Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэт”, “Оюутолгой” компаниуд хамтран ажиллана

“Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны стандартыг сайжруулах чиглэлээр Монголын хамгийн том хоёр үйлдвэр хамтран ажиллахаар болж байгаа юм.

“Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүүдлэй “Бидэнд бие биенээсээ суралцах зүйл их бий. Санамж бичгийг ажил хэрэг болгосноор бие биенийхээ туршлага, ур чадвараас суралцаж, цаашлаад Монголын уул уурхайн салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж итгэж байна” хэмээн онцолсон юм. Харин “Эрдэнэс үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Уул уурхайн салбарт олон арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан манай үйлдвэр, орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж ашиглан уул уурхайн үйлдвэрлэлийн гараагаа эхэлж буй “Оюутолгой”-той өөрийн арвин туршлагыг хуваалцах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Уг арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд оролцсон. Тэрбээр, “Энэ хоёр үйлдвэр бол өрсөлдөгчид биш. Бүтээгдэхүүн нь чөлөөтэй борлогддог болохоор хоорондоо өрсөлдөх шаардлагагүй. Тийм болохоор хоорондоо хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн чиглэлийг өгч байсны дагуу өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурж байна. Хэн хэнээсээ суралцах зүйлтэй үйлдвэрүүд. “Оюутолгой”-н асуудал үндсэндээ шийдэгдсэн” гэсэн юм.

Дашрамд дурдахад тус хоёр үйлдвэр нь Монголын хамгийн том уурхай, мөн баяжуулах үйлдвэр юм. Өнгөрсөн онд Монгол улсын 60 мянга орчим ААН-ийг татвар төлөлтөөрөө тэргүүлсэн, Монголын хамгийн том экспортлогч, хамгийн олон ажлын байр бий болгогч гээд уул уурхайн салбар, нийгэм эдийн засагт нөлөөлөх байдлаараа олон талаар адилхан хоёр үйлдвэр билээ.  

С.Болд