Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ 6200 ам.доллар давж өсөв

Лондоны металын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь өчигдрийн байдлаар 6200 ам.доллар давж өсчээ. Тодруулбал зэсийн шууд худалдааны үнэ 6230 ам.доллар, гурван сарын гэрээт үнэ 6215 ам.долларт хүрчээ.

Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн пүрэг гаригаас эхлэн өссөөр ганцхан долоо хоногт 5675-6215 ам.долларт хүрч өсөөд байна. Үнэ ийнхүү өссөн нь АНУ, Европ, Хятадын төв банкны мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлогын дүнд зэсийн эрэлт нэмэгдэж магадгүй гэсэн итгэл хөрөнгө оруулагчдын дунд төрсөнтэй холбоотой гэж зарим шинжээч үзэж байна. Ингэснээр зэсийн үнэ сүүлийн бараг гурван сарын хамгийн өндөр үнэд хүрч буй юм. Гэхдээ энэ зуур зарим судалгааны байгууллага зэсийн үнийн 2015 оны таамгаа буурууллаа. Тухайлбал Morgan Stanley байгууллага энэ оны зэсийн үнийн таамгаа 16%-иар бууруулж 5945 ам.доллар болгожээ. Уг нь тус байгууллага оны эхээр таамаг дэвшүүлэхдээ зэсийн үнэ энэ оны сүүлээр 7049 ам.долларт хүрч өснө гэсэн өөдрөг төлөвийг дэвшүүлж байсан юм. Barclays ч бас энэ онд зэсийн үнийн төлөв тийм ч сайнгүй байж мэднэ гэж мэдээллээ. Уг нь он гарахын өмнөхөн судалгааны байгууллагуудын төлөвөөр бол зэсийн үнэ 2015 онд 6500-6800 ам.доллар/тонн байна гэж гарч байсан билээ.

Зах зээл дэх зэсийн тоглолт санасныг бодвол тийм ч сайнгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногийн хандлага нь мэдэгдэхүйц эерэг дохио өгч чадлаа. Лондоны металын бирж дэх зэсийн нөөц сүүлийн жил гаруй хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд буюу 340 мянган тоннд хүрээд байгаа юм. 


Б.Төгс