Дэлхийн гангийн холбооноос /WSA/ мэдээлж буйгаар 3 дугаар сарын дүнгээр гангийн гол үйлдвэрлэгч 65 орны нийт үйлдвэрлэл 138 сая тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,7%-иар буурсан байна.
Өнгөрсөн сард Хятад улс 65,9 сая тонн, Япон 9,3 сая тонн, Өмнөд Солонгос 5,65 сая тонн ган тус тус үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос бүгд буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин Энэтхэгийн гангийн үйлдвэрлэл 10%-иар өсч 7,95 сая тоннд хүрсэн аж. Европын холбооны орнуудын хувьд Герман 3,96 сая тонн буюу 4,4%, Итали 2,1 сая тонн буюу 9,8%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Тэгвэл дэлхийн гангийн хамгийн том хэрэглэгч Хятад улсын эрэлт хэрэгцээ 1995 оноос хойш анх удаа буурч байгаа талаар Дэлхийн гангийн холбооноос мэдээлэлдээ онцолжээ. Тус улсын гангийн хэрэглээ 2015 онд 0,5%-иар буурч 707,2 сая тонн хүрэх бол 2016 онд 703,7 сая тонн болж буурах хандлагатай байгаа аж. “Goldman Sachs Group” компанийн шинжээчдийн таамаглалаар 2015 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 1,2%-иар буурч 813 сая тоннд хүрэх гэнэ.
Э.Од