Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ц.Ганбат: Барилгын салбарт аюулгүй ажиллагаа “шалан дээр” байна




Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хамгийн чухлаар яригдаж буй өнөө үед энэ чиглэлд бодитой ахиц дэвшил гарч гэмээнэ энэ салбарын жинхэнэ хөгжлийн талаар ярих боломжтой гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх билээ. Уг асуудлаар Барилга, хот байгуулалтын яамны Барилгын чанар, аюулгүй ажиллагааны газрын дарга Ц.Ганбаттай ярилцлаа.  


Өнөөдөр барилгын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал ямар түвшинд байна вэ? Энэ чиглэлд ямар нэг ахиц гарч байна уу?  
Ер нь барилгагүйгээр улс орны хөгжил, хүмүүсийн амьдралыг төсөөлөхөд бэрх юм. Барилгын салбар бол хүний оюун ухаан, хүч хөдөлмөр, техник, технологийн хөгжил дэвшлийг өөртөө шингээсэн асар том бүтээн байгуулалтын салбар төдийгүй улс орны хөгжлийн нүүр царай, харагдах өнгийг тодорхойлж байдаг. Өнөөдрийн байдлаар барилгын үйл ажиллагаа эрхлэхээр 4000 гаруй аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөл авсан байна. Барилгыг эхлээд цаасан дээр бариад дараа нь газар дээр буулгадаг.

Тэгвэл барилгын салбарын аюулгүй ажиллагаа барилгыг газар дээр буулгаж барих шатанд ихээр алдагдаж байна. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлын тухайд маш доогуур түвшинд байна гэж хэлнэ. Учир нь энэ салбарт гарсан осол, аваарын тоо буурахгүй байна. Тэр дундаа эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал нийт гарсан ослын 70-80 хувийг эзэлж байна. Иймд хүний эрүүл мэнд, амь насны төлөөстэйгээр барилга барьдаг явдалтай хатуу тэмцэхээс өөр аргагүй.

Ахиц дэвшил гарч байна уу гэж та асуулаа. Ний нуугүй хэлэхэд, нийт салбарын дүнгээр нь авч яривал тодорхой ахиц дэвшил гарсан зүйл одоогоор харагдахгүй байна. Гарч байгаа ослын шалтгаан нөхцөлд хийсэн судалгаа, дүн шинжилгээнээс үзэхэд осол гарахад нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл байгаа ч эцсийн дүндээ ослоос урьдчилан сэргийлэх гол ажил хийгдэхгүй байгаатай холбоотой гэсэн дүгнэлтэд бид хүрсэн. Тийм учраас салбарын яамны зүгээс энэ чиглэлд гол бодлогоо хандуулж, аж ахуйн нэгж, ТББ-тайгаа хамтран ажиллаж байна. Гэхдээ бас эрт ургасан хаврын яргуй шиг аюулгүй ажиллагаандаа их анхаарал тавьж, сайн ажиллаж байгаа компаниуд байгаа гэдгийг тодруулж хэлье.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр осол гарсан тохиолдолд ерөнхий болон туслан гүйцэтгэгч бус, мөн ерөнхий захиалагч хариуцлага хүлээдэг болохоор төлөвлөж буй. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чанарыг дээшлүүлэх суурь нөхцөл болох уу?
Барилгын үйл ажиллагаанд захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч гэсэн оролцогч талууд байдаг. Эдгээр оролцогч талын эрх үүргийг одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудаар бүрэн журамлагдаагүй, маш учир дутагдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдгээр оролцогч талын хариуцлага хүлээх механизм  бүрэн журамлагдаагүй гэсэн үг. Тийм учраас гарсан ослын шалтгаан нөхцөл, осол гарахад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалсны үндсэн дээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Ер нь барилгын салбарын чанар, аюулгүй ажиллагаа нь барилгыг барих техник-зохион байгуулалт, норм дүрэм, стандартын мөрдөлтийн үр дүнгээс эцсийн дүндээ маш их хамааралтай зүйл. Үүнийг умартвал барилга барина гэсэн ойлголт бараг байхгүй гэж ойлгох ёстой. Барилгад чанар, аюулгүй ажиллагааг хангуулагч нь хамгийн нэгдүгээрт захиалагч. Яагаад гэвэл барилга барих талбайн эзэн нь захиалагч, төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч, хөрөнгө оруулалтын эцсийн үр дүнг хүртэгч нь захиалагч, төслөө хэрэгжүүлэх арга замаа тодорхойлогч нь захиалагч, барилгын гүйцэтгэлд хяналт тавигч нь захиалагч байдаг учраас тэд өөрсдийн тоглоомын дүрмээ хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж гүйцэтгэгчийг шахаж ажиллах гол үүрэгтэй. Тийм учраас захиалагчийн үүрэг, хүлээх хариуцлага нэмэгдсэн. Энэ утгаараа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны түвшин дээшлэх болно.

Мөн манай яам Хөдөлмөрийн яамтай хамтраад “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах нийтлэг журам”-ын төслийг боловсруулаад дууссан. Удахгүй батлагдаж, мөрдөгдөж эхлэх болно. Журмын гол зорилго нь аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгоход чиглэгдсэн.

Барилгын салбарынхан бүтээн байгуулснаа харж бахархах сайхан ажилтай улс. Гэвч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл хамгийн өндөртэй салбарт багтсаар байна. Осол аваараас урьдчилан сэргийлэхээс гадна, эрүүл таатай ажиллах орчин нөхцөл бүрдүүлэх нь чухал. Үүнийг сайтар анхаарч Монголдоо үлгэр жишээ ажиллаж буй компаниудын жишээг нэрлэнэ үү?
Барилга бол хүний оюун ухааны бүтээл учраас урлагийн бүтээл гэж би бахархдаг. Таны хэлснээр барилгачин хүн оюун ухаан, гар бие оролцсон барилгаараа байнга бахархаж явдаг. Барилга  бол тэр хүмүүсийн нэрийн хуудас болоод зогсохгүй нийгмийн түүхийн гэрч болдог утгаараа онцлогтой. Манай барилгачид “бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн” гэж хэлэх дуртай. Би ч гэсэн үүнд итгэдэг. Ер нь барилга  Үндсэн хуульд заасан хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангагч байдаг гэдэг утгаараа барилгад оролцогчдоос өндөр хариуцлагатай байхыг шаардддаг. Энэ хариуцлагаа ухамсарлаж үлгэр жишээ ажиллаж байгаа аж ахуйн нэгж гэвэл “Оюутолгой “ ХХК, “ЭМ Си Эс” ХХК-иудыг нэрлэж болно.    

Барилгын салбарт гадаад, дотоодын хүмүүс ажиллаж буй. Зарим нь огт мэргэшээгүй байдаг гэдэг. Мэргэшээгүй хүмүүс ажиллаж буй цагт ХАБ-ын тухай ярих боломжгүй юм шиг?
Барилга барина гэдэг сайн мэргэжилтэй, дадлага туршлагатай ажилчин, сайн технологи, арга ажиллагаа,  дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг нарийн зохион байгуулалт, тогтсон дэг журмын нэгдлээр хангаж ажиллах үйл явц байгаа юм. Үүнийг яс махандаа тултал ойлгоогүй, ойлгохыг хүсдэггүй, ойлгосон ч тэгж ажилладаггүй байдал газар авснаас барилгын чанар, аюулгүй ажиллагаанд доголдол гарч байна. Мэргэшээгүй хүмүүс ажиллаж байна гэдгийг би арай өөрөөр, хариуцлага талаас нь авч үздэг.
Хэрвээ та барилгыг чанартай барья, аюулгүй ажиллагааг хангаж ажиллая гэж чин сэтгэлээсээ хүссэн бол, та манай барилга дээр ажиллаж болох хүн байна гээд тэр хүнийг барилгын талбай руу алхаж орох зөвшөөрөл олгосон бол мэргэшүүлэх, дадлагажуулах, аюулгүй ажиллагаанд сургах нь ажил олгогчийн үүрэг. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй бол та хариуцлага хүлээнэ гэдгээ өглөө болгон санаж сэрж байх хэрэгтэй. Аюулгүй ажиллагааны гол зарчим бол мэдээллийг хүнд олон дахин давтан ойлгуулж, зан үйл болгоход чиглэгддэг зүйл. Энэ утгаараа аюулгүй ажиллагаанд байнга, тогтмол, хором бүрт гэдэг зарчим үйлчилдэг.

Барилгын тусгай зөвшөө­рөлтэй компаниудын дотор ХАБ-ыг онц сайн эсвэл муу биелүүлдэг гэсэн статистик яамны зүгээс гаргадаг уу?
Яамны зүгээс тийм нарийн судалгаа хийсэн зүйл байхгүй. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ерөнхий байдлыг тандах зорилгоор энэ оны хоёрдугаар сард 8 асуулттай судалгааг аж ахуйн нэгжүүдэд явуулж судалгаа авахад 80 гаруй аж ахуйн нэгжээс дөнгөж 9 нь аюулгүй ажиллагааны чиглэлээр хийсэн ажлынхаа тайлан мэдээг ирүүлсэн. Ирүүлсэн тайлан мэдээнээс харахад шаардлага хангасан, овоо ажил хийдэг юм байна гээд хэлчих байгууллага, аж ахуйн нэгж байгаагүй. Энэ байдлаас   манай барилгын салбарын аюулгүй ажиллагаа үнэхээр доод түвшинд, “шалан дээр” байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өнгөрсөн 2 сар гаруйн хугацаанд миний дүгнэлт өөрчлөгдөөгүй. Тийм учраас барилгын чанар, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулах хяналтын нэгдсэн тогтолцоог хамгийн доод түвшинд ч гэсэн бий болгохоор ажиллаж байна. Энэ бол өөрөө цаг хугацаа шаардсан ажил шүү дээ.  

Барилгын салбарт даатгалын тогтолцоо хэр хөгжсөн гэж бодож байна вэ? Цаашид энэ чиглэлд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

Барилгын салбарт даатгалын тогтолцоо сайн нэвтрээгүй байна. Даатгалын тогтолцоог яаж бий болгох, эрсдэл нь ямар хэмжээтэй байх вэ гэдэгт даатгалын байгууллагууд судалгаа хийж байна. Хэрвээ барилгын салбарт даатгал бий боллоо гэхэд давхар даатгалын системтэй байх болов уу. Одоогоор ажилчдын амь насны даатгалаас хэтрэхгүй байна. Барилгын салбарт даатгалын систем үйлчлэх зайлшгүй шаардлагатай юу гэвэл шаардлагатай.