Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ж.Цэвээнжав: Манай салбарын одоогийн эрх ашгийн эрэмбэ бол эх орон-эрдэм оюун-эрдэс баялаг

ШУТИС-ийн профессор, Монголын Өрөмдлөгийн холбоо, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, доктор, зөвлөх инженер,  Ж.Цэвээнжавтай ярилцлаа.





Ярилцсан Г.Идэрхангай /The Mongolian Mining Journal. /March 2015 №03 /076/

Ч.Хурц гуай “Олон сайн шавь яаманд бэлтгэж өгөөрэй” гэж захиж билээ  

Таныг боловсрол, шинжлэх ухаан, геологи, уул уурхай, газрын тосны салбарынхан  багшаа  гэж хүндэтгэдэг.  Багш болсон дурсамжаасаа хуваалцана уу?
1975 онд би хуучнаар ЗХУ-д геологи, уул уурхайн чиглэлээр  сурч  ирээд, тэр жилээ МУИС-ийн ректор, академич Н.Содном гуайн тушаалаар 16 шинэ багшийн нэг болж байлаа. Манай уурхайн профессор С.Цэдэндорж, УИХ-ын гишүүн, академич Р.Гончигдорж, математикийн Д.Дарьсүрэн, хэл шинжлэлийн доктор, гавьяат багш Ж.Баянсан, С.Дулам бид   хэд МУИС-ийн, түүний харьяа Политехникийн дээд сургуулийн 1975 оны  багш нар.

Нэг сонин дурсамж ярья. Би энэ хэдээсээ хагас сарын өмнө багш болсон юм. Учир нь,  Политехникийн дээд сургуулиас намайг эртхэн төгсөж ир гэсэн захиа очиж. Ингээд 1975 оны зургаадугаар сарын эхээр дипломоо бушуухан хамгаалчихаад Монголдоо ирэхийн түүс болов. Бүтэн зургаан жил гадаадад сурсан болоод ч тэр үү, гэр орноо санасныг ч хэлэх үү,  бушуухан л эх орондоо очъё, гэртээ харья гэж бодож байсан юм.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, доктор Ш.Отгонбилэг бид хоёрын дипломд сайн дүн байдаггүй. Би шавь нартаа, хүүхдүүддээ “Багш нь, аав нь сайн гэдэг дүн авч байсангүй” гэхээр, “та тэгээд дандаа дунд сурч байсан хэрэг үү” гэж асуудаг юм. Улаан диплом өвөртөлсөн шинэхэн инженер МУИС-д багш авдаг хугацаанаасаа 15 хоногийн өмнө ирсэн хэрэг.

Өрмийн мэргэжил явцуу. Тэгсэн хэрнээ геологи-хайгуул, уул уурхай, газрын тос, худаг усжуулалтын ажил бүгд өрөмдлөггүйгээр явдаггүй.  МУИС-д яг энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх гэсэн чинь энэ чигийн нэг ч багш  тухайн үед байгаагүй юм билээ. Миний багш гэж юу байх вэ. Тухайн үед  Консулаас ярьсан юм байх. Захиж хэлсэн юм ч байдаг биз. Уг нь би Геологи, уул уурхайн яамны нэр дээр Орост сурахаар явсан юм.

Төгсөж ирээд Төв хороон дээр бүртгүүлтэл шууд МУИС руу яваад оч гэлээ. Учрыг нь сайн ололгүй, их сургууль дээр очиход тушаал ч гарчихлаа. Тэгсэн удалгүй яамнаас дуудаад эхлэв. Тухайн үед оргож боссон хүн шиг санагдаад их хэцүү байсан л даа. МУИС-ийн ПДС-ийн захирал Б.Лувсанцэрэн, ГУУФ-ын декан Я.Болд, Уул уурхайн тэнхмийн эрхлэгч, хожим  Монголын уул уурхайн анхны шинжлэх ухааны доктор болсон Б.Ишмэнд нар “Яам чамайг авах гээд байна. Би энд орчихсон гээд байгаарай. Аашилж загнаж магадгүй, аргадаж гуйж ч магадгүй шүү” гэж зөвлөлөө.  

Яаман дээр очсон биз дээ. Юу гэж байх юм?
Яаман дээр очтол Коллегийн гишүүн, ерөнхий инженер, Үйлдвэрлэл-техникийн хэлтсийн дарга Ц.Дамдиндорж гэж хүн сайдын өрөө рүү яваад орлоо. Удсан ч үгүй  өндөр нуруутай, сайхан царай зүстэй хүн гарч ирээд “Цэвээнжав гэж хүүхэд байна уу?  Ороод ир” гэв. Тэр хүн бол Геологи, уул уурхайн сайд, шинэ Үндсэн хууль батлалцсан Ч.Хурц гуай байж билээ. Ч.Хурц сайд “За хүү минь, чи яамны нэр дээр сургуульд яваад, амжилттай төгсөөд ирж. Одоо яамандаа ажилла” гэх нь тэр. “Би Их сургуульд багш болсон. Энэ ажлаа л хиймээр байна” гэсэн чинь “Юуны чинь багшлах,  чи яамны нэр дээр сургуульд яваа биз дээ?” гэлээ.

Тухайн үед эхнэр болох хүн маань Анагаах ухааны дээд сургуулийн оюутан. Дээр нь геологиуд хөдөө хээр их явдаг. Хамаагүй хол явчихмааргүй санагдлаа. Хурц гуай “Би Төв хорооны бүгд хурлын гишүүн. Төв хороо руу утастахад танай сургууль юу болохов” гэж эхлээд аашилснаа дараа нь аргадаад “Хүү минь үерхдэг охин бий юу?” гэж байна. “Бий, бий” гэтэл “Өө тэгвэл, залуу улсад хамгийн хэрэгтэй юм бол орон сууц. Чи толгой сайтай  хүүхэд байна. Яамандаа мэргэжилтнээр оруулна” гэж хэлээд халааснаасаа байрны түлхүүр гаргаад ирэх нь тэр.

Сурагчийн болон оюутны дотуур байранд олон жил амьдарсан хүн байрны чухлыг  мэдэлгүй яах вэ. Түлхүүрээс нь атгаад авмаар санагдсан ч нэгд их сургуулийн удирдлага багш нарын маань итгэл найдвар, хэлж захисан үг, хоёрт хүн чанар санаанд оров. Дээр нь хагас  сарын цалингаа авчихсныг ч хэлэх үү. Эр хүн үг буцах муухай тул “Би багшаа л хийе” гээд сайдын өрөөнд  бүтэн 2 цаг “гүрийгээд” суулаа. Тэгж байснаа Ч.Хурц гуай, гар чи! гээд хөөж орхилоо. Хамаг хөлс  нь  цувсан хүн сургууль дээрээ ирэхэд багш нар маань баяр хүргээд сүйд. 

Тэр жилийн  намар, геологчдын баярын хурал дээр Ч.Хурц гуайг байхаар нь очоод мэндэлтэл дуугарсангүй, хажуугаар дээгүүр хараад өнгөрөв. Дараа жил дахиад мэндлэхэд “Сайн” гээд муухан дуугарч  байна. Гурав дахь жил нь   мэндлэхэд, Хурц гуай их сайхан инээгээд “Сайн багш болоорой. Уг нь чи яаманд хэрэгтэй байсан юм. Олон сайн шавь, инженер сургаж бэлтгээрэй” гээд гар бариад үнсэж билээ. Их ч баярлалаа. 

Аливаа юманд язгуур эрх ашиг, эрх ашгийн эрэмбэ гэж байна. Мань мэтийн эгэл инженер яаманд байна уу, сургуульд багшилна уу гэдэг нь чухал биш, хамгийн гол нь их юм бүтээж, улс орны нийтлэг эрх ашигт үйлчилж байх ёстой.  Эрдэс баялгийн салбарт орж ирсэн анхны сайхан дурсамж маань энэ.

Өрөмдлөгийн чиглэлээр анх­ны багш, анхны эрдэмтэн судлаач, анхны профессор, анхны тэнхим, салбарын эрхлэгч гээд олон  зүйлээрээ Та  анхдагч болж ажилласан байдаг. Ч.Хурц гуайн захиснаар та салбартаа манлайлсан олон сайн шавь төрүүлсэн үү?
Тийм ээ. Би хүн бүрт тэр бүр тохиодоггүй аз завшаанаар багш гэдэг эрхэм албыг насан турш тууштай хашиж, олон зуун, бүр хэдэн мянган сайхан шавь нарыг бэлтгэж, тэд маань сайхан амьдарч, сайн ажиллаж байгаа нь миний бахархал юм даа.

Би уг нь “горный инженер” буюу уулын инженер-өрөмдөгчийн мэргэжилтэй. Үүгээрээ их бахархдаг. МУИС-д анх ирэхэд манай өрмийн болон газрын тосны инженерийн анги, салбар нээгдэх нь бүү хэл сураг ч үгүй байлаа. Геологийн,  уул уурхайн гэсэн хоёрхон  тэнхимтэй.

Техникийн инженерийн мэргэжил­тэй тул анх Уул уурхайн тэнхимд багш болоод 1975-1980 онд би уул уурхайн нэг л ангийн багшаар ажиллаж, дааж төгсгөсөн. Манай ангид 40 хүн элсээд 33 хүн төгссөн. Тэд маань одоо эх орны уул уурхайн ачааны хүндийг үүрч байна. Тухайлбал, МУУҮА-ийн Ерөнхийлөгч  байсан, одоо Уул уурхайн мэргэшсэн институтын захирал Д.Дамба, ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн захирал байсан, одоо тус сургуулийн Тамгын газрын дарга, доктор, профессор Л.Пүрэв, Уул уурхайн хүрээлэнгийн захирал доктор, ШУТИС-ийн Хүндэт профессор Х.Жаргалсайхан, “Гурвансайхан” ХХК-ийн захирал, доктор Б.Бат-Очир, Улсын мэргэжлийн хяналтын газрын  Геологи, уул уурхайн хяналтын албаны дарга байсан Ч.Энхбаяр нар тэр ангийн төгсөгчид. Миний хамгийн дотно, анхны шавь нар маань юм.

Дараа нь өрмийн анги нээгдэж, би геологи руугаа орж ирсэн.  Манайд өрмийн инженерийн анги 1979 онд нээгдэж, анх 25 хүн элсэж байлаа. Гэхдээ зарим нь өрмийн мэргэжил хүнд хэцүү гэх ч юм уу, аль эсвэл танил талаараа өөр ангид шилжих, сургуулиас гарах гэх мэтээр цөөрсөөр анхны 13  (бидний хошигнолоор “элсний-13”) өрмийн инженер бэлтгэгдсэн.

Би энэ ангийн анхны анги даасан багш, анхны тэнхмийн эрхлэгч нь байлаа. 13 гэдэг өлзийтэй сайхан тоо. Анх 1960 онд газар зүйн ангиас геологийн ангийг салгаж, 1963 онд геологийн анхны 13 инженер бэлтгэгдсэн, 1972 онд уул уурхайн инженерийн анги нээгдээд 1977 онд анхны төгсөлт нь бас 13 хүнтэй байлаа.

Эх орондоо бэлтгэгдсэн манай өрмийн анхны инженерүүдээс “Монголын Алт” компанийн  өрмийн инженер, Цагаансуваргын геологийн ангийн даргаар ажиллаж байсан Л.Энхбат, сургууль төгссөнөөсөө хойш Чойрын геологийн экспедици, хожмоо “Говьгео” ХХК-д тасралтгүй ажилласан, Хөдөлмөрийн хүндэт медальт Д.Болд, Дорнодын геологийн экспедицид өрмийн инженерээр ажиллаж байгаад  өрөмдлөгийн  “Гео-ундарга” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажилласан Г.Баттулга нар маань миний анхны шавь нар. Тэд маань анхны хүүхэд адил хамгийн дотно, байнгын харилцаа холбоотой, үргэлжид дурсагдаж байдаг даа.  

Миний бие мэргэжлийн хүмүүстэйгээ хамтран Монгол улсад геологи-хайгуул, гидрогеологи, геофизик, хайгуулын өрөмдлөг, уул уурхайн ашиглалт, механик, цахилгаан, баяжуулалт, газрын тосны өрөмдлөг, олборлолт гэх мэт бүхэлдээ эрдэс баялгийн 10 гаруй мэргэжлүүдийн 2 чиглэлийг нээж, дээрх мэргэжлүүдээр эх орондоо бэлтгэгдсэн 8000 шахам мэргэжилтний 2000 гаруйд нь хичээл орж, 150 орчим хүний баклаврын, 47 хүний магистрын, 6 хүний докторын ажлыг биечлэн удирдаж хамгаалуулжээ.

1990-ээд оны эхээр газрын тосны инженерийн салбарыг үндэслэн байгуулж,  энэ чиглэлийн хэд хэдэн мэргэжлийн сургалт-арга зүйн материалыг бий болгоход таны оролцоо их байсан гэдэг юм билээ. Шинэ нийгэмд дэвшин оронгуутаа л чухалчлан авч үзсэн газрын тосны салбарыг Та олон жил судалж, анхаарч ирсэн?
Газрын тосны салбар чухал гэдгийг дээхнэ үед ч, ардчиллын 20 гаруй жилд ч хаа хаанаа  ойлгож байсан. Тиймдээ ч шинэ үеийн хууль дотроос хамгийн түрүүнд буюу 1991 онд Газрын тосны тухай хууль батлагдсан юм. Улс орны хамгийн амин чухал, судсаар нь гүйдэг цустай адилхан салбарыг тусгаар байлгах гэж, биеэ даасан байлгах гэж, хөрөнгө оруулалтыг татах гэж уг хуулийг хамгийн түрүүнд шийдсэн хэрэг. Яагаад тэр үед Ашигт малтмалын хуулийг түрүүлж батлаагүй юм бэ? Эрчим хүчний хууль, Барилгын хууль, Авто замын хууль зэрэг чухал баримт бичгүүдээс урьтаж, Газрын тосны тухай хуулийг баталсан  гээд бодохоор нэг юм хэлээд байгаа биз. Нэгдүгээр асуудал энэ.

Хоёрдугаарт, яг өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр орж байж асуудал нь шийдэгддэг салбар бол газрын тосны салбар. Оюутолгой, Тавантолгой хэчнээн том ч гэлээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээгүй санагдана. Уул уурхай улс орны эдийн засагт илүү мөнгө оруулж байгаа, илүү ач холбогдолтой, илүү эдийн засгийн суурь гэдэг талаасаа нөлөөтэй нь үнэн. Гэхдээ бодоод үз л дээ. Уул уурхайгаар мөнгө олох гэж байвал газрын тостой байх ёстой.

Үүнийг Монголын төр, шинэ нийгмийн тогтолцоо маань ойлгоод, анхны хуулиа гаргаад 2006 онд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг нэмж баталсан. Нэг ёсондоо уг салбар маань 2 хуультай боллоо гэсэн үг. Хоёр хуультай өөр салбар байхгүй.

 2003 онд таны хамт олонтойгоо туурвисан “Газрын тосны аж үйлдвэрийн үндэс” хэмээх 600 хуудас бүхий сурах бичиг газрын тосны мэргэжлийн суралцагсад, судлаачдын гол гарын авлага болж байсан. Эрдэмтэн судлаач, багш сурган хүмүүжүүлэгч хүний хувьд  газрын тосны салбарын өнөөгийн дүр төрхийг хэрхэн харж байна вэ?
Дэлхийн эдийн засаг газрын тосны үнэ, америк доллар хоёроор хэмжигддэг гэж би үздэг. Тиймдээ ч монголчууд газрын тосны хайгуул энэ тэрээ хийгээд явъя гэхээр ЗХУ манайхаас бензин авчих гэдэг байж. 1986 оноос л гадны геологчид баруун Монголоор хайгуул хийж, 1991 онд дэлхийд гуравт жагсдаг Английн “Бритиш Петролиум” компанийн геологчид  газрын тосны нөөцтэй  гэгдэх газар  нутгуудаар хайгуул хийсэн. Газрын тосны салбар улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, хүн ардын суурь ашиг сонирхолтой холбоотой  учраас үүнийг жаахан хөхиүлэн дэмжье, дотооддоо ч мэргэжилтнээ бэлтгэе  гэж зүтгэсэн хэрэг.

Газрын тосны нийлүүлэлтийг зохиомлоор хязгаарласнаас дэлхийд 1970 оны эхэн үед газрын тосны хямрал нүүрлэсэн. Ингээд  Монгол улс 1980-аад оны эцэс, 1990-ээд оны эхээр түлш шатахууны хомсдолд орж, төр засаг, ард түмнээрээ    сандарлаа. 1992 онд газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цаашдаа   энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг үндсэнд нь эх орны түүхий эдээр хангахаа төр засгийн түвшинд зарласан юм. Ингэхээс ч аргагүй байсан.

1989 онд 864 мянган тоннд хүрч байсан газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 1990-ээд оны эхээр 260-280 мянган тонн хүртлээ буурсан гээд бод доо!
Ийм хүнд үед “Нефтийн аж үйлдвэрийн үндэс” гэсэн  нэртэй анхны сурах бичиг туурвиж, үүнийгээ бусад багш нарын хамтаар хожим “Газрын тосны аж үйлдвэрийн үндэс”  хэмээх мэргэжлийн  томоохон сурах бичиг болгож гаргасан юм.

Одоо ч гэсэн  газрын тосыг зөвхөн арилжаа наймаа гэдэг талаас нь явцуу хүрээнд харж, сэтгэж, үе үехэн шатахууны үнэ өслөө, буурлаа гэж ярихаас хэтрэхгүй байна. Газрын тосны хайгуул, олборлолт руугаа илүү анхаарал хандуулж, газрын тосны салбарыг арилжаа наймааны салбар гэхээсээ илүү эрдэс баялгийн салбарын нэг  хэсэг гэж үзэх хэрэгтэй. Үйлдвэржүүлэх  шаардлагатай. Монголын газрын тосны салбар үйлдвэрлэл явуулсан нөхцөлд л хөгжинө. Өөр арга байхгүй.

Аж үйлдвэрийн яам олон жил яригдсан газрын тосны үйлдвэрийг  2016 оноос барьж эхэлнэ гэж бодлогын түвшинд төлөвлөсөн байна лээ?
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэж байхад үйлдвэр, хөдөө аж ахуй хоёрыг нийлүүлчихэж болдог юм байх даа гэж боддог байсан. Одоо Аж үйлдвэрийн яамтай боллоо. Монголд яалт ч үгүй үйлдвэржүүлэлт чухал. Газрын тосны үйлдвэрийн тухайд том, жижиг нь хамаагүй яг зах зээлийнх нь зарчмаар барих хэрэгтэй . Аль болох хувийн хэвшлийнхнийг түлхүү оруулах ёстой.

Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих, гэхдээ Төрөөр баталгаа гаргуулах гээд зүтгэж байгаа хүмүүс бий. Төр бизнест оролцож болохгүй, зохицуулалт л хийх ёстой.
Монгол улсын шатахууны хэрэгцээг олон эх үүсвэрээр хангах хэрэгтэй. Уламжлалт газрын тосны үйлдвэрлэлээр хэрэгцээнийхээ 50%-ийг, импортоор 30%-ийг, занараас 10%-ийг, нүүрсний давхаргын метан хийнээс 5%-ийг гэх мэтийн  эх үүсвэрүүдээр хангаж болно шүү дээ. Миний хэлээд байгаа олон талын хамаарал гэж  энэ юм.

Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Монголчууд өөрсдийгөө 300 жил газрын тосоор хангах нөөцтэй гэсэн барууны геологичид судлаачдын дүгнэлт, Монголд газрын тосны үйлдвэрлэлийн ач холбогдолтой нөөц байх боломжгүй гэсэн Оросын геологичдын дүгнэлтийн дунд Монголын ардчилал оршино” гэж хэлсэн байдаг. 

Монгол улс газрын тосны 332 гаруй сая тонн геологийн, үүнээс 27 сая орчим тонн баталгаат нөөцтэй.  
Дэлхийн газрын тосны бизнесийн эцэг Жон Рокфеллер “Зөвхөн газрын тостой байх нь чухал биш. Түүнийг олборлох, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах үйл явцыг  нэгтгэн зангидаж байж  л мөнгө болдог” гэсэн үгийг энд дурдмаар байна. Үүнтэй адил манай газрын тосны авьяаслаг менежер, томоохон мэргэжилтэн, доктор Ж.Оюунгэрэл анх “Петроматад” компанийг байгуулж байхдаа өөрсдөө хайгуул хийе, нэрье, заръя гэж хамгийн түрүүнд сэтгэсэн  нь ухаалаг хандлага байсан юм.

Эх орны газрын тосны салбарт мэргэжилтний хүрэлцээ, үндэсний мэргэжилтний оролцоо хэр байна вэ?
Дээр үед манайд газрын тосны мэргэжилтнүүдийг зөвхөн гадаадад, тухайлбал, ОХУ, Болгар, Румын зэрэг оронд бэлтгэж байсан. Тухайн үед бэлтгэгдсэн 100 гаруй мэргэжилтнээс одоо цөөхөн нь ажиллаж, ихэнх нь тэтгэвэрт гарсан. Зарим нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Харин дотооддоо техникумаар газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн албаны түгээгч, нярав, ШТС, агуулахын эрхлэгч зэрэг дунд мэргэжлийн 400 гаруй хүнийг бэлтгэсэн нь одоог болтол ажил үүргээ гүйцэтгэж байна.

1990-ээд оны эхнээс манай Техникийн Их сургуульд энэ асуудлыг анхааралдаа авч 1991 оноос НИК-ийн, 1992 оноос “Газрын тос” товчооны захиалгаар газрын тосны өрөмдлөг, олборлолт, боловсруулалт, хадгалалт-тээвэрлэлт, барилга-байгууламж, хийн түлшний дамжуулалт-хангамжийн инженерүүдийг бэлтгэсэн. Мөн МУИС-д газрын тосны геологич, газрын тосны химийн мэргэжилтнүүдийг бэлтгэх болсон. 1995 онд газрын тосны үндэсний анхны инженерүүдийг бэлтгэн гаргаж эхэлснээс хойш эдүүгээг хүртэл зөвхөн ШУТИС-д 800 гаруй бакалавр, 60 орчим магистр, 6 доктор бэлтгэжээ. Одоо тэднийг салбарт нь ажиллуулж бойжуулах хэрэгтэй байна.  
Бойжуулах хэрэгтэй байна гэсэн чинь юу гэсэн үг вэ?  Тэд мэргэжлээрээ ажиллаж байгаа биз дээ?
Яг үнэндээ  газрын тосны чиглэлээр Монголын  өчнөөн зуун боловсон хүчин бэлтгэгдсэн атлаа энэ салбарын зөвхөн “доошхи урсгал”-ын (downstream) буюу газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн албанд ажиллах боломжтой байна.  Өөрөөр хэлбэл, хамгийн чухал,  жинхэнэ инженерийн ур чадвар шаардах “дээшхи урсгал”-ын буюу газрын тосны хайгуул-олборлолтын албанд тэр бүр ажиллах боломжгүй байгаа.

Газрын тосны хайгуул-олборлолт зөвхөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар явагддаг болохоор манай үндэсний залуу мэргэжилтнүүд мэргэжлийн ажлаа хийх, дадлагажих, туршлагажих боломж хязгаарлагдмал. Үүнд төрийн бодлогыг чиглүүлж, хууль тогтоогчид анхаарах хэрэгтэй. Газрын тосны хайгуул-олборлолтын мэдээлэл ч хаалттай. Эх орныхоо газрын тосны хайгуул, өрөмдлөг, олборлолтын мэдээллийг үндэсний мэргэжилтнүүд үзэх, танилцах боломж байхгүй байна.

Эрдэм оюуныг дээдэлж, мэргэжилтнээ сургаж, дадлагажуулах нь эрх ашгийн чухал эрэмбэ гэдгийг ойлгох хэрэгтэй.  Монгол эх орны маань газрын тосны хайгуул явагдаж, нөөц нэмж тогтоогдоод байгаа боловч үүнд оролцож байгаа монгол геологич  нэг ч  алга.
Эрдэс баялгийн зөвлөлийн хурал дээр газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн мэргэжлийн хэсэг хүмүүс л  оролцдог.  Гэтэл  Оюутолгой, Бороогийн ордуудын нөөцийг монгол геологичид, түүний дотор манай шавь нар оролцон хэлэлцүүлж, хамгаалж байсан бол Тамсагийн газрын тосны нөөцийн тайланг гаднын хүн орчуулгатайгаар танилцуулж, хамгаалж байх жишээтэй.

Манай өрөмдөгчид өрмөө төлөвлөөд, геофизикчид станцаа бэлтгээд зөвхөн эх орондоо төдийгүй Австрали, Канад, Армян, Казахстан, Катар, Мавритан, Конго гээд Ази, Африк зэрэг олон тив, улсад амжилттай ажиллаж, газрын тосны гүний өрөмдлөгийг ч хийх чадавхтай болж байгаа  ч  Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс  болоод эх орондоо хийх ажил олдохгүй байгаа нь туйлын харамсалтай.

Манай Засгийн газраас ажиллах хүчний харьцаа, хязгаарлалт (квот) гаргаж байгаа хэрнээ  энд ажил мэргэжлийн түвшин заагаагүй. Тухайн квотоор зөвхөн үйлчилгээний ажилчид, тухайлбал  жолооч, тогооч, манаач сахиулаар  ажиллуулах жишээтэй. Бидний бэлтгэсэн зохих түвшний инженер, мэргэжилтнүүд тухайн компанийн менежментийн түвшинд орж ажиллаж чаддаггүй.  Цаашид үүнийг өөрчлөх ёстой.

Газрын тосны салбарт ажиллах хүчний квотыг 75% нь гадаад ажилтан, 25% нь дотоод ажилчид байхыг Засгийн газрын тогтоолд тусгасан.  10%-ийн квотыг бодвол арай дээрдсэн юм биш үү?
Хуульд үндэсний оролцоог муу тусгасан. Гэхдээ хэт чангалчихаар хөрөнгө оруулалт орж ирдэггүй муу талтай юм шиг байна.  

Шинэ хуулиар Засгийн газрын баталсан загвар гэрээн дээр үндсэн нөхцөлүүдээ тохироод хэлэлцээр хийж, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар болж байна. Өмнөхөө бодвол арай дэвшилттэй болсон юм шиг?
Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нь буруу биш. Үүнд сайн талууд бий. Хүн мөнгөөрөө эрсдэлээ дааж, хайгуул хийдэг. Үүнээс өөр зам байхгүй. Дээхнэ үед хамтын хайгуулын “Баян-Ойл” компани байгуулагдах үед Монгол улс Оюутолгойг хамтарч эзэмшинэ гэдэгтэй адил өрөнд орох шахсан. 1996 онд М.Энхсайханы Засгийн газар гарч ирсний дараа “Баян Ойл”-ыг шууд татан буулгаж байлаа. Хэцүү ч гэсэн маш зөв шийдвэр байсан юм.

Өнгөрсөн 20  гаруй жилийн хугацаанд монголчууд өөрсдийн юмаа өөртөө аажмаар авах гэж оролдсон. Гэхдээ Бүтээгдэхүүн хуваах гэрээний муу тал  нь хүний гарт орчихоод байдаг. Индонезийн Ерөнхийлөгч Сухарто гуай манай П.Очирбат Ерөнхийлөгчид “Наана чинь сайн юм их бий. Муу нь гэвэл мөнгө өгсөн хүн хөгжмөө захиалдагтай адил хүний гарт орчихдог юм шүү” гэж захисан удаатай.

Үнэхээр ч  Монголын өрөмдлөгийн компани зээлээр авсан өрмийн машинаараа ажил хийе гэхээр Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тухайн компани тендер зарлаад л Хятад компанидаа өгчихдөг. Ийм муу талтай.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс өөр зарчим үйлчлэх юм бол газрын тосны үнэ унахад тосоо хямгадаад юмуу өөрөө боловсруулаад, үнэ нэмэгдэхээр нь  зарах боломжтой байдаг юм.  Гэтэл өнөөдөр нэг баррель газрын тосоо 50-хан доллараар зарж, газрын тосны бүтээгдэхүүнээ өндөр үнээр авч байна шүү дээ.

Ер нь манай газрын тосны салбарыг зөвхөн арилжаа, хэрэглээний өнцгөөс бус газрын баялгийг олборлож боловсруулах үйлдвэржүүлэлтийн өнцгөөс харах хэрэгтэй байгаа юм.

Монгол улсад газрын тосны бүрэн судалгааг хийх шаардлагатай гэж үздэг. Голлох нөөцүүд хаагуур байгаа бол? Хайгуулын тодорхой талбайнууд зарлагдсан байх аа?
Бүрэн судалгаа хийх ёстой.  “Ойл, ойл шейл Монголиа” чуулганд гадаад, дотоодын олон байгууллага, мэргэжилтнүүд оролцсон. Тэр чуулган дээр Монголын Геофизикчдын Холбооноос газрын тосны ахмад, туршлагатай мэргэжилтнүүд болох Б.Дэндэвчулуун, Д.Цэрэнбалжир нар маш сайхан илтгэл бэлтгэж, тавьж хэлэлцүүлсэн.

Монголын Дорнод, Дорноговь, Өмнөговийн сав газруудад  газрын тос цэрдийн хурдаст үүсч, хуримтлагдан агуулагддаг бол эх орны баруун хэсэг Их нууруудын хотгор, Алтайн цаадах говьд газрын тос геологийн өөр эрин галав, нөхцөлд үүсч хуримтлагдсан, цар хүрээ, хэмжээний хувьд их байх магадлалтай гэсэн нь тэдний илтгэлийн гол санаа юм.  Тэдний судалгааг Төр анхааралдаа авч, судалгаа явуулах хэрэгтэй.

Сүүлийн үед шатдаг занараас шатахуун гарган авч, дотооддоо нефтийн бүтээгдэхүүний эх үүсвэр бий болгох талаар нэлээд ярьж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
Израилийн профессор, дэлхийд алдартай “Жени Ойл Энд Газ” компанийн ерөнхий геологич, профессор Ювал Бартов бидэнтэй уулзаж байхдаа  “Монголд сайхан занар байна” гэж хэлж байсан. Тэрээр анх Байгалийн түүхийн музейгээс Колорадогийн занартай төстэй занар олж харсан юм билээ. Энэ занарыг одоо хайгуул хийгээд байгаа Төв аймгийн Өвөржаргалантын Дэвсэнгийн хөндийгөөс олсон юм.

Занарын хамгийн зузаан үе   Өвөржаргалантын Дэвсэнгийн хөндийд бий гэдгийг өмнө нь Монголын олон эрдэмтэн судалж тогтоосон. Харин О.Эрдэнэбулган Уул уурхайн дэд сайд байхдаа Америкт анх занарын танилцуулгыг хийж, төдөлгүй “Жени Ойл энд Монголиа” компани Монголд орж ирсэн. 

Монгол улс  790 тэрбум  тонн  шатдаг занарын нөөцтэй гэдэг нь  үндэслэлтэй тоо. Гэхдээ занарын хайгуулыг бүрэн хийж, нөөцийг нь тогтоож, үүнийгээ ашиглах хэрэгтэй. Занарын хайгуул, олборлолтод саад учраад байгаа нь бид анхнаасаа юмаа жаахан буруу эхлүүлдэгтэй холбоотой байх.  Занарыг газар дор халаагаад олборлоно гээд анх бүгд яриад эхэлсэн.  Уг нь энэ бол яах аргагүй өндөр технологи.  Занарын хувьсгалын гол ноу-хау нь эндээ л байдаг.  Эстон шиг, Хятад шиг газар дээрээс нь авч болохгүй. Байгаль орчинд хор хөнөөл ихтэй. Гэтэл занарыг газар дор халааж олборловол дэлхийг түймэрдэх  ухааны юм ярьдаг хүмүүс бидний дунд  байна. Америкчууд нээлттэй нийгмийн хүмүүс учраас анхнаасаа технологио танилцуулсан нь зөв шүү дээ.

 “Бритиш Петролиум”-ынхан 1989 оноос хойш олон зуун км газар эрэл хайгуул хийгээд   Монголоос газрын тос олдлоо,  дамжуулах хоолой, боловсруулах үйлдвэр хэрэгтэй гээд баахан зах зээлийн судалгаа ярьсан.  Би тухайн үед тэдэнд “Та нар зах зээлийн тооцоо хийхийн оронд эхлээд хайгуулаа сайн хий, тосоо ол” гэхэд өөдөөс “Зах зээлийн хууль гэдэг бол  бизнесийн эцсийн үр дүнгээ харж ажиллахыг хэлдэг юм.  Тийм  юм хийнэ гээд хий лоозогнож болдоггүй юм” гэж  билээ.

Тийм нарийн тооцоо хийдэг, асуудалд зах зээлийн ойлголтоор ханддаг хүмүүсийг монголчууд хүлээж авахгүй байгаа нь харамсалтай. Занарын хайгуулыг өргөн уудам нутагт хийх ёстой. Багаар бодоход 40-200 метр зузаан бүхий занарын хуримтлалд халаалтын технологи ажиллах ёстой байдаг. Харин үйлдвэрлэл нь ердөө л хааш хаашаа саахалтын дайны газарт   явагддаг  онцлогтой. Иймд  байгаль орчинд хор нөлөөгүй.  

Сүүлийн үед Монголд үндэсний өрөмдлөгийн компаниуд олноор төрж байгаа ч гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, тэр дундаа хайгуулын ажил зогсонги байдалд орсноос өрмийнхөн нэлээд хямарсан. Түрүүчээсээ дампуурсан сураг байна. Одоо байдал ямар байна вэ?
Өрөмдлөг бол геологи-хайгуул, уул уурхай, газрын тос , усны аж ахуй, барилга зам, эрчим хүчний зэрэг толгойлох салбарт үйлчилгээ үзүүлдэг, тэднийг дагаж хөгждөг алба.  “Өрөмдлөгийн онол” номдоо би энэ тухай бичсэн.
Геологийн өрөмдлөгийн ажлын үнэлгээ нэг метрт 300 ам.доллар байдаг бол газрын тосных 1000 ам.доллар байдаг. Манайд газрын тосны өрмийн ажлыг хийж байгаа ч  тэрхүү ажлыг Хятадын компани л хийдэг. Их ч хөрөнгө оруулалттай ажил. Гадны компаниуд газрын тосны өрөмдлөгийн ажлыг хийчихэж байна. Гэхдээ газрын тосны хайгуулын өрөм 5-10 сая ам.доллар байдаг. Геологийн хайгуулын өрөм 500 мянгаас нэг сая доллар байдаг. Хөрөнгө зарцуулалтын хэмжээ өөр байгаа биз. Гэхдээ манайхан энэ бизнес рүү орох ёстой. Одоо бол эхлэх л гэж байна.   

Өрөмдлөгийн салбар ингэж хоромхон хугацаанд тэлсэн ч зогсохоо хүрвэл хамгийн түрүүнд л өртчихдөг юм байна. Геологич хүн хэчнээн хэцүү байсан ч алхаа үүрээд, цалингаа аваад явж болдог. Өрмийнхөн болохоор ихэнх техник, хэрэгслээ зээлээр худалдаж авсан, зарим нь банкныхаа зээлэнд ч хураалгасан. “За, та  нар тооцоотой байж үзээрэй” гэж намайг хэчнээн хэллээ ч тоогоогүй.  ”Тан шиг ингэж хаширлаад байвал яаж явах вэ. Ямар ч бизнес  эрсдэлтэй” гээд байсан. Одоо тэд бас хашрахгүй, шархаа нөхнө л гээд байна лээ.

“Урт  нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт орсон болохоор одооноос алтны шороон ордын хайгуул хийгдэх байх?
Алтны шороон ордын хайгуул нэлээд хийгдэхээр байна. Хэд хоногийн өмнө нэг цохилтот өрөм зарагдсан гэж сонслоо. Ашигт малтмалын шороон ордын хайгуулыг цохилтот өрмөөр л хийдэг юм. Монголын өрөмдөгчид  гадны компаниудын хөлсний ажилчид биш, өөрсдөө өрөм техникээ аваад, менежментээ хийгээд явах хэрэгтэй.
  • аа (202.179.26.117)
    Та бол эрч хүч шинийг санаачлагч хүн Танаар бахархаж явдаг шүү Нефтийн салбарын сэтгэл нэгт эрхэм хүн та урт удаан насалж биднийгээ баярлуулж яваарай
    2018 оны 07 сарын 11 | Хариулах
  • zochin (124.158.79.2)
    Tsevenjav bagshdaa bayar khurgie saiakhn yariltslaga bolson bna
    2017 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.103)
    Их юм мэдэж авлаа Сайхан ярилцлага болжээ
    2015 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.112.66)
    сонирхолтой сайхан ярилцлага болжээ
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (104.237.139.134)
    Маш их сургамжтай ярилцлага байна Хүн болгон ингэж боддог бол улс орон маань хурдан хөгжинөө
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.11.94)
    Сайхан монголоо гэсэн сэтгэлтэй алсын хараатай эрдэмтэнтэй хийсэн ярилцлага таалагдлаа Улам олон чадварлаг шавь бэлтгэнэ хэмээн найдаж байна Танд амжилт хүсье
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.11.94)
    Сайхан монголоо гэсэн сэтгэлтэй алсын хараатай эрдэмтэнтэй хийсэн ярилцлага таалагдлаа Улам олон чадварлаг шавь бэлтгэнэ хэмээн найдаж байна Танд амжилт хүсье
    2015 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.11.94)
    Сайхан монголоо гэсэн сэтгэлтэй алсын хараатай эрдэмтэнтэй хийсэн ярилцлага таалагдлаа Улам олон чадварлаг шавь бэлтгэнэ хэмээн найдаж байна Танд амжилт хүсье
    2015 оны 04 сарын 15 | Хариулах