын бүтцийн хувьд ашигт малтмалын төрөл, тухайн ордын бүтэц, газар зүйн байршил зэргээсээ хамааран харилцан адилгүй байна. Нүүрсний зах зээл хүнд байгаа энэ үед манай компанийн зүгээс олборлолтын шууд мөнгөн зардал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд зардлаа бууруулах талаар олон санаачлага гаргаж, арга хэмжээ авсны үр дүнд нэгж олборлолтын өртгийг 60 хувиар бууруулаад байна.

Бүтцийн хувьд манайд үндсэн дөрвөн том зардал байгаа. Эдгээр нь түлш, тэсэлгээ, засвар үйлчилгээ болон ажиллах хүчинтэй холбоотой зардал. Олборлолтын шууд мөнгөн зардлын гуравны нэгээс 40 хүртэлх хувийг түлш дангаараа бүрдүүлж байгаа. Харин тэсэлгээ, засвар үйлчилгээ хоёр нь тус тусдаа 15 орчим хувийг эзэлдэг. Манай компанийн зардалд ажиллах хүчинтэй холбоотой зардал бусад компаниас харьцангуй өндөр буюу 20-25 хувийг эзэлдэг. Орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад хамгийн олон тооны орон нутгийн иргэдийг ажиллуулдаг ч ажилчдын тээвэр болон хоол хүнсний тээврийн зардал зэрэг нь үүнд нөлөөлдөг.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж байхад УИХ түлш, шатахууны үнийг буулгахгүй, харин ч Онцгой албан татварыг нэмэхээр шийдвэрлэлээ. Түлшний энэ өндөр үнэ тогтвортой байгаа ч удаан үргэлжлэх нь гол хэрэглэгч болох уул уурхайн компаниудад хэрхэн нөлөөлж байна вэ?

Бусад орны уул уурхайн компаниудын хувьд түлшний үнэ буурч байгаа нь тэдний зардлыг бууруулах таатай нөхцөл бий болгож байна. Харин манайд онцгой татвар нэмж, түлшний үнийг өндөр байлгах нь манай уул уурхайн компаниудын өрсөлдөх чадварт муугаар нөлөөлнө. Дэлхий дахинд бараг бүх төрлийн ашигт малтмал, түүхий эдийн үнэ уначихлаа. Уул уурхайн компаниудын хувьд орлого нь буурахын хэрээр зардлаа дагаад бууруулж ажиллаж байна. Ийм байдлаар тэд хаалгаа барихгүй ажиллаад байна. Гэтэл орлого нь буураад, харин зардлын 40 хүртэлх хувийг бүрдүүлж байгаа түлшний зардал нь буухгүй нөхцөлд аль хэдийнэ алдагдалтай ажиллаж байгаа Монголын уул уурхайн компаниудад маш хүндээр тусна.

Түлшнээс гадна эрчим хүчний үнэ уул уурхайн компаниудад 50 орчим хувиар өндөр байдаг. Энэ нь бас өрсөлдөх чадвар, зардал бууруулахад хэр нөлөөлж байна вэ?
Манайх шиг төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй, цахилгаан бус дизель хөдөлгүүртэй тоног төхөөрөмж давамгайлсан компанид цахилгааны үнэ зэрэг нь бага нөлөөтэй.

Тавантолгойн ордын өрсөлдөх чадварыг сайжруулах, зардлыг хэмнэх зорилгоор төмөр зам тавьж байна. Бусад компаниуд, тэр дундаа танай компанийн үйл ажиллагаа явуулж байгаа ордоос хийж буй тээвэрлэлтийн зардлыг бууруулах талаар тодорхой төлөвлөгөө бий юу? Тээвэрлэлтийн зардал хэд байдаг вэ?

Монгол Улсын уул уурхайн салбар тэр дундаа нүүрсний салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд шийдэх шаардлагатай асуудлуудын нэн түрүүнд нүүрсний тээвэрлэлт, логистикийн асуудлуудыг сайжруулах байдаг. Нарийнсухайт орчмын уурхайнууд хилээс 40-50 км зайд байрлах тул төмөр зам барьснаар хэмнэгдэх дүн нь Тавантолгой ордоос Гашуунсухайт хүртэлх зайд хэмнэх дүнгээс хамаагүй бага л даа. Өнгөрсөн 2014 онд “Саусгоби сэндс” компанийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад анх удаа хүнд даацын замын шинэ стандартыг бий болгосон, 25 см цементээр бэхжүүлсэн суурь, 24 см цемент бетон хучилттай 109 тэрбум төгрөгийн өртөг бүхий 43.2 км нүүрс тээврийн замыг барьж дуусган ашиглалтад орууллаа.

Зам барьснаар нүүрс тээврийн зардал эрс буурч байгаа бөгөөд тээврийн эргэлтэд маш том ахиц гарах боломж бүрдсэн. 2013 онд “Саусгоби сэндс” компани нь хөрш компаниудтайгаа хамтран Шивээхүрэнгийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий нүүрс тээврийн найман урсгал бүхий гарцыг нээснээр тус боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн билээ. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн авто зам ашиглалтад орсноор уг 8 гарцыг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдээд байна. Мөн түүнчлэн шороон замаар нүүрс тээвэрлэснээс үүдэн гардаг агаар бохирдох, хөрс талхлагдах зэрэг байгаль орчны сөрөг нөлөөллүүд энэ замыг барьснаар арилж байгаа юм.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.37)
    Газрын тос дамжуулах хоолойг монголоор дайруулж тавьбал
    2020 оны 11 сарын 15 | Хариулах