Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Хятад төмрийн хүдрийн салбараа хамгаалахаар “уухайлан хөдлөв”

Төмрийн хүдрийн салбар сүүлийн 6 жилийн хугацаан дахь хамгийн таагүй үеийг туулж байна. Уг түүхий эдийн үнэ 51 ам.доллар/тонн-д хүрээд байсан нь ердөө аравхан хоногийн өмнө билээ. Тэгвэл одоогийн байдлаар  нэг тонн төмрийн хүдрийн үнэ 50 ам.долларын “улаан шугам”-наас ч доошилж ердөө 47 ам.доллар болоод буй юм. Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн эрэлт муудаж нийлүүлэлт нэмэгдэх тусам үнэ буурсаар байна. Зарим санхүүгийн байгууллага төмрийн хүдрийн үнэ тун удахгүй ойрын 10 жилийн хугацаан дахь доод үнэ буюу 40 ам.долларт хүрч буурна гэсэн таамгийг дэвшүүлж буй юм.

Одоогийн зах зээлийн нөхцөлд Рио Тинто, BHP Billiton зэрэг томоохон тоглогчид нөхцөл байдлыг ажралгүй даван туулах боломжтой ажээ. Харин өндөр зардлаар олборлолт хийдэг Хятадын дотоодын том, жижиг уурхайнуудын үйл ажиллагаа зах зээлийн шуурганд хөл алдах нь тодорхой байгаа юм. Улмаар Хятадын дотоодын уурхайнууд ар араасаа шил даран хаагдсанаар зах зээлд үнэ эргээд өсч, Рио Тинто, BHP, Вале зэрэг томоохон тоглогчдын хувьд “нар нь гарсан” хэрэг болно гэсэн таамаг ч олон улсын хэвлэлүүдээр нийтлэгдэж байсан.

Тэгвэл Хятадын Засгийн газар эсрэг арга хэмжээг авахаар төлөвлөж буй тухай Ройтерс өчигдөр мэдээллээ. Тодруулбал төмрийн хүдрийн уурхайн компаниудын нөөцийн татварыг 40%-иар танаж, эрчим хүчний үнийг нь мөн хямдруулахаар шийдсэн байна. Энэ алхам нь зах зээлд төмрийн хүдрийн үнэ өсөх магадлалыг бууруулахын сацуу, нийлүүлэлтийн илүүдэл арилах боломжийг хааж орхиж байна гэхэд хилсдэхгүй юм. Нөгөөтэйгүүр уг шийдвэр нь Австралийн BC Iron, Mount Gibson, Fortescue  Metals зэрэг компаниудад тун хүндрэлтэй тусах нь бас тодорхой юм. 


Б.Төгс