Англи-Австралийн уул уурхайн “BHP Billiton” компани нь уул уурхайн салбар дахь бизнесийн чиглэлүүдээ хуваан ирэх 5 дугаар сарын 6-нд “South 32” охин компани байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн, шинээр байгуулж буй компанийн хувьцааг Австрали, Йоханнесбург болон Лондонгийн хөрөнгийн бирж дээр 5 дугаар сарын 18-нд худалдаанд гаргах аж.
“South 32” компанийн удирдлагад хөнгөн цагаан, марганц, никель, мөнгө, нүүрс чиглэлийн бизнесүүд багтаж байгаа юм. Ингэснээр толгой компани “BHP Billiton” нь зэс, төмрийн хүдэр, газрын тос болон коксжих нүүрсний чиглэлд төвлөрөн ажиллах гэнэ. Үйл ажиллагааны чиглэлийн бүтцийн өөрчлөлт хийснээр тус компани нь 2016-2017 оны санхүүгийн жилд 4 тэрбум ам.доллар хэмнэх төлөвлөлтөө биелүүлнэ гэж тооцоолж буйгаа Ерөнхий захирал Эндрю Маккензи мэдэгдсэн байна.
“South 32” компанийн нийт хөрөнгө ойролцоогоор 13 тэрбум ам.доллар хэмээн шинжээчид тооцолж буй. “BHP Billiton” нь охин компанид шилжүүлж буй хувьцаануудаас 2014 оны сүүлийн хагас жилд 738 сая ам.долларын цэвэр ашиг олсон байна.
Э.Од