Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл,
Хөдөө аж ахуйн их сургууль, Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл хамтран “Ураны
хайгуул, олборлолт, түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын
семинарыг маргааш Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг семинараар
ураны хайгуул, олборлолтын дүнд манай улсад ирэх эдийн засгийн үр ашиг, байгаль
орчин, хүн, малд үзүүлэх үр дагаврын талаар бүх талын оролцоотойгоор хэлэлцэх
гэж буйгаараа онцлог юм. Төлөөллүүдийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн
газрын тэргүүн, холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжлийн их, дээд
сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, лабораториудын эрдэмтэд, аймаг сумдын
удирдлага, малчид, ураны чиглэлийн компаниуд, Цөмийн энергийн комисс зэрэг өргөн
хүрээтэй бүрэлдэхүүнийг урьжээ.
Манай улсад 2012 оноос эхлэн
Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Аргалант баг, Сүхбаатар, Дорнод, Дундговь,
Архангай аймагт тодорхойгүй шалтгаанаар мал үхсэн тохиолдол бүртгэгдсэн.
Тодруулбал Дорноговьд мал хээл хаях, согогтой төл гарах, дотор эрхтний эмгэг
өөрчлөлтийн шалтгааныг Засгийн газраас томилсон баг судалж шинжилсэн ч хариу нь
цацрагийн нөлөөгүй, селен, хүнцэл, кадми зэрэг хүнд металын хордлого болсон
гэсэн дүгнэлт гарч байсан. Энэхүү дүгнэлтийг зарим ТББ, иргэдийн зүгээс үгүйсгэдэг
төдийгүй цаашид ураны хайгуул хийж, олборлохыг эсэргүүцсээр байгаа билээ.
Манай улсын тухайд цөмийн зэвсгээс
ангид бүс нутаг болохоо 1992 онд зарлаж, 2012 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр
батлуулсан ч цаашид ураны шар нунтаг олборлож, экспортлохоор төлөвлөж буй нь
энэ зорилтоосоо ухарсан хэрэг гэж үзэж буйг хурал зохион байгуулагчид тэмдэглэв.
Нөгөөтэйгүүр манай улс ураны хүдэр олборлон шар нунтаг үйлдвэрлээд эхэлбэл эх
орны байгальд сөрөг үр дагавар авчраад зогсохгүй энэ нь цааш гадны улсад
экспортлогдон цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийг дэмжихийн сацуу цөмийн хог хаягдлыг
ихэсгэх явдлыг өөгшүүлсэн явдал болохыг тэд тайлбарлалаа.
Зах зээлд ураны ханш суларч байгаа
тул Засгийн газрын зүгээс цаашид нэмж ураны хайгуулын лиценз олгохгүй гэсэн байр
суурьтай байгаа юм. Гэсэн ч ураны зах зээлийн урт хугацааны төлөв ч тийм ч
таатай биш болохыг зах зээлийн шинжээчид сануулдаг. Харин ногоон
хөдөлгөөнийхний хувьд уран олборлолт, цөмийн эрчим хүч нь огтхон ч ногоон
шийдэл биш болохыг онцолж буй юм. Маргаашийн хуралд Цөмийн зэвсэггүй Ази
байгууллага, Азийн байгаль хамгааллын нэгдсэн холбооны төлөөлөл мөн илтгэл
тавих ажээ. Тэд энэ долоо хоногийн эхээр Дорноговьд ураны хайгуул хийж буй
хэсэгт шалгалт хийж үзэхэд Японы Хирошима орчмын аюултай хэмжээний цацраг идэвх
бүхий хортой хэсгийнхтэй дүйхүйц түвшинд цацраг илэрснийг тэмдэглэлээ.
Б.Төгс