Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн томоохон уурхай Грасбэргийн үйлдвэрлэл зогсов

Индонезийн Грасбэрг хотноо үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Freeport McMoran компани өчигдөр тус уурхайн үйлдвэрлэл зогссоныг мэдээллээ. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн уурхайн ажилтан болон нутгийн иргэдээс бүрдсэн 50 гаруй хүн үйлдвэр рүү орох замыг хаажээ. Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар тав дахь өдрөө үйлдвэрлэл бүрэн зогсоод байна.

Энэхүү эсэргүүцэл нь Ажилчдын эвлэлтэй холбоогүй аж. Ажилчид өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр уурхайд 4 ажилчин нас барснаас хойш аюулгүй байдлыг сайжруулах болон бусад шаардлагыг тавьж буй юм. Одоогийн байдлаар Freeport-ийн уурхайгаас үүдэн зах зээлд ямар нэгэн нөлөөлөл үүснэ гэж шинжээчид үзэхгүй байна. Энэ жилийн хувьд тус уурхайн үйлдвэрлэлээр өнгөрсөн жилийнхээс 40 гаруй хувиар өндөр буюу 2 сая тонн зэсийн баяжмал гаргана гэж тооцоолоод байгаа юм.

Гэхдээ энэ долоо хоногийн мягмар, лхагвар гаригт нэг тонн зэсийн үнэ Лондонгийн металын бирж дээр 5853-5675 ам.доллар болтлоо буураад байсан билээ. Харин өчигдөр үнэ буцаад өсч, 5835 ам.долларт хүрчээ. Энэ нь мөнгөний бодлого хэлэлцэх уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын Холбооны нөөц тус улсын ажлын байрны үзүүлэлт хангалттай сайжрах хүртэл зээлийн хүүг өсгөхгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой юм. Гэхдээ Холбооны нөөц зээлийн хүүг өсгөхөө яг хэдий хүртэл хойшлуулж буйгаа дурдаагүй бөгөөд зөвхөн хүлээцтэй хандахаа мэдэгджээ.  


Б.Төгс