Энэ оны эхний улирлын байдлаар зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 44.5%-иар өсч 309.4 мянган тонн болсон бол үнийн дүн нь 46.7%-иар өсч 512.2 сая долларт хүрчээ. Зэсийн баяжмалын экспорт нийт экспортын 48%-ийг дангаараа бүрдүүлж байна.
Алтны экспорт 0.3 тонноор нэмэгдэж 2.5 тонн болсон бөгөөд
үнийн дүн нь 9%-иар өсч 98
сая доллар болжээ. Алтны экспорт нийт экспортын 9%-ийг бүрдүүлэв.
Харин нүүрсний экспортын хэмжээ 500 мянган тонноор буурч,
3.2 сая тонн болжээ. Үнийн дүн нь 31.6% буюу 65
сая доллараар буурч 141.3 сая доллар болсон байна. Нүүрсний экспорт нийт
экспортын 13%-ийг
бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед нийт экспортын 21%-ийг бүрдүүлж
байжээ.
Төмрийн хүдрийн экспорт 10 орчим хувиар өсч, нэг сая
оричм тонн болжээ. Гэхдээ экспортын орлого нь 29 орчим хувиар буурч 58.1 сая
доллар болсон байна. Төмрийн хүдрийн экспорт нийт экспортын 5 орчим хувийг
бүрдүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед 8%-ийг бүрдүүлж байв.
Харин сүүлийн жилүүдэд экспортын орлого нь огцом өсч
байсан газрын тосны экспорт буурчээ. Эхний улиралд газрын тосны экспортын
хэмжээ 20%-иар өсч 1.9
сая баррель болсон ч үнийн дүн нь 65.8 сая доллар буюу 42%-иар буурч 91.8
сая доллар болжээ. Газрын тосны экспорт өнгөрсөн оны мөн үед нийт экспортын 16%-ийг бүрдүүлж
байсан бол энэ оны эхний улиралд 8% орчмыг
бүрдүүлж байна.
Дээрх таван бүтээгдэхүүний экспорт 901 сая доллар болж, нийт
экспортын 84 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн оны мөн үед 884 сая болж, нийт экспортын
90%-ийг бүрдүүлж
байв. Харин нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тосны экспорт нийт экспортын 36%-ийг бүрдүүлж
байна. 2014 оны 1 дүгээр улиралд 536 сая доллар болж, нийт экспортын 54%-ийг бүрдүүлж
байжээ. Эндээс харахад манай улсын экспортод ашигт малтмал, тэр дундаа зэс,
нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тос гэсэн 5 бүтээгдэхүүний экспорт голлох
нөлөөг үзүүлж байна. Гэхдээ өнгөрсөн онтой харьцуулахад зэсээс бусад
бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь буурч, уг бууралтыг зэс нөхөж байна. Өөрөөр
хэлбэл Монгол улсын экспорт ашигт малтмалын бүтээгдэхүүн, тэр дундаа ганц
зэсийн баяжмалаас ихээхэн хамааралтай болж байгаа юм.
С.Болд-Эрдэнэ