Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Төмрийн хүдрийн үнэ 6 жилийн доод үнэд хүрч буув

Төмрийн хүдрийн үнийн түвшин зогсолтгүй уруудсаар байна. Ердөө жил гаруйхны өмнө буюу 2014 оны эхэнд 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 140 орчим ам.доллар байсан бол өнгөрсөн даваа гаригийн байдлаар 51 доллар болж буурчээ. Энэ үнэ бол CFR буюу Хятадын эрэг хүртэл хүргэж өгөх нөхцөлтэй үнэ юм. Ийнхүү үнэ буурч байгаа нь зах зээл дээр нийлүүлэлт хэтэрхий их байгаагаас гадна эрэлт муудах төлөвтэй холбоотойг шинжээчид тайлбарлаж байна. Төмрийн хүдрийн үнэ он гарахад 70 ам.доллар байснаа ийнхүү буурснаар сүүлийн 6 жилийн хугацаан дахь хамгийн бага үнийн түвшиндээ хүрч доошиллоо.

CRU зах зээл судалгааны байгууллагын үзэж буйгаар энэ онд дор хаяж 50 сая тонн төмрийн хүдрийн нийлүүлэлт зах зээлээс хасагдаж байж үнийн сэргэлт эхлэх боломжтой ажээ.

ANZ банкны үзэж буйгаар энэ оны сүүл гэхэд төмрийн хүдрийн үнэ нэг тонн нь 58 ам.доллар болж өсөх бөгөөд 2016 онд дунджаар 60 ам.доллар байна гэж үзжээ.

Гэхдээ илүү доод үнийн төлөвийг Capital Economics гаргажээ. Тус байгууллага төмрийн хүдрийн үнэ энэ оны сүүлээр 60, ирэх оны сүүлээр 70 ам.доллар байна гэж төсөөлж байсан бол саяхан таамгаа бууруулж энэ оныхыг 45, ирэх оныхыг 50 ам.доллар болгожээ. Дойче банк энэ онд төмрийн баяжмал улам унаж, 40 ам.доллараас ч доош хямдарна гэжээ.

Рио Тинто, BHP Billiton зэрэг компанийн олборлолтын зардал тонн тутамд 20-25 ам.доллар учир одоогийн нөхцөлд тэсч үлдэх бүрэн чадвартай байгаа юм. Нөгөөтэйгүүр Хятадын өндөр зардал бүхий төмрийн хүдрийн уурхайнууд зах зээлийн ийм хүнд нөхцөлд хаалгаа барих магадлал их байна. Гэхдээ Хятадын Засгийн газрын татаас дэмжлэгтэйгээр ажилладаг уурхайнууд тийм ч амархан “буугаад өгчихгүй” болов уу гэсэн байр суурь ч шинжээчдийн дунд бий. Хятадын тухайд дотоодын нөөцөөр хэрэглээний тодорхой хувийг хангах бодлого ч байдаг.

Харин энэхүү зах зээлийн шуурганд бусад орны жижиг бөгөөд өндөр зардалтай уурхайнууд хаагдах нь тодорхой юм. Энэ дунд Монгол улсынх ч хамаарна. Томоохон тоглогчид зах зээл дэх “жижигчүүл” шахагдмагц төмрийн хүдрийн үнэ эргээд өсөхийг ажиглан сууна.

Б. Төгс