Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монголын геологчдын чуулган эхэллээ

“Монголын геологи, хайгуул 2015” чуулга уулзалт 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээн Уул уурхайн сайд Р.Жигжид мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн юм.

Тэрээр “Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Уул уурхайн яамнаас геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багагүй ажлыг хийжээ. Тухайлбал,  Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль  зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг УИХ-аар батлуулсан байна. Түүнчлэн, Монгол улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 75 жилийн ойн үеэр буюу өнгөрсөн оны 10 дугаар сард Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хороонд Монгол улс 8 дахь гишүүнээр элссэн нь Ази тивдээ анхдагч орон болсон юм. Ингэснээр хөрөнгийн зах зээлээс геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах, үндэсний мэргэжилтнүүдийг Олон улсын хэмжээнд ажиллах боломжийг нээж өгч байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, геологи хайгуулын салбарыг түлхүү хөгжүүлж эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажилд 2015 онд 11,3 тэрбум төгрөгийг зарцуулахаар УИХ-аас баталсан нь өмнөх оныхоос 1,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн” хэмээн илтгэлдээ онцолж байлаа.

Геологи, хайгуулын салбарын мэргэжилтнүүд 2 өдрийн турш чуулахдаа Монгол оронд хийж буй газрын тос, зэсийн хайгуул, ураны судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй илтгэлүүдийг  тавихаар төлөвлөөд байгаа юм. Чуулганы эхний өдөр “Алдарт Геологич” шагналыг гардуулах ёслолын ажиллагаа болж, тус шагналын эзнээр Монгол улсын зөвлөх геологич Ш. Лхүндэв тодорлоо. Мөн “Монголын геологи, хайгуул 2015” чуулганы үеэр геологийн ховор сонин цуглуулга, палентологийн олдворын үзэсгэлэн нээгдээд буй. Энэ жилийн чуулганы арга хэмжээнд 120 байгууллагын 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. 

Э.Од