Ярилцсан С.Болд-Эрдэнэ /The Mongolian Mining Journal. /March 2015 №03 /076/
Монгол улс Арбитрын шүүхэд “Хан Ресурс” компанид ялагдсан, “Рио Тинто”-г Арбитрын шүүхэд өгч магадгүй талаар яригдаж байгаа энэ үед арбитрч, хуулийн зөвлөх Т.Алтангэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Хууль зүй дотоод хэргийн яаманд 2005-2012 онд газрын даргаар ажиллаж байсан, “Алтан Дорнод Монгол” компанийг Арбитрын шүүхэд ялахад оролцож байсан юм.
Сүүлийн арваад жилд монголчууд Арбитрын шүүхийн талаар багагүй мэддэг боллоо. Арбитрын шүүх гэж ямар байгууллага байдаг, ямар харилцааг зохицуулах ёстой юм бол?
Ямар нэгэн маргаан гараад шийдвэрлэх болоход хүмүүс сонгодог утгаараа шүүхэд ханддаг. Шүүхэд маргаан шийдэх өөрийн давуу талууд бий ч бас сул талтай. Тухайлбал, бүх шатны шүүхээр явахад хугацаа их алдах, уян хатан биш, аль нэг салбараар нарийн мэргэшээгүй зэрэг нь шүүхэд хандаж байгаа талуудад дутагдалтай санагддаг. Тэгвэл шүүхээс гадуур маргааныг шийдэх олон арга байдгийн хамгийн түгээмэл нь арбитр болон эвлэрүүлэн зуучлах боломж юм. Монголд энэ хоёр арга хоёулаа хуулиар зохицуулагдсан. Шүүх, арбитр, эвлэрүүлэн зуучлах нь тус тусдаа онцлогтой, маргаанаа шийдвэрлэх гэж буй хүн эдгээрийн талаар тодорхой мэдэж байх, эсвэл мэргэжлийн хүнээс асуух нь зүйтэй.
Арбитр гэдэг нь гол төлөв бизнесийн, иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэх зорилготой, талуудын хүсэл зориг, гэрээгээр тохирон бий болдог, мэргэшсэн, илүү шуурхай, хямд, уян хатан, гарч байгаа шийдвэр нь албадан гүйцэтгүүлэх боломжтойгоороо онцлогтой. Талууд ямар нэг гэрээ байгуулахдаа маргаан гарвал яаж шийдэхээ заадаг. Арбитраар шийдвэрлүүлнэ гэсэн байвал өөр гуравдагч талуудын хэлэлцэн сонгосон этгээд хараат бусаар маргааныг тасална гэсэн үг. Түүнийг шүүгч биш харин арбитрч гэдэг. Арбитр нь байнгын болон түр гэсэн хоёр төрөлтэй. Байнгын гэдэг нь аль нэг байгууллагын дэргэд байдаг. Жишээ нь манайд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд арбитр ажилладаг бол олон улсад Лондонгийн олон улсын арбитрын шүүх гэх мэтээр байдаг. Түр гэдэг нь зөвхөн тухайн маргааныг шийдэхийн тулд талууд хуралдах газар болон арбитрчаа сонгож шийдвэрлүүлж байна гэсэн үг.
Монгол улс гадны хөрөнгө оруулагчидтай том том гэрээ байгуулах талаар эрчимтэй яригдаж байна. Ийм гэрээнүүдийг Арбитрын шүүхэд хандахгүй байдлаар хийж болдог уу? Яагаад заавал Арбитрт хандах ёстой юм бэ?
Аливаа том төсөл, хэлэлцээрийн нэг амин чухал хэсэг нь маргаан гарахад яах вэ гэсэн зохицуулалт. Ийм зохицуулалт заавал байдаг. Асуудал гарахад хэн, хаана хандах, хэрхэн яаж шийдэх зэрэг нь тодорхой байх талуудад ашигтай. Маргааныг шийдэх механизм нь хэн хэндээ ойлгомжтой, урьдаас тодорхой, итгэл хүлээсэн байх нь хөрөнгө оруулалт хийх гол нөхцөлийн нэг болдог. Тиймээс аливаа гэрээ хэлэлцээрийг, тэр тусмаа томоохон төслийн гэрээг маргаан шийдвэрлэх зүйл заалтгүйгээр хийх боломжгүй. Маргааныг дотоодын шүүхээр шийдвэрлэх үү, эсвэл арбитраар явах уу гэдэг нь талуудын сонгох эрх боловч хил дамнасан томоохон компанийн хувьд тухайн улсын шүүхээр гэхээс илүү олон улсын арбитраар шийдвэрлүүлэх практик түгээмэл.
Яагаад?
Олон улсын арбитр нь харьцангуй хараат бус, бие даасан байдлаар маргааныг шийдвэрлэдэг бол дотоодын шүүх ур чадвар, хараат бус байдал, улс төрийн нөлөө, авлига гээд итгэл төрүүлэхүйц байж чадахгүй тохиолдол элбэг. Түүнчлэн талууд тухайн асуудлаар илүү мэргэшсэн, туршлагатай, олон улсад нэр хүндтэй арбитрч буюу шүүгчийг өөрсдөө сонгодог. Арбитраас гарч байгаа шийдвэрийг талууд биелүүлэх үүрэгтэй, шүүхэд давж заалдах боломж маш хязгаарлагдмал зэрэг онцлогтой. Одоогоор дэлхийд хил дамнасан гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн маргааныг гол төлөв арбитраар шийдвэрлэдэг практик дэлгэрсэн. Арбитрч нарын хараат бус байдалд эргэлзэх, давж заалдах боломж муу зэргээр арбитрын сөрөг талыг шүүмжлэх нь бас бий. Жишээ нь, Австрали улс хөрөнгө оруулалтын гэрээнд арбитраар шийдвэрлүүлэх заалт оруулахыг хориглосон байна. Үндэсний шүүхийн тогтолцоо нь бэхэжсэн, чадварлаг, шударга гэсэн итгэл төрүүлж байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчтай асуудлыг өөрөөр ярьж болох байх.
“Хан Ресурс” компанид Арбитрын шүүх дээр ялагдаж, 100 сая долларын өрөнд орлоо. ХЗЯ давж заалдах боломжтой гэсэн мэдэгдэл гаргасан. Арбитрын шүүхэд давж заалдах ямар боломж байдаг юм бол?
Арбитрын шийдвэр зарчмын хувьд эцсийн байдаг. Гэхдээ нэгэнт гарсан гадаадын арбитрын шийдвэрийг гүйцэтгүүлэхээр дотооддоо шүүхээр баталгаажуулдаг тул энэ хүрээнд маш хязгаарлагдмал хэдэн нөхцөлөөр маргах боломжтой. Тухайлбал, арбитрын бүрэлдэхүүнийг сонгоход процессын шинжтэй алдаа гарсан, эсвэл тус улсын нийтлэг ашиг сонирхолд харшлахаар бол гэх мэтээр “Гадаадын арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, албадан гүйцэтгэх тухай Нью-Йоркийн конвенци”-д нарийвчлан заасан байгаа. Монгол улс энэ конвенцид нэгдэн орсон улс. Дотоодын шүүхээр гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол дэлхийн улс орнуудад байдаг зүйл. Гэхдээ мэдээж конвенцийн нийтлэг агуулгын хувьд арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх үүргийг талууд хүлээдэг. Нөгөөтэйгүүр талууд нэгэнт гарсан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцээ хийх, тохиролцох боломж нээлттэй.
Та “Алтан Дорнод Монгол”-ын хэрэгт Засгийн газрыг Арбитрын шүүхэд төлөөлж амжилттай оролцсон. “Хан Ресурс” болон “Алтан Дорнод Монгол”-ын хэргийн гол ялгаа нь эрхзүйн хувьд юунд байна вэ? Нэг нь шинэ хууль гаргасан, нөгөөх нь лиценз цуцалсантай холбоотой нь зарчмын том ялгаа мөн үү?
Монголын төр 1990 оноос хойш олон улсын гэрээ хэлэлцээрт идэвхтэй нэгдсэн. Энэ нь тухайн үедээ хөрөнгө оруулалтыг татах, дотооддоо таатай эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг зорилготой байсан. Гэвч эдгээр гэрээ конвенцид нарийн шалгуур, шүүлтүүргүйгээр элссэнээр Монгол улс маш олон үүргийг өөртөө давхар ногдуулсан. Энэ нь нэн ялангуяа маргаан үүсээд ирэхэд харагддаг. Олон улсын гэрээ конвенцийг үндэсний хууль тогтоомжтой уялдуулан нийцүүлэх чухал ажил их сайн хийгдэх хэрэгтэй байна.
Монголын Засгийн газрын хувьд анх “Марубени” компанитай холбоотой маргаан үүсч, Английн шүүхээр шийдэгдсэн. Дараа нь Италийн “Алстом Пауэрт” компанитай холбогдох маргаан арбитраар шийдэгдсэн. “Хан Ресурс”-ын маргаанд Эрчим хүчний “Харта” гэсэн олон улсын гэрээг үндэслэсэн байсан нь Италийн компанийн маргаанд мөн байсан. Тухайн үед бид харьяалалгүй гэж марган айлын тал буюу “Алстом Пауэрт” компани эвлэрэх санал тавьж буулт хийсэн юм.
Хамгийн том нэхэмжлэлийн дүнтэй буюу 1 тэрбум ам.долларыг нэхэмжилсэн, 2007-2011 онд дөрвөн жил орчим арбитраар маргасан хэрэг бол ОХУ-ын хөрөнгө оруулалттай “Алтан Дорнод Монгол” компанийнх. Энэ маргаанд Засгийн газар амжилтай оролцож, арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг үндсэнд нь хүчингүй болгож байлаа. Маргааны гол асуудал нь алт, зэсэнд ногдуулсан 68%-ийн татвар бөгөөд татварын аргаар хөрөнгө оруулалтыг нийгэмчилсэн, түүнчлэн ялгавартайгаар хэрэгжүүлсэн зэргээр ОХУ, Монгол улс хоорондын Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг үндэслэн тухайн компани маргааныг анх үүсгэсэн. Энэ татварын хуулийг баталсан УИХ өөрөө уг татвараа хэт өндөр, улс орнуудад төдийлөн байдаггүйг ойлгоод маргаан эцэслээгүй байхад хуулиа хүчингүй болгож байсан түүхтэй. Гэтэл бид арбитр дээр ялагдахгүйн тулд энэ хууль тогтоомжийг зөвтгөн хамгаалж байсныг бодоход маш эрсдэлтэй, нүсэр, ярвигтай маргаан байсан нь илэрхий. Тухайн үед манай талыг байнга ялагдлаа гэдэг мэдээ мэдээлэл цацагддаг, дайралт шахалт ирдэг, алтны компаниудын хүлээлт их байсан нь үнэхээр амаргүй байсан л даа. Хууль эрх зүйн талаас нь яривал их зүйл бий.
“Хан Ресурс” компанитай холбоотой маргааны талаар нарийн мэдээлэл байхгүй учир дэлгэрэнгүй анализ хийх боломжгүй юм. Ерөнхий байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нь харвал “Алтан Дорнод Монгол” компанитай ижил төстэй буюу зарчмын хувьд хөрөнгө оруулалтыг төрөөс дайчлан авсан, нэг нь ураны хайгуул хийх, олборлох лицензийг нь шууд авах, нөгөө нь татварын шууд бус аргаар хөрөнгө оруулалтыг хохироосон хэмээн олон улсын болон дотоодын хууль тогтоомжийг үндэслэн тавьжээ. Ер нь хэргийн фактууд, хууль зүйн үндэслэл, хариуцагчийн хувьд төрийн өөрийн байр сууриа хамгаалах арга тактик, өмгөөллийн баг, арбитрын бүрэлдэхүүн гээд их олон хүчин зүйлээс маргааны үр дүн хамаарна.
“Алтан Дорнод Монгол”-ын хэргийг шүүсэн дэлгэрэнгүй тайлбар гарсан байх. Ямар үндэслэлүүд нь манай талд гарсан байдаг юм бол?
200 гаруй хуудастай арбитрын шийдвэр гарсан гэхээр их өргөн цар хүрээтэй асуудал болох нь харагдана. Маш товчоор хэлбэл, “Алтан Дорнод Монгол” компанийн маргаанд арбитрын бүрэлдэхүүн юуны өмнө татвар авах замаар компанийн хөрөнгөд халдаагүй гэдгийг, мөн шинээр татвар бий болгож байгаа нь Тогтвортой байдлын гэрээ байгуулаагүй нөхцөлд ОХУ Монгол улс хоорондын Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг зөрчсөн болохгүй гэж үзсэн. Татварын хэмжээг нэмэгдүүлэх нь хөрөнгө оруулагчийн хувьд эрсдэлтэй ч бас үргэлж тогтвортой байна гэсэн хүлээлт нь өөрөө эрсдэлтэй юм. Монголын талын өмгөөллийн арга тактик их зөв байсан болов уу гэж хувьдаа боддог. Энэ их үнийн дүнтэй маргаанд Монголын төр ялагдаж болохгүй гэсэн бодол сэтгэл надад их хүчтэй байсан.
Арбитрт хандахын тулд тодорхой хэмжээний бэлтгэл хангах хэрэгтэй байх. “Оюутолгой” дээр гэхэд Арбитрт хандана гэж яриад байна. Хандлаа гэхэд манай улс юун дээр түлхүү анхаарах вэ?
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хууль зүйн зөвлөгөө өгөх нь зохимжгүй юм. Дээр нь би аль нэг талыг төлөөлөн ярих эрхгүй хүн. Зарчмын хувьд Арбитрын шүүх гэхээсээ өмнө асуудлыг эвээр шийдвэрлэхийг эрхэмлэх нь зүйтэй. Мэргэжлийн, нэлээд туршлагатай зуучлагчийн тусламжтайгаар талууд ярилцаж, хэн нь ямар үүргээ зөрчөөд байгааг сонсож, ямар буулт хийх, хийлгүүлэх зэргээ тохирох боломжтой. Нэгэнт бид нэг удаагийн бус урт хугацааны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг эрхэмлэж байгаа бол арбитр шүүхээс өмнө эвлэрүүлэн зуучлах аргаар маргааныг шийдэх гэж оролдох нь зөв гэж бодож байна. Арбитрт хандахад мэдээж бэлтгэл маш чухал. Өнөөг хүртэл Монголын төрийг арбитрт дуудаж байснаас манайх өөрөө санаачилж байгаагүй. Тийм хэмжээний асуудал үүссэн эсэх, хууль зүйн үндэслэл нь тодорхой, хувилбар гарц, үр дүн нь тооцоологдсон бол арбитрт хандахад болохгүй зүйлгүй. Томоохон хөрөнгө оруулагчийн хувьд бүр ч их олон хүчин зүйлийг бодолцох хэрэгтэй, нөхцөл байдлыг зөв үнэлэх нь чухал.
Төр засгийн зүгээс өмнөхөө үгүйсгэсэн, олон улсын хууль тогтоомж, гэрээ конвенцийг нэг их ойшоохгүйгээр шийдвэр гаргадаг нь арбитрт дуудагдах үндэслэл болохын сацуу цаашлаад олон улс дахь нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж байх шиг санагддаг?
Санал нэг байна. Гадаадын хөрөнгө оруулагч, улс хоорондын арбитрын маргаан хэдийгээр түгээмэл ч гэсэн Монгол шиг жижиг улсад туйлбаргүй, хууль зүйн болон бусад талын үндэслэл муутай, судалгаагүй, олон талын хүчин зүйлийг харгалзаж үзээгүй мөчид хариуцлагагүй шийдвэрээс болоод өр төлбөрт унаад байх нь сайн хэрэг биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ямар нэг хууль, шийдвэр гаргахдаа олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ сайтар нягталж байх нь хариуцлагатай байхын нэг үндэс.
Нөгөө талаас хөрөнгө оруулалт чухал гээд гадаадын гэрээ хэлцэл, тавьсан санал бүрийг хүлээн зөвшөөрөөд, хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж чадахгүй, дээрэлхүүлээд байж бас боломгүй. Төр энэ бүх нарийн тэнцвэрийг сайн олдог, ул суурьтай, чанартай ажилладаг уураг тархитай баймаар байна. Сая ялагдсан “Хан Ресурс”-тай холбоотой маргаанаас Төр том сургамж авч, бүх талаас нь задлан шинжилгээ хийж, холбогдох бүх төрийн байгууллага нь өөрийн дархлаагаа сайжруулах нь онцгой чухал юм.