Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Стандарттай өдөр

“Стандарт бол амьдралд шалгарсан шилдэг туршлага юм” гэж Штефан Кребс хэлэв. Тиймээс маш их хүчийг агуулдаг, тэр хэрээр маш олон давуу талыг бий болгодог. Хэрвээ та ямар нэг стандарт мөрддөг бол шүүхэд очиход ялах магадлал маш өндөр хэмээн “Стандарттай өдөр: Ирээдүй өөд” семинарт оролцогчдод тэрээр хэлсэн юм. Штефан Кребс Чехээс ирсэн төслийн завлөх юм. Дээрх семинарыг Европын Холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн багаас зохион байгуулжээ.  

Европын Холбооны Стандартчиллын байгууллага “Standard Days” буюу Стандарттай өдрийг жил бүр зохион байгуулдаг агаад энэ оны арга хэмжээ “Ирээдүйг өнөөдрөөс эхлүүлнэ” уриа нэртэй аж. Монгол Улс уг байгууллагын гишүүний хувьд энэхүү өдрийг энхэ жил анх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ.

4 дүгээр сарын 21, 23-ны өдрүүдэд зохион байгуулсан семинар стандартын тухай мэдлэг олгох, ач холбогдлыг нь таниулах, стандартчилалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд Стандартчилал, хэмжил зүйн газрын ажилтнууд болон стандартчиллын салбарт шинээр хөл тавьж буй ажилтан, оюутан залуус оролцсон юм.

4 дүгээр сарын 21-ний өдөр оюутан залуучуудад зориулсан семинар МУИС дээр болсон бол 4 дүгээр сарын 23 буюу өнөөдөр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд олон нийтэд зориулсан арга хэмжээ зохиогдов. Энэ үеэр “Стандарт таны биенесийн хөтөч”, “Бизнесс инноваци-стандартын үүрэг, стандартчиллын үйл ажиллагаанд та бидний оролцоо”, “ЕХ-ны стандартчиллын тогтолцоо” зэрэг сэдвүүдээр Монгол Улсын болон Европын Холбооны экспертүүд сонирхолтой илтгэл тавьж, харилцан ярилцлаа.  

Монгол Улсын Засгийн газар Европ стандарт, нормыг нутагшуулах, үүний үр дүнд бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд чөлөөтэй нэвтрүүлэх, тохирлын үнэлгээний салбарт бүтцийн шинэчлэл хийх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд Стандартчилал, хэмжил зүйн газар Европын Холбооны стандартчиллын байгууллагад түншлэгч гишүүнчлэлтэйгээр 2011 онд,  уг байгууллагын барилга, зам тээврийн техникийн хороонд ажиглагч гишүүнээр 2014 онд тус тус элсчээ.  Европын холбооны “Монгол Улсад стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх”  төсөл  нь 2014 оноос үйл ажиллагаагаа эхлээд 2017 он хүртэл хэрэгжих юм.

Стандарттай өдрийг Европын Холбооны стандартчиллын байгууллага 2002 оноос эхлэн зохион байгуулж байгаа ба Европын стандартчиллын тогтолцоо, Европын Холбооны стандартчиллын байгууллагын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг таниулах, үүнд олон нийтийн оролцоо хэр чухал болохыг харуулах зорилго агуулдаг байна. Стандарттай өдөрт  стандартчиллын тогтолцоог сонирхож буй бүх талууд буюу үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, үндэсний стандартчиллын байгууллагууд болон  нийгмийн бусад салбарынхан оролцдог аж. Уг арга хэмжээнд оролцсоноор,  Европын Холбооны экспертийн лекцийг сонсох; Евро стандартын үүрэг болон давуу талыг ойлгох; Евро стандарт боловсруулах үе шаттай танилцах; Стандартыг хэрэглэснээр бизнест хэрхэн эерэг нөлөө үзүүлдэг болохыг мэдэж авах; Стандартчиллын одоо болон цаашдын чиг хандлагатай танилцах; Евро стандартын олон улсын хэрэглээ, хууль ба стандарт хоорондын хамаарал юу болох; Европын Холбооны стандартын талаар сонирхсон асуултынхаа хариуг авах; Стандартчилалд сонирхолтой бусад оролцогчидтой танилцаж, харилцаагаа өргөжүүлэх гээд олон давуу талыг олж авдаг байна.


Н.Ариун 

  • Зочин (202.179.10.70)
    Стандарт амьдралын баталгаа гэж боддог семинар сайхан болжээ хөдөө орон нутагт болох хугацааг хэлж зарлаж байвал бид оролцох мэдээ мэдээлэл солилох байлаа Өвөрхангай СХЗХэлтэс
    2015 оны 04 сарын 24 | Хариулах