Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ямар ажлын байрыг эрсдэлтэй гэж үзэхийг Засгийн газар тогтооно




Ярилцсан Н.Ариунтуяа  / The Mongolian Mining Journal.  2015.4 № 077/

УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой ярилцлаа. 


Та саяхан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл нь юу байв?
Монгол Улс 2008 онд ХАБЭА-н бие даасан хуультай болсон юм. Үүнээс өмнө Хөдөлмөрийн тухай хуулиар энэ чиглэлийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг байсан.  Бие даасан хуультай болсноор ХАБЭА-н чиглэлээр бодлого, удирдлагын тогтолцоо бий болж, үйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр төлөвшиж, нааштай ахиц өөрчлөлт гарсан гэж үздэг.

Гэвч өнөөгийн түвшингээс аваад үзэхэд хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, ХАБЭА-н шаардлага, хэм хэмжээг олон улсын түвшинд ойртуулж, олон талын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н ажилтны гүйцэтгэх чиг үүргийг хуульчлах, ажил олгогч, ажилтны хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлагууд гарсаар байгаа юм.

Ялангуяа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний гаралт дорвитой буурахгүй байна. 2014 оны жилийн эцсийн байдлаар уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн ослын улмаас 10 хүн амь насаа алдаж, 70 гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алдсан эмгэнэлтэй тоо бий. Ганцхан салбараар жишээ татахад энэ шүү дээ.

Нөгөө талаасаа ХАБЭА-н хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох нь УИХ-аас баталсан Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөнд туссан зорилтын нэг. Мөн УИХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолоор ХАБЭА-н хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд олгох нөхөн төлбөр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг анхаарч арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Энэ шаардлага ч хуульд өөрчлөлт оруулах нэг үндэслэл болсон.

Тиймээс ХАБЭА-н хуульд өөрчлөлт оруулах асуудлыг манай яам Засгийн газарт оруулж, хуулийн төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барьсан. Хаврын чуулганаар энэ төслийг хэлэлцчих болов уу гэсэн хүлээлт байна.

Хуульд оруулж буй зарчмын гол өөрчлөлтүүд нь юу вэ?
Хуульд хэд хэдэн чиглэлээр өөрчлөлт орж байгаа.
Юуны өмнө ажил олгогчийн хариуцлагыг чангатгасан. Одоо­гийн мөрдөж буй хуулиар үйлдвэрлэлийн осол эхний удаад гаргасан ажил олгогчид 300.000-500.000   төгрөгийн торгууль оноодог. Харин хоёр дахь удаагаа бол 1.000.000-2.000.000 төгрөгийн төлбөр тавьдаг нь хариуцлагын тогтолцоо болж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, 300-500 мянган  төгрөг өнөөдөр зарим нэг хүний үдийн хоолны мөнгө болчихоод байхад ийм хэмжээний торгуулиар хариуцлага тооцох нь учир дутагдалтай болчихоод байна шүү дээ. Тиймээс ажил олгогчдод хүлээлгэх хариуцлагыг чангатгах, улмаар үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд ажил олгогчдод хүлээлгэх хариуцлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан мөнгөн дүнгээр оногдуулдаг байх нь зөв гэж үзсэн.

Ажил олгогчоос гадна ХАБЭА-н дүрэм журмаа баримтлаагүй ажилтан ч мөн хариуцлага хүлээх ёстой биз?
Мэдээж хэрэг зөвхөн ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар байдал сайжрахгүй. Тиймээс ажилтан осол, өвчлөлөөс өөрийгөө төдийгүй бусдыгаа урьдчилан сэргийлэхэд хүлээх үүрэг, хариуцлагыг чангатгах хэрэгтэй байгаа юм. Ажилтнууд хайхрамжгүй, хэнэггүй хандлагаасаа болж үйлдвэрлэлийн осолд өртөх, мэргэжлээс шалтгаалах өвчин тусах, улмаар амь нас, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол гарсаар байна. Ажилтан хүн хариуцлагатай байж чадах юм бол өөрийгөө болоод бусдыг осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүний тулд юуны өмнө ажиллагсад хөдөлмөрийн сахилга бат, хөдөлмөр хамгааллын зааварчилгааг хатуу дагаж мөрддөг, үйлдвэрлэлийн процесс, технологийн горимыг чанд биелүүлдэг байхыг хуулиар үүрэгжүүлж байгаа. Ингэснээр ажилчин хүн өөрийгөө болоод бусдыг хамгаалах боломж бүрдэх юм.

Ажилчин хүн ажлын байран дээрээ осолд өртөхөөс гадна баригдаж байгаа барилгын ойролцоо явж байсан хүн дээр юм унаж, амь эрсэдсэн тохиолдол нэг биш удаа гарлаа. Үүнийг хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан бэ?
Амьдрал баян учраас янз бүрийн асуудлууд шинээр урган гарч байна. Хуульд өөрчлөлт оруулж буй бас нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд барилгын салбарт гарч буй ослуудтай холбоотой. Яг ажлын байран дээр үйлдвэрлэлийн осолд орсон бол одоогийн хуулиар ажил олгогч хариуцлага хүлээдэг. Гэтэл барьж байгаа барилгын хажуугаар явж байхад нь, зам дээр гэрэл дохио хүлээгээд зогсож байсан машиных нь дээрээс юм унаад хүний аминд хүрсэн тохиолдол нэг биш гарсан. Үйлдвэрлэлийн талбай, гаднах орчинд гарсан ослын улмаас амь нас, хөдөлмөрийн чадвараа алдвал одоогийн хуулиар ажил олгогч хариуцлага хүлээхээргүй байгаа юм. Тиймээс хуулийн өөрчлөлтөд гадна орчин, үйлдвэрлэлийн талбайд осол гарвал ажил олгогч хариуцлага хүлээдэг байхаар хүрээг нь өргөжүүлсэн. Барилгын салбар гэхэд ерөнхий захиалагч, гүйцэтгэгч нь ерөнхий болон туслан гүйцэтгэгч гэх байдлаар янз бүрийн субъекттэй. Эдгээрээс хэн нь аль шатандаа ХАБЭА-н чиглэлээр хариуцлага хүлээхийг оновчтой, тодорхой болгож өгөх шаардлагын дагуу гэрээгээр энэ асуудлыг маш нарийн зохицуулдаг байхаар хуульчилж өгсөн.

Хуулийн төсөлд эрсдэлтэй ажлын байр гэсэн нэр томьёо орж байгаа гэсэн. Ийм ажлын байр дээр ажил олгогч ямар үүрэг хүлээх вэ?
Эрсдэл ихтэй ажлын байранд ажиллах хүмүүсийг амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал хамруулахыг ажил олгогчид үүрэг болгон ХАБЭА-н тухай хуулийн төсөлд оруулж байгаа юм. Ингэснээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу нөхөн төлбөр авахын зэрэгцээ арилжааны даатгалаас нэмэлт даатгалын хэлбэрээр нөхөн төлбөр авах боломж нээгдэнэ. Энэ нь ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах нэг нөхцөл болно гэж харж байгаа.

Эрсдэлтэй ажлын байрыг яаж тодорхойлох вэ?
Өмнө нь манайд эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлж байгаагүй. Одоо мөрдөгдөж буй хуулиар эрсдэлтэй салбарыг Засгийн газар тодорхойлдог. Ингэхдээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд төлөх шимтгэл нь ялгавартайгаар тогтоогддог байсан юм. Хуульд өөрчлөлт оруулснаар эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг ажил олгогч нь амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулдаг, шимтгэлийг нь ажил олгогч төлдөг байхаар тусгасан. Гадны улс орнуудад урлагийн зарим одод зөвхөн нэг эрхтэнээ асар өндөр үнээр даатгуулдаг биз дээ. Гэтэл бид Монголдоо алтан гартай ажилтнуудынхаа амь нас, эрүүл мэндийг даатгуулдаг байх нь зайлшгүй хүлээх үүрэг байж яагаад болохгүй гэж.

Эрсдэл ихтэй ажлын байрыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор хуулийн төсөлд оруулсан. Тиймээс ямар ажлын байрыг эрсдэлтэй гэж үзэхийг Засгийн газар тогтооно гэсэн үг. Ер нь эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох нь ажил олгогчийн үндсэн үүрэг. Энэ үүргээ ажил олгогч биелүүлдэг, ажилтнууд нь хуулиар хүлээсэн үүрэг, хөдөлмөрийн сахилга бат, үйлдвэрлэлийн процесс, технологийн горим, хөдөлмөр хамгааллаар хүлээсэн үүргээ хатуу чанд сахьдаг байхад л эрдэнэт хүний амь эрсдэх, хөдөлмөрийн чадвараа алдах эмгэнэлт явдлууд гарахгүй.

Монгол хүний амь нас үнэгүй байна гэсэн шүүмжлэл их гардаг өнөө цагт арилжааны даатгалаас нэмэлт даатгалын хэлбэрээр нөхөн төлбөр авах боломж нээгдэж буй нь сайн хэрэг. Гэхдээ нэмэлт даатгалыг даатгалын системтэй яаж уялдуулах юм бол?
Үйлдвэрлэлийн ослын улмаас амь нас, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд олгох нөхөн төлбөр, тэтгэмжийн хэмжээг зайлшгүй нэмэх шаардлага бий. Хөдөлмөрийн тухай хуулиар амь насаа алдсан бол 36 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний нөхөн төлбөрийг нэгээс доошгүй удаа өгнө гэдэг. Гэтэл нэгээс дээш өгөх үү гэдэг эргэлзээтэй. Үүнийг байгууллагууд дотоод журмаараа зохицуулна гэдэг ч нэгээс дээш удаа олгодоггүй,  чирэгдэлтэй тал бий. Тиймээс шинээр нэмэлт даатгал бий болгож, эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг ажил олгогч нь заавал даатгуулж, шимтгэлийг нь төлдөг байя гэсэн юм. Арилжааны даатгалд даатгуулахдаа шимтгэлийг ямар хэмжээгээр төлөхийг мөн хуульчилна. Хэмжээ заахгүй орхичихвол бас учир дутагдалтай. Одоогийн хуулиар арилжааны даатгалд нэг сая төгрөгөөр ажилтныхаа амь нас, эрүүл мэндийг даатгуулах эрх байгаа юм билээ.

Өнөөгийн нөхцөлд нэг сая гэдэг хэдий хэр мөнгө билээ дээ. Тиймээс ажил олгогч ажилтнаа даатгалд хамруулахдаа 36 сарын цалинтай нь дүйцэхүйц хэмжээний орлогоос шимтгэл төлөхөөр оруулсан. Өөрөөр хэлбэл, эрсдэл ихтэй ажлын байранд ажиллаж байгаа хүн амь насаа алдвал ар гэрийнхэн нь доод тал нь 36 сарын цалинтай тэнцэхүйц хэмжээний нөхөн төлбөрийг арилжааны даатгалаас авахыг баталгаажуулж өгч байгаа юм. 36 сарын цалинтай нь дүйцэхүйц хэмжээний орлогоос ажил олгогч шимтгэл төлнө гэдэг нь сард нэг ажилтныхаа даатгалд 40 мянган төгрөгийн шимтгэл төлнө гэсэн үг. Энэ нь ажил олгогчийг хариуцлагажуулж, эрүүл, аюулгүй ажлын байр бий болгоход шахаж буй хэрэг. Нөгөө талдаа ажилтны амь нас, нийгмийн баталгааг   хангах хоёр талтай арга хэмжээ гэж  үзэж байгаа.

2014 оны байдлаар Монгол Улсад нийтдээ хэчнээн үйлдвэрлэлийн осол, зөрчил бүртгэгдсэн бэ? Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үү, буурсан уу? Хүний амь нас эрсэдсэн тохиолдлын статистик мэдээллээс ямар дүгнэлт хийж болох вэ?
Нийт дүнгээрээ үйлдвэрлэлийн осол, зөрчил бага зэрэг  буурсан. 2014 онд улсын хэмжээгээр 333 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн нь өмнөх гурван жилийн дундажтай харьцуулахад буурсан үзүүлэлт. Харамсалтай нь амь насаа алдсан тохиолдол нэмэгдсэн. 2014 онд улсын хэмжээгээр 56 хүн үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан нь өмнөх онтой харьцуулбал таваар өссөн байгаа. Мөн хөдөлмөрийн чадвараа түр алдсан хүний тоо 2014 онд 2013 оныхоос хоёр дахин өссөн. Амь нас, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол буурахгүй байгаа учраас хуульд өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, гаргахгүй байх, ослын улмаас эрдэнэт хүний алтан амь үрэгдэхгүй байхын төлөө анхаарч ажил олгогчийн ч, төр засгийн ч, ажилтны ч хүлээх хариуцлагыг хаа хаанаа чангатгах хэрэгтэй байгаа юм.                     

Монголд үйлдвэрлэлийн осол хамгийн их гардаг ямар салбарууд байна вэ?
ХАБЭА-н зөрчил хамгийн их гардаг нь барилга, уул уурхайн салбар. 2014 онд үйлдвэрлэлийн ослын улмаас барилгын салбарт 24, уул уурхайн салбарт 10 хүн амь насаа алдсан. Хоёрхон салбарт 34 хүн амь насаа алдана гэдэг дөнгөж саяхан гурван саяулаа болсон монголчуудын хувьд маш харамсалтай тоо.

Хууль дүрэм, стандартаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлын соёл гэж хувь хүнээс шалтгаалах том ойлголт төлөвших ёстой юм шиг санагддаг. Энэ соёлыг хаанаас эхэлж, хэрхэн төлөвшүүлэх ёстой вэ?
ХАБЭА-н чиглэлээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд олон талын оролцоо шаардлагатай. Ажил олгогчийн үүрэг хариуцлагыг чангатгах, ажилтны эрх үүргийг нэмэгдүүлэхээс гадна ХАБЭА-н чиглэлээр ажилладаг үндэсний мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох шаардлага байна. Их, дээд сургуульд энэ чиглэлийн үндэсний мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо байхгүй. Тиймээс мэргэжилтэн бэлтгэх ажилд чанарын өөрчлөлт гаргамаар байна.

Хоёрт, ХАБЭА-н чиглэлийн хчиээлийг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулмаар байгаа юм. Боловсролын яамтай энэ талаар ярьж байгаа зүйл бий. Энэ мэтээр олон талын оролцоо маш их хэрэгтэй.
Хувь хүний өөрийнх нь оролцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн сахилга батыг чанд сахихыг маш нарийн зааж хуульчилж өгөх шаардлага байгаа. Одоо бол ний нуугүй хэлэхэд, Хөдөлмөрийн тухай хууль ч тэр, ХАБЭА-н хууль ч тэр ажил олгогчийг л үүрэгжүүлээд байдаг. Ажилтан зөвхөн эрхээр хангагдах тухай л яригддаг. Энэ ойлголтыг өөрчилмөөр байгаа юм.

Яаж өөрчлөх ёстой вэ?
Бид одоо Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Ажил олгогч үүргээ биелүүлэхээс гадна нөгөө талдаа бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй, тогтвортой явуулах эрхээр хангагдах асуудлыг их сайн тодорхойлж өгөх хэрэгтэй   юм. Зөвхөн ажилтны эрхийг баталгаажуулсан хууль байж болохгүй. Үүрэгжүүлсэн зүйл Хөдөлмөрийн хуульд ч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд ч байх ёстой. Ажил олгогч, ажилтан аль аль нь эрхтэй, үүрэгтэй. Ажилтны эрх, үүргийг тэнцвэржүүлэх талаар нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байх. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд ч ажилтныг тодорхой хэмжээгээр үүрэгжүүлсэн заалт зайлшгүй байх ёстой.  

ХАБЭА-н соёл бол тухайн компанийн нийгмийн хариуцлага, нэр хүндийн хэмжүүр болдог. Энэ соёлыг хэвшүүлж, осол зөрчилгүй ажилладаг сайн туршлагатай аж ахуйн нэгж, компанийг урамшуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх механизм байдаг уу?

Аж ахуйн нэгж, байгууллагуудын үндсэн үүрэг нь эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох гэж би дээр хэлсэн. Тэр утгаараа Хөдөлмөрийн сайд тушаал гарган, болзол зарлаж, эрүүл аюулгүй ажлын байр бий болгосон ажил олгогчдыг шалгаруулдаг, дэмждэг, урамшуулдаг уламжлал бий. Энэ онд ч гэсэн эрүүл, аюулгүй ажлын байр бий болгосон ажил олгогчдыг шалгаруулж, олон түмэнд зарласан, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж, урамшуулсан. Жил бүрийн дөрөвдүгээр сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Энэ нь нэг талаасаа ХАБЭХ-н хууль тогтоомжийг олон түмэнд сурталчлах, нөгөө талаасаа эрүүл, аюулгүй ажлын байр бий болгож байгаа ажил олгогчдыг олон түмэнд таниулан өргөмжлөх үйл ажиллагаа юм.

ХАБЭА-н хуулийн төсөлд осол гаргаагүй ажил олгогчдыг дэмжих, урамшуулахтай холбоотой заалтуудыг тусгасан. Ялангуяа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэл төлдөг хувь хэмжээнд нь жаахан ялгавартай байдлаар хандаж болно. Осол огт гаргаагүй аж ахуйн нэгж байгууллагууд шимтгэл бага төлдөг, осол их гаргасан эрсдэлтэй нь илүү өндөр шимтгэл төлдөг байхаар зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсан.

OHSAS 18001 олон улсын сайн дурын стандартыг Монголд нутагшуулсан. Энэ стандартыг нэвтрүүлэх ажилд ямар ахиц гарч байгаа бол? Ер нь стандарт нэвтрүүлэхэд ямар бэрхшээл гардаг вэ?
Олон улсын стандартыг нутагшуулах нь зөв. Одоогийн мөрдөж буй хуулийн нэг дутагдалтай тал нь стандартыг хэн боловсруулж, хэн батлах нь их бүрхэг. Бид, стандартыг төрийн захиргааны төв байгууллагууд нь боловсруулдаг, стандарт хэмжилзүйн байгууллага нь баталгаажуулдаг байхаар хууль тогтоомжид өөрчлөлт оруулан, чанарын ахиц гаргахаар ажиллаж байна.

Ярилцсанд баярлалаа.

  • ХАБ (183.177.101.178)
    Чинзориг сайд юм мэдэхгүй л хүн байна даа их бөөрөнхий нөхөр юм Даатгалын компаниудыг босгох талаар хуулийн өөрчлөлт гарах бололтой Сар бүр 40000 төгрөг төлнө гэж юу гэсэн үг вэ
    2015 оны 05 сарын 08 | Хариулах