Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” Өмнөговь аймагтай гэрээ байгууллаа


“Оюутолгой” компани өчигдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Засаг дарга Б.Бадраа болон сумдын удирдлагууд, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, мөн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг нар оролцсон юм.

 

Монгол улсын хувьд анх удаагаа уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг аймаг, сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа нь энэ. Уг гэрээг байгуулснаар “Оюутолгой” ХХК орон нутгийн байгаль орчин, ус, мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, соёлыг өвийг хамгаалах, үндэсний түүх соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрээс бараа үйлчилгээ худалдан авах зэрэг үндсэн чиглэлүүдээр орон нутагт дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн зүгээс “Оюутолгой” төсөл, “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах юм.

 

Гэрээний хүрээнд “Оюутолгой” ХХК “Хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан жил бүр 5 сая ам.долларын санхүүжилт хийх бөгөөд дээр дурдсан чиглэлүүдээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд уг хөрөнгийг зарцуулах юм. Жилд 5 сая доллар гэдэг нь “Оюутолгой” компанийн жилийн борлуулалттай харьцуулахад бага мөнгө ч Өмнөговь аймгийн хувьд чамлахааргүй мөнгө. Өмнөговь аймгийн төсөв өнгөрсөн онд 110 тэрбум төгрөг байжээ. Мөн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн тодорхой хувийг орон нутагт хүртээх зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн сангийн орлого 10 гаруй тэрбум төгрөг бөгөөд бусад аймгуудаас хамгийн өндөр нь Өмнөговь юм. “Оюутолгой” ХХК-тай Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Өмнөговь аймаг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөтэйгээ дүйх хэмжээний санхүүжилттэй дахин нэг сантай болж байгаа юм.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Дөрвөн жил гаруй хугацаанд хэлэлцсэн энэхүү Хамтын ажиллагааны гэрээ нь бидний ажиллаж, амьдарч буй нутаг орны ард иргэд, засаг захиргаатай харилцан шүтэлцсэн хамтын ажиллагааг бүрдүүлэхэд чиглэсэн томоохон алхам боллоо. Хамтын ажиллагааны гэрээ нь Өмнөговь аймгийн хөгжилд түлхэц өгөх нэг чухал хүчин зүйл болохын зэрэгцээ цаашид Монгол Улсад хэрэгжих томоохон төслүүдэд жишиг болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун “Талууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор үр дүнтэй, ил тод, харилцан ач холбогдол бүхий хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлнэ. Энэ гэрээний дагуу Өмнөговь аймаг болон түншлэгч сумдын зүгээс “Оюутолгой” компанийн бизнесийн үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэх, “Оюу толгой” компанийн зүгээс орон нутагт тулгарч байгаа асуудал, нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай зүйлсийн талаар нэгдсэн ойлголттой болж байгаа нь энэ гэрээний давуу тал” гэв.

Мөн Өмнөговь аймагаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Хамтын ажиллагааны гэрээ зурагдсан нь тус аймаг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжсэн жишиг болж буйг харуулж байна. Өмнөговьчууд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжих хэрэгтэй байна” хэмээн онцолж байсан юм.

Хамтын ажиллагааны гэрээ 30 жилийн хугацаатай байх юм байна.

С.Болд-Эрдэнэ