Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монгол улс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авна

Монгол улсын Хууль зүйн яам “Хан ресурс” компанид 100 сая ам.долларын нөхөн төлбөрийг төлөх тухай арбитрын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ өчигдөр албан ёсоор мэдээллээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд арбитрийн шүүхийн шийдвэр гарч, энэ дагуу “Хан ресурс”-ын 2009 онд цуцлуулсан “Дорнод” ураны төслийнх нь нөхөн төлбөрт Монголын улсын Засгийн газар тус компанид нийт 100 сая ам.долларыг шилжүүлэхээр тогтсон юм. Шийдвэр гарснаас хойш Монголын талын төлбөрийн хэмжээ өдөрт 6500 орчим доллараар өсч буйг тус компани тэмдэглэж буй юм. “Хан ресурс” арбитрт хандсанаас хойш дөрвөн жилийн дараа шийдвэр гарч анх нэхэмжилж байсан 326 сая доллар бус, харин 100 сая долларыг төлүүлэхээр тогтсон билээ. Үүнд тус компанийн цуцлуулсан төсөлд оруулсан нийт хөрөнгө оруулалт, шүүхэд зарцуулсан мөнгө болон бусад зардлыг багтаасан байна. Тус компанийн төлөөлөл болон Монголын Засгийн газрын хооронд энэ сарын 21, 22-нд хоёр дахь шатны яриа хэлэлцээр хийсэн боловч хоёр тал зөвшилцөлд хүрч чадалгүй “Хан ресурс” компанийн санаачлагаар хэлэлцээрийг цуцалсныг Хууль зүйн яам онцолжээ.

“Хан ресурс” арбитрийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэхээр тусгай компани хөлслөн ажиллуулж буй бол Монголын Засгийн газар харин уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар ажиллана гэдгээ албан ёсоор зарлаад байна. 


Б.Төгс