Хятадын коксжих нүүрсний дотоодын олборлолт энэ жил 539 орчим сая тоннд хүрч, өмнөх жилийнхээсээ 7.5%-иар өсөх төлөвтэй байгааг “China Coal Resource” нүүрсний мэдээллийн байгууллага таамаглажээ. Тус байгууллагын үзэж буйгаар энэ онд Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх жилийнхээс 15%-иар буурч 52.4 сая тоннд хүрч болзошгүй тухай мөн мэдээлжээ. Тодруулбал Хятадын дотоодын нүүрсний уурхай илүү үр ашигтай ажиллаж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн сацуу гангийн үйлдвэрүүдийн технологи шинэчлэгдсэнээр коксжих нүүрсний импорт буурна гэж үзэж байна.
Энэ долоо хоногийн эхээр Австралийн эрэг дээр нэг тонн коксжих нүүрсний FOB нөхцөлтэй үнэ 84.5 ам.доллар байжээ. Энэ нь сүүлийн арван нэгэн жилийн хугацаан дахь хамгийн доод үнэ болохыг JP Morgan мэдээллээ.
Хятадын гаалийн ерөнхий газрын
мэдээлж буйгаар энэ оны эхний улиралд тус улсын төмрийн хүдрийн импорт 2.4%-иар
өсч 227 сая тоннд хүрсэн бол коксжих нүүрснийх бараг 16%-иар буурч 10.92 сая
тонн болжээ. Зарим шинжээч Хятадын ган үйлдвэрлэлийн хоёр гол түүхий эдийн зах
зээл улам бүр уялдаа холбоогүйгээр өрнөж буйг тэмдэглэж байна. Австралийн Хятад
руу экспортолсон коксжих нүүрсний хэмжээ өнгөрсөн улиралд өмнөх оны мөн
үеийнхтэй харьцуулахад 18.2%-иар буурч 5.34 сая тонн хүрчээ. Монголын нүүрсний
экспортын хэмжээ эхний улиралд 3.2 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн
оныхоос 500 орчим мянган тонноор буурсан дүн юм. Үнийн хувьд Хятад руу
экспортолсон Монгол нүүрсний тонн тутмын үнэ өнгөрсөн гуравдугаар сард дунджаар 46.67 ам.доллар
байсан бол Австралийнх 107.57 ам.доллар байжээ.
Б.Төгс