“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн ТУЗ-ийн гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Тэрбээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа, “Миний хувьд одоо үргэлжилж байгаа яриа хэлэлцээнд оролцохгүй байгаа. Би ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тухайн үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлж хийсэн. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй. Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээр дээр ийм зарчим мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан” хэмээн тайлбарлажээ.
Г.Тэмүүлэн “Оюутолгой” ХХК-ийн
ТУЗ-ийн гишүүнээр 2013 оны 9 дүгээр сард томилогдож байсан юм. Тэрбээр
чөлөөлөгдөх өргөдлөө “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ, Засгийн газрын хэрэг
эрхлэх газарт өгчээ.
Мөн Г.Тэмүүлэн Оюутолгойн далд
уурхайн санхүүжилт яагаад шийдэгдэхгүй байгаа талаар “Олон нийт “Оюутолгой”-г татварын хэдэн долларын маргаан,
анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтээс үүдэн Монголын тал гацаагаад байна гэж харж
шүүмжилж байгаа. Үнэндээ бол түүнээс илүү том эрх ашгаа хамгаалж үлдэх гэж л
бид өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Татварын маргаан, анхны хөрөнгө
оруулалтын хэтрэлтийг шийдчихэд л “Оюутолгой”-н асуудал шийдэгдэх байсан бол аль
хэдийнэ явчих байсан. Гэтэл нөгөө тал маань түүнээс илүү зүйл хүсч, өөрсдийнхөө
алдааг биднээр хүлээн зөвшөөрүүлэхийг шахаж байгаа болохоор түүнийг нь хүлээн
зөвшөөрөлгүй өдий хүрсэн хэрэг” гэсэн хариулт өгсөн байна.
С.Болд